• Эхлэл
  • Юндэн, Нансалмаа хоёр тодорлоо

Юндэн, Нансалмаа хоёр тодорлоо

2016/07/01

Их зохиолч Д.Нацагдоржийн цомнолоор Б.Смирнов, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нар үндэсний анхны дуурийг туурвисан  нь өнөөг хүртэл тасралтгүй тоглосоор ирэх сарын 10-нд Төв талбайд 2419 дэх удаагаа үзэгчдэд хүрэх гэж буй.

Өнгөрсөн жилээс эхлэн задгай талбайд бүхэл бүтэн дуурь тоглох шийдвэр гаргаж, монголчууд Үндэсний их баяр наадмаараа “Учиртай гурван толгой” дууриа, 10 мянгуулаа үзэж цэнгэсэн.

Энэ жилийн гол дүрүүдэд тодруулах сонгон шалгаруулалт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр /2016.06.30/ 11 цагаас эхэлсэн бөгөөд Юндэнд УДБЭТ гоцлол дуучин СТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ, УДБЭТ гоцлол дуучин Ө.Уянга, Балганд УДБЭТ гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар шалгарчээ.

Монголын сонгодог ноён оргил болох "Учиртай гурван толгой" дуурийг үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ сарын 10-нд 10 мянган үзэгчдийн хүртээл болгох юм.

Ууган дуурийн сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин оролцсон бөгөөд дуурийн Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, Б.Шинэбаяр, Э.Бумхүү, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс нар өрсөлдөх бол Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, Л.Нарангэрэл, Б.Долгормаа, Б.Энхнаран нар оролцсон.

Харин уг дуурийн эсрэг дүр болох Хоролмаад С.Баттүшиг, Ө.Уянга, Ш.Наранчимэг өрсөлдөх бол Балганд Б.Алтанхуяг, С.Бат-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав, Э.Бумхүү гэсэн таван Балган өрсөлдсөн байна.

.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна