• Эхлэл
  • АСЕМ-ын албан ёсны мэдэгдлүүд

АСЕМ-ын албан ёсны мэдэгдлүүд

2016/07/16

Ази –

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж буй Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад  АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр улсын олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.

Улс орны төлөөлөгчид, тэргүүн нар АСЕМ-ын уулзалтад оролцохоос гадна Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд олон чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. 

Монгол, Сингапурын иргэд харилцан визгүй зорчих тохиролцоонд хүрлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Талууд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээнд яриа хэлэлцээ хийлээ.

Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.

БНХАУ-ын тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” баригдана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулж өгөх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгсөнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян танд болон танай Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж хэллээ.

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдлээ.

БНХАУ-ын тал 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд ахин баяр хүргэе гээд өөрийн оронд айлчлахыг урилаа. Энэ үеэр БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах чиглэлд манай улстай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

БНХАУ Монгол улсын төлөх 38 тэрбум төгрөгийн өрийг бүрмөсөн чөлөөллөө

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Түүний дотор Сангийн сайд Б.Болорын гарын үсэг зурсан баримт бичгийн онцолж байна. Тухайн баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол байв. Энэхүү протоколыг байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын 38 тэрбум төгрөгийн өрийг бүрмөсөн чөлөөлж буй юм. Манай улсын 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр болох нийт 38 тэрбум төгрөгийг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгууллаа. Ингэснээр Монгол Улсын гадаад өрөөс 38 тэрбум төгрөг хасагдлаа.

Вьетнам руу мах экспортолно

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фукийн айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт таатай нэгэн мэдээг дуулгав. Тэр нь Вьетнамын Ерөнхий сайд Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа  илэрхийлсэн явдал байлаа. Одоогоор манай улсын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компани энэ чиглэлээр ажиллахаар бэлдэж байна. Вьетнамчууд монгол ямааны мах авах их сонирхолтой байгаа аж.

 

Үүнээс гадна Монголын соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин