• Эхлэл
  • Б.Батбаатар: “Жижигхэн” дарангуйлагчийг зогсоох эхний алхмыг хийж чадсан

Б.Батбаатар: “Жижигхэн” дарангуйлагчийг зогсоох эхний алхмыг хийж чадсан

2016/07/19

Батын Батбаатар. Нэгэн цагт УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга байсан энэ “нөхөр” нэг л өдөр намаасаа гарч ИЗЗН-аас УИХ-д нэр дэвшсэн. Гэхдээ бүр экс намын дарга З.Энхболдынхоо нэр дэвшсэн дүүрэгт. Түүнийг намаас нь гарахаас өөр аргагүй “шахсан” З.Энхболдоос даагаа нэхэх гэж энэ тойрогт албаар нэр дэвшсэн гэж таамаглахад нэг их хэцүү биш. Гэхдээ тэр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулаагүй, экс намын дарга нь ч мөн адил. Магадгүй Батын Батбаатар З.Энхболдын эсрэг босоогүй бол дундаас нь Д.Лүндээжанцан ялалт байгуулахгүй ч байсан байж магад гэж үзэж болохоор. Гэхдээ түүний сонголт юу байсан бэ? Тэр ялсан уу, ялагдсан уу? Яг ийм сониуч асуултууд олон байгаа учраас Б.Батбаатартай уулзаж ярилцлаа.

-Сонгуулийн санал хураалтын өдрөөс хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна. Гэхдээ дараахь үйл явцууд өрнөөд эхэлчихлээ. Ардчилсан нам ч ялагдлын “шок”-ноосоо гарч чадахгүй байх шиг. Та Ардчилсан намын гишүүн байгаад ердөө нэр дэвшигчдийг тодруулсны дараахан намаасаа гарч байгаагаа мэдэгдэж, ИЗНН-аас нэр дэвшсэн. Тэр тусмаа өнөөдөр хариуцлага хүлээх ёстой гэгдэж буй Ардчилсан намын дарга З.Энхболдтой өрсөлдсөн. Яг одоо та сонгуулийн дараахь үйл явцыг юу гэж харж байна вэ?

-Үйл явц тодорхой. Ялсан нам ч хариуцлагаа үүрэх хэрэгтэй, ялагдсан нам ч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Энэ бол ард түмний сонголт. Тэр тусмаа төрөө цэвэрлэхийн төлөө, шийдвэртэйгээр хийсэн сонголт. Наад зах нь 1992 оноос хойг байнга уруудаж ирсэн сонгогчдын ирц урьд өмнө байгаагүйгээр өндөр байлаа. Ард түмэн одоо байгаа байдлаас үнэндээ залхсан, бухимдсан болохоор бохир улсаас төрөө цэвэрлэхийн төлөө магадгүй санаанд оромгүй эрс сонголтыг хийсэн гэж бодож байна. Тийм учраас тохиролцооны замаар, хөшигний ард наймаалцсан улс төрийг цэвэрлэх ёстой гэдгийг энэ сонгууль анхааруулж өглөө. 

-Үнэндээ эрс сонголт боллоо гэж хэлж болох. Бараг л хэн ч ийм үр дүнг тооцоолоогүй байх. Магадгүй МАН-ынхан ч ийм өндөр, үнэмлэхүй ялалт байгуулна гэж тооцоолоогүй байж болох гэсэн яриа гарч байна?

-МАН үнэндээ сонгогчдын 40 гаруйхан хувийн саналыг аваад УИХ-д хангалттай олонхийн буюу 65 суудалтай боллоо. Ардчилсан нам 10 сонгогч тутмын гурвынх нь л саналыг авсан. Өөрөө хэлбэл МАН, АН нийлээд 10 сонгогч тутмын долоогийнх нь л саналыг авсан. Цаана нь бусад намууд болон бие даагчдын саналууд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Жижиг можираторийн сул тал нь энэ байдаг.

-Гэхдээ л монголчууд гэнэт эрс шийдэмгий сонголт хийдэг, хүчтэй савладаг гэдгийг харуулж байх шиг?

-Сонгогчдын санал нэг их  савлаагүй, ерөнхий ханаараа л гарсан гэж бодож байна. Харин тэр ханыг мэдрээгүй, тэр ханыг ордны улс  төрөөр, эрх мэдлийн цонхоор харж байсан тэр хүмүүс өөрсдийнхөөрөө, өөрсөддөө ашигтай болгох гэж ард түмний итгэл сэтгэл, урам зоригийг нухчин өөрсөддөө зориулан хууль дүрэм, тойрог, сонголт, нэр дэвшүүлэлтээ хүчээр тулгасны хариу үйлдэл л гэж харж байна. Нөгөө өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг байх аа. Ард түмэн бол салхитай л адилхан. Энэ хүчтэй салхийг дарангуйлал, хуйвалдааны замаар сөрөх гэсэн нь ширүүн салхины өөдөөс шүлсээ нулимсантай л адил зүйл боллоо, Ардчилсан намын хувьд.

-Ардчилсан намынхны хоорондын хэрүүл дажин, эрх баригч хүчиндээ хэтэрхий эрдсэн үйлдлүүд ийм байдалд хүргэв үү ч гэсэн дүгнэлт сонсогдож байгаа?

-Үнэн. Итгэл хүлээсэн дөрвөн жилдээ Засгийн газраа тогтвортой ажиллуулан, дэмжлэг үзүүлэх ёстой атал Засгийн газрынхаа нөгөө талд нь, хавирга, сүвээнд нь хутга тулган, нөгөө талд нь дессерттэй бялуу барьсан байдлаар намын удирдлагыг гартаа авсан хоёр дүртэй. Дотоодын үл ойлголцол, хэрүүл маргаан, шунал нь хэтийдсэн байдалдаа Ардчилсан нам дүн тавиуллаа. Түүнээс биш Ардчилсан намын дэмжигчид, жирийн гишүүдийн буруу гэж байхгүй. УИХ-ын 30 гаруйхан гишүүн, тэр дундаа фракциудын дарга гэж байгаа 4-5 хүний л “хийсэн” ажлын үр дүн сонгуулиар илэрч гарч байгаа юм.

-Ардчилсан намын гишүүд гэлтгүй олон нийт фракциудын толгойлогч гэгддэг хүмүүсийг хуруу даран нэрлэж чадна. Гэхдээ Ардчилсан намынхан удирдагч гэдэг хүмүүсээ тэр бүр нэр зааж хэлдэггүй. Та одоо яг нэр заагаад хэлж чадах уу?

-Ойлгомжтой шүү дээ. Бүгд л мэдэж байгаа.  Алтан гадас-Алтанхуяг, Шонхор-З.Энхболд, С.Эрдэнэ, МҮДН-“Фортуна”-Батбаяр, Нэг ардчилал-Лу.Гантөмөр, МоАХ-“Женко” Баттулга. Бүгд л мэдэж байгаа шүү дээ.

-Таныг Чингэлтэй дүүргийн Ардчилсан намыг хөл дээр нь босгож, өдий зэрэгт хүргэсний хувьд дүүргийнхээ намаас үнэмлэхүй дэмжлэг авсан ч намын дарга, З.Энхболдын гэх юмуу “Шонхор”-ынхны наймаанаас болж нэр дэвших эрхээ авч чадаагүй болохоор АН-аас гарсан байх олон нийт ойлгосон, мөн үү?

-АН-ын дарга бол өрсөлдөөн дунд, шалгуураар, өөрийн гэсэн мөрийн хөтөлбөрөө журмын нөхөддөө танилцуулж сонгогддог албан тушаал. Гэтэл намыг дарга гэдэг хүн эрх мэдлийн хүчээр, УИХ-ын кнопын тоогоор бүхнийг хүслээр хийхийг ямар их тулгав. Түүний нэг илрэл нь нэр дэвшүүлэлт. Үнэндээ бол АН хуралдаагүй, бодлогын шийдвэр гаргаагүй. Хурал хийх нь байтугай ардчиллын төлөөх таван нам нэгдсэн, Монгол улсад ардчилсан хувьсгал хийгдсэн арванхоёрдугаар сарын 6, арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдийг тэмдэглэж өнгөрөөхөөс буюу “Юуны төлөө ардчилсан хувьсгал хийсэн юм бэ?” гэдэг тэр ухамсрыг сэрээхээс АН-ын дарга болон Ардчилсан холбооны дарга нар татгалзсан. “Юуны төлөө ардчилсан хувьсгал хийсэн юм бэ?” гэдэг ард түмний ухамсарыг нь сэрээхгүй, унтаа байдлаар байлгаж, өөрсдийнхөө эрх мэдлээ хэрэгжүүлэх, хүчийг нь ашиглах гэж мугуйдласан.

-Яг нэр дэвшүүлэлтийн процессын талаар дэлгэрэнгүй ярина уу. Та АН-аас нэр дэвшинэ хэмээн 20 сая төгрөгөө тушаасан байсан баримт сошиалаар тархсан. Тэгэхээр та эцсийн мөч хүртэл нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байсных болов уу?

-Тийм ээ. Ардчилсан нам арай ч ийм хэмжээнд ортол ялзарсан, дарангуйлагчийн гарт орсон гэж итгэхийг хүсээгүй юм, итгэж чадаагүй. Үнэндээ бол нэр дэвшүүлэх санал хураалт болоогүй гэж дээр хэлсэн. Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам намайг УИХ-ын 65-р тойрогт нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын бага хурал болон АН-ын Үндэсний зөвлөх хороо нэг өдөр хуралдахаар товлогдсон байсныг та бүхэн санаж байгаа байх. Миний сонссоноор бол МАН-ын нэр дэвшигчид нь тойргуудаа сонгож чадахгүй, “Аль тойрогт гарах боломж өндөр гэдэг дээрээ эргэлзээтэй, хоорондоо түлхэлцэж байсан. Тэр эргэлзээг хагалахын тулд МАН-ын даргатай тохирсон төлөвлөгөөний дагуу АН-ын дарга намайг нэр дэвшүүлэхгүй хассан гэж ойлгосон. Ингэснээр МАН-ын Ө.Энхтүвшинд тойргоо мэдэхгүй, тухайн тойрогт ажиллаж үзээгүй нэр дэвшигчийг АН-ын зүгээс бэлэг болгон явуулсан АН, МАН-ын хоёр даргын тохироо гэж би ойлгосон. Надаас гадна өөр олон хүнийг АН, МАН-даа бэлэг барих байдлаар тойргийг нь будилуулж, эсвэл нэр дэвшүүлэх эрхийг нь хассан гэдгийг олон хүн мэдэж байгаа. Шууд хэлэхэд АН-н Үндэсний зөвлөлдөх хороо намайг ямар нэг байдлаар сонгуульд нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэж хэлэлцүүлэг өрнүүлж, санал хураалт хийгээгүй. Ерөөсөө ч АН 76 нэр дэвшигчийнхээ хэн дээр нь ч санал хураалт хийгээгүй. Зөвхөн тохироо л хийгдсэн.

-Хүмүүсийн яриагаар бол удирдлагын гэдэг хэдэн хүн жагсаалт барьж сууж байгаад л тойргуудад хэн нэр дэвшихийг шийдсэн гэж сонссон. Тухалбал, танай хүнийг энд, манай хүнийг энд гээд л шууд шийдэж байсан гэсэн. Үнэн болов уу?

-Тийм. Миний сонссон мэдээллээр бол хоёр намын удирдлага хоорондоо 76 тойргоос 60-ыг нь хоёр намаасаа нийлээд гаргая. Үлдсэнийг нь намуудын дарга нартай сөргөлддөг фракциудаа хооронд нь зодолдуулчих байдлаар шийдчихье л гэж тохирсон. Харилцан бие биендээ бэлэг барьж өгсөн. Гэвч тэр нь энэ сонгуулийнг дүнгээр биелээгүй. З.Энхболд намын дарга болсныхоо дараа “АН-д фракци байх ёсгүй” гэж хэлсэн байдаг. Ер нь фракцгүй нам гэж дэлхийн түүхэнд ганц л байсан нь Сталины нам шүү дээ.

-20 сая төгрөгөө эргүүлж авсан уу?

-Үгүй ээ.

-З.Энхболд фракцигүй нам болно гэж зарлаж байсан. Ардчилсан нам үндсэндээ фракцийн удирдлагуудын “голомт” гэж ойлгогдох боллоо. МАН ч гэсэн манайх ямар ч фракцигүй гэдэг боловч маш хүчтэй фракциудтай. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ?

