Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын уулзалтын үр дүнгийн талаар өнөөдөр 17.00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус уулзалтад нийт 4000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд эдгээр хүмүүс Монголд байх хугацаанд зочид буудал, унаа, хоол хүнсэнд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан гэдгийг удахгүй олон нийтэд зарлана гэдгийг сайд хэллээ.
-Өнгөрсөн оноос эхлэн 18 сарын хугацаанд бэлтгэл ажлыг нь хангасан АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын ард гарлаа. АСЕМ-ын зочид төлөөлөгчид тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэдгийг онцолж байгаа юм. Тухайлбал ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Европын комиссын Дэд Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар зэрэг зочид удаагийн АСЕМ-ын уулзалтыг их гүрнүүдийн G20, G7-ийн уулзалттай зүйрлэлээ гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн онцоллоо.
Мөн тэрээр АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад гар бие оролцсон төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үйлдвэр, компаниудад, үүрэн холбооны операторууд, хувийн хэвшлийнхэнд баярласнаа илэрхийллээ.
АСЕМ-ыг зохион байгуулсаны хамгийн чухал ач холбогдол бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өссөн нь улс төрийн хувьд маш өндөр ач холбогдолтой гэв.
Тус уулзалтыг зохион байгуулахад 2016 онд Засгийн газраас 21 тэрбум төгрөг хуваарилж байсан. Энэхүү төсвөөр бид АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Энэ хөрөнгөөр бид цагдаагийн ажилтнуудад тээврийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулах зэрэг бас зарцуулсан. Энэ хөрөнгө эргээд Монголдоо үлдэж байна гэж Л.Пүрэвсүрэн танилцуулав.
Түүнчлэн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсны таван айлчлал болсон юм. ОХУ-ын Дмитрий Медведев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын айлчлал ирээдүйд хоёр улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой байлаа гэж онцлон тэмдэглэлээ. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Туркийн нөхцөл байдал ямар байгаа вэ, тэнд байгаа Монголчуудийн талаар мэдээлэл өгөөч?
- Туркийн нөхцөл байдал бүрэн намжаагүй байх шиг байна. Өнөө өглөө Монголын цагаар 04:00 цагт мэдээлэл авсан. Туркэд байдаг манай иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд Истанбулд оршин суудаг. Анкарад 230 орчим иргэн бий. Истанбул, Анкара хотуудад аль алинд нь бараг л тулалдааны нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдал бүрэн намжаагүй байгаа ч цэргийн эргэлт амжилтгүй боллоо гэсэн мэдээлэл ирж байна.
Гэсэн хэдий ч одоо бол Туркийн агаарын хил хаалттай хэвээр байна. Бидний зүгээс Анкарад суугаа Элчин сайдын яам болон Истанбулд суугаа Ерөнхий консулын газраараа дамжуулан иргэддээ анхааруулгыг хүргэсээр байгаа.
- Монголд АСЕМ-ын төв байгуулах санал гарч байсан. Энэ талаар ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?
- АСЕМ-ын нэг онцлог байгаа. АСЕМ-ын хүрээнд ганцхан тогтмол ажиллагаатай төв байдаг нь Сингапурт байрладаг. АСЕМ өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэхэд Азийн зарим орнуудын зүгээс нарийн бичгийн дарга нарын газаргүй, албан ёсны биш байгааг шүүмжилж байсан. Үүний эсрэг байр суурь болохоор чөлөөтэй ярилцах индэр байхын тулд АСЕМ-д нарийн бичгийн дарга нарын газар хэрэггүй гэдэг. АСЕМ-ын амин сүнс нь чөлөөтэй ярилцах индэр, форум юм гэсэн байр суурь байдаг.
Бидний зүгээс олон шинэ санаачилгуудыг гаргасны нэг нь Монголд АСЕМ-ын төв байгуулах байсан. АСЕМ-ын төв нарийн бичгийн дарга нарын газар шиг албан ёсны биш байдлаар үйл ажиллагаа явуулж байх санал гаргасан юм. Гэтэл эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Зарим улсууд хардаж Монгол амбиц гаргаж, АСЕМ-ыг Монголд авах гэж байсан гэсэн маргаан АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр гараад, энэ асуудал түр хойшлоод байгаа.
.
Сэтгэгдэл байхгүй байна