Эрхэм сонгогчид оо, Хан-Уулчууд аа, манай Яармагийнхаан!
2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөж байна. Та бүхэнтэй Сонгуулийн хуулиар олгосон хугацаа, хэм хэмжээнд аль болохоор ойрхон, дотно байж хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлаа таниулахыг чармайлаа. Та бүхэн, Яармагчууд маань намайг халуун дотноор хүлээн авч дэмжиж буйд гүн талархаж байна. Би сонгуулийн сурталчилгааны 17 хоногт тойргийнхоо бүх хороо, хэсэг, гудамж, байруудад 90 гаруй уулзалтад оролцож, 15.000 гаруй иргэн сонгогчидтойгоо Монгол Улс, Улаанбаатар, Яармагийн хөгжлийн асуудлыг 220 цаг, 792.000 үгэнд багтаан хэлэлцэж олсон амжилт, ирээдүйн хөгжлийн маш олон суурь санаа, хөтөлбөрийг дүгнэж базаж чадлаа.
Би Монгол газар шороо, улс орон, ард олныхоо төлөө чин сэтгэлээсээ сэтгэж, бодож, зүтгэн улстөрчийн амаргүй, хатуу замыг хэлбэрэлтгүй сонгосон билээ. Яармагтаа дахин дахин ирж та бүгдээсээ итгэл өвөрлөн төрөө тулалцаж, улсаа хөгжүүлэн Яармагтаа, энэ тойрогтоо байнга санаа тавьж, гэр хорооллын хөгжлийн манлайлагч, сайн бүхний загвар, жишиг болгоход анхаарсаар ирсэн, цаашид ч анхаарах болно.
Манай нам Ардчиллын 26 жилийн түүхэнд 2 удаа засгийн эрхэнд гарч байлаа. Эхнийх нь 1996-2000 он. Энэ жилүүдэд ардчиллын залуу түүчээ болсон цэл залуухан улстөрчид хал туршлагагүй байсан ч эх орон, ард түмнээ гэсэн чин зүтгэл, халуун итгэлд суурилан Монгол улсынхаа хөгжил, ард иргэдийнхээ амьдралыг шинэчлэх, өөрчлөх суурь алхмуудыг хийсэн билээ. Малчдад малыг нь, иргэдэд орон сууц, байрыг нь, газрыг өгөх нь ажлыг бид л хийсэн. Ардчиллын үнэт зүйлсийг нийгэмд цоо шинээр бий болгох тэмцлийн ялалтаа үргэлжлүүлж Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг хүндэлдэг улс орон болгоход шийдвэрлэх гавъяа байгуулсан жилүүд байлаа. Дараагийнх нь Ардчилсан нам 2012-2016 онуудад олон санал авч засгийн эрх барьсан энэ 4 жил юм. Энэ 4 жилд дэлхийн эдийн засаг уналтад орж, ашигт малтмалын гадаад зах зээл таагүй болж, нүүрс, алт, зэсээс орж ирэх орлого эрс хумигдсан ч бид шийдэмгий, бүтээлч ажиллаж Монгол улсынхаа эрчтэй хөгжил, цэцэглэлтийн үндэс суурь болсон дэд бүтэц, бүтээн байгуулалтын том ажлуудыг хийж амжууллаа. Улаанбаатар, Яармагт шинээр тавигдсан, Хөвсгөл нуурандаа өдөртөө давхиад очих автозамууд үүний нэгээхэн хэсэг юм. Таван толгой, Оюу толгойн ордуудыг эх орон, ард түмэндээ ашигтай байх хувилбарт байнга анхаарч ирсэн төдийгүй монгол оюун ухаанаа шүтэж, таван толгой малдаа ач холбогдол өгч олон суурьтай, бат бэх тулгууртай эдийн засгийг хөгжүүлэхэд чамгүй амжилтыг оллоо. Иргэд, айл өрхийн тохитой, хангалуун амьдралын баталгаа болсон газар өмчлөх, орон сууцтай болох ажлуудыг цэгцтэй, төрийн бодлогын анхаарлын төвд тавьж ирлээ. Өнөөдөр Яармаг дөрвөн жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдөн дэвшснийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Ирэх он жилүүдэд хэн ч хуучин Яармагийг танихгүй, олохгүй болно гэдэгт би итгэдэг. Гэхдээ үүнийг хийх амаргүй. Харин бид, манай нам чадна. Энэ бүгдийг ард түмнээ маш сайн мэддэг, тэдний төлөө тууштай явж ирсэн улстөрч, улстөрийн хүчин л хийж чадна.
Өнөөдөр Яармагт бодитой хөгжил хэрэгтэй байна. Энэ хөгжлийн эхлэл, үндэс суурийг бид дөрөвхөн жилд багтаан хийж чадлаа. Одоо энэ бүхнээ бодитой болгож айл бүхнийг сайн хашаатай, тохилог цэмцгэр, чинээлэг, ажилтай, албатай болгохыг зорьж мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ. Таван сайн хөтөлбөр, түүний дотор Сайн хашаа дэд хөтөлбөр бол Яармагийг хөгжилд авчрах чиг баримжаа, хөтлөгч од, таны сонголтын зүг чиг юм.
Надад та бүхний төлөө зүтгэх сэтгэл зориг, эрч хүч бий, намд маань та бүгдэд аз жаргал авчрах мөрийн хөтөлбөр бий. Зөв сонголт хийнэ, биднийг сонгосноороо алдахгүй гэдэгт би баталгаа болж хичээн зүтгэнэ. Төрийг төвшин ухаантай, холын хараатай, ойворгон нэгэнд үл хууртах мэргэн ард олон л бий болгож зөв авч явдаг. Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
УИХ-ын Сонгуулийн 57 дугаар тойрогт
Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болд
Сэтгэгдэл байхгүй байна