- Монгол улсын ирээдүйг ардчилал тодорхойлно гэж би итгэдэг. Ардиллын ирээдүйг Ардчилсан нам баталгаажуулна гэж бас итгэдэг. Яалт ч үгүй АН өөрөө ямар ч ардчилалгүй болж, намын дарга хийж байгаа хүний дарангуйллаар, төрийн эрх мэдлийн машиныг ажиллуулж байгаа энэ хүчээр ардчилал үгүй болох нь ээ. Тийм учраас урьд нь бас сонгогдож байсан Баянгол дүүрэгт буюу 70-р тойрогт нэр дэвшие гэдэг шийдвэрийг 5 сарын 27-ны өдөр гаргасан.

-Хүмүүс таныг өөрийг тань намаас шахсан З.Энхболдын тойрогт албаар нэрээ дэвшүүлсэн гэж харсан. З.Энхболдыг ялахын тулд?

-Дарангуйллыг зогсоох ёстой. Нөгөө талаасаа бол энэ миний өмнө анх УИХ-д сонгогдож байсан тойрог л доо. Гэхдээ л яалт ч үгүй нэр дэвшүүлэлтийн дараа тулгамдуу гаргасан шийдвэр болохоор бэлтгэл муутай оролцлоо. Сонгуулийн үеэр найз нөхөд маань, АН-ын хамтран зүтгэгчид маань надтай утсаар ч ярьж чадахгүй, уулзаж ч чадахгүй байсан. “Чиний араас сүүл тавьчихсан. Одоо ингээд чамтай уулзах юм бол “жижигхэн” хүнд алуулна шүү дээ” гэдэг. Ийм л зүйлийг хэлж байсан. Монголын ард түмэн бол эрх чөлөөнд дуртай, эрх чөлөөнд хайртай. Тийм учраас тэр дарангуйлагчаас салж чадсан л гэж би хувьдаа итгэж байгаа. Хоёр жилийн өмнөөс юун УИХ, Засгийн газар, зөвхөн хэн нь Ерөнхийлөгч болох вэ гэсэн “ариун дайн”-д мордоод бие, биеээ хядаж эхэлсэн тэр хүмүүс улс төрөөс холдох ёстой.

-Та дарангуйлагч гэж З.Энхболдыг хэлж байна уу?

-Хэн үгүй гэх вэ? “Ард түмнийг хайр энэрлээр бус айдсаар удирддаг” гэж Сталин хэлж байсан санагдчихлаа. Ийм айдастай болохоос нь өмнө бид “жижигхэн” дарангуйлагчдыг зогсоох ёстой. Эхний алхмыг ч хийчихлээ гэж би бодож байна.

- Таны хувьд ялалт байгуулж чадаагүй ч гэсэн нэг зорилгоо биелүүллээ гэж ойлгож болох уу? Сонгуулийн өмнө ч гэсэн З.Энхболд, Х.Баттулга нарыг дарж авахгүй бол арай хэтэрлээ гэсэн яриа танайхан дунд гарсан байсан гэсэн?

-АН дотор хавтгайдаа тийм яриа гарсан байсан. Гэхдээ тэдний эсрэг сөрж зогсож өөрөөрөө дэнчин тавих зориг, эрсдэлийг гаргаж чадах хүн хэд байсныг би мэдэхгүй байна.

- Сонгуулийн дараа танайхан ярьж эхлэж байна уу?

- Одоо бол ярьж эхлэж байгаа. АН-ын маш олон залуучууд, нөхдүүд маань ярьж байгаа. АН-аа өөрчлөе, шинэчлэе гэж. Одоо яах гэж байна, хэзээ намдаа орох вэ гэж асууж байгаа.

- Тэгэхээр та эргээд намдаа орно гэсэн үг үү?

- Улс төрийн шийдвэрээ гаргах ёстой. Энэ сонгуульд өөрөөрөө дэнчин тавьж өрсөлдсөн маань миний улс төрийн шийдвэр байсан. Сонгуулийн ерөнхий хороо нэг удаа намайг хассан. Дахиад материалаа гүйцээж ороод зургаадугаар сарын 6-ны орой 21.00 цагт нэр дэвшигчээр бүртгэхээр боллоо гээд зургаан сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Зургаан сарын 8-ны дотор буюу нэгхэн өдрийн дотор багаа босгох ажилд тулсан. Тойрог, нэр дэвших орон зай, бүх зүйл өөрчлөгдсөн учраас гарааны хувьд тэг цэгээс эхэлсэн, үндсэндээ 10 хоног л сурталчилгааны ажлаа хийсэн. Сонгуулийн үр дүнд болон гаргасан шийдвэртээ хувь хүнийхээ үүднээс бол харамсахгүй байгаа. Мэдээж АН, МАН гэдэг бол өөрсдөө систем болоод тогтчихсон том тогтолцоо. Энэ тогтолцоон дээр нэмээд засгийн тогтолцоо буюу засаглалын эрх мэдэл хүч, дээр нь хөрөнгө санхүүгийн хүч нөлөө гэж байна. Энэ бүх зүйлийн эсрэг ганцаараа ч гэсэн зогсож чадсан.

-Одоо танай намын залуус намаа шинэчлэх талаар ярьж байна. Шинэчилж чадах эсэх нь наад зах нь намын даргаа сонгох сонголтоос ч харагдах байх гэлцэж байсан?

-2017 онд Ардчилсан нам УИХ-д нэр дэвшээд сонгогдож чадаагүй хүмүүсийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх. Тэгэхээр 2017 онд Ардчилсан намыг өнөөдрийн байдалд хүргэсэн дарангуйлал, улс орныг хүргэж хэмжээнд очиж чадахгүй замынхаа дунд зогслоо л гэж үр дүнг би харж байгаа.

- Дахиад асууя, намдаа эргэн орох эсэх талаар?

-Ардчилсан намын шинэчлэл хэрхэн яаж явах вэ гэдэг чухал. Ямар ч гэсэн шинэчлэлийн төлөө журмын нөхөдтэйгөө хамтарч ажиллана. Наадам дөхөж байна. Тэгээд шийдлүүдээ гаргана. ИЗНН-ын хэлэхэд бол нэг хүний өмч маягтай. Аль нэг том эрх барьж байгаа намын дайчин туслагч. Ийм хэвээр байх тохиолдолд тэнд бол хийх зүйл байхгүй. Улс төрийн нам болж өөрөө төлөвших ёстой. Улс төрийн зорилго, үзэл санаа, итгэл үнэмшил, үзэл баримтлалаа тодорхой болгоод тууштай явах хэрэгтэй. Тэгж чадахгүй байгаа бол улс төрийн нам гэхэд хэцүү.

- Тахиа донгодохын зуур нөхдөө гурав урвахыг харлаа гэдэг шиг сүүлийн 20 хоногийн дотор та АН-аас гарлаа, ИХН-аас нэр дэвших оролдлого хийлээ, ИЗНН-ээс нэр дэвшлээ, харьцангуй хүнд нөхцөлд сонгуульд оролцлоо. Одоо буцаад АН-д орно гэхээр сайнаар хэлэхийн бол хэтэрхий баялаг түүх, муугаар хэлэхийн бол арай л “хөдөлгөөн”-тэй харагдаж байна.

- Ардчилсан намын гишүүд маань ард түмнээс илүүтэй баярлаж байгаа. Ардчилсан нам цэвэр болох, дахин босж ирэх, зөв нам болох эхлэл тавигдлаа гэж үзэж байгаа. Баабарын “Гоё сонгууль боллоо” гэсэн нийтлэлийг уншсан биз дээ. Баабар ч бас тийм дүгнэлт хийсэн байна лээ. Үнэндээ бол АН-ын удирдлагын цөөнхийн хүрээнийхний хийсэн үйлдлүүд төсөөлөхийн аргагүй, ардчилалгүй нөхцөл бий болгож, хүмүүсийг цөхрүүлсэн, бухимдуулсан. Дотроос нь тэмцээд дийлэх ямар ч боломжгүй, дотор нь байгаа хүмүүсийн ч эвлэн, нэгдэх, өөрчлөх зориг зүрх нь мохчихсон. Хэн нь хэзээ хэнийг барьж аваад хааш нь хийх бол гэсэн барьцаатай болчихсон байсан. Тийм учраас одоо АН-ын шинэ удирдлага гарч ирнэ. АН-ын шинэ удирдлага  ямар ч барьцаагүй буюу сүрдүүлэггүй хүмүүс байх ёстой. Өчүүхэн төдий ч гэсэн “но”-той хүн гарах юм бол энэ намрын орон нутгийн сонгуулийг ч, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийг ч тэр эрх баригчдын барьцаанд оруулна гэсэн үг. “Но”-гоор нь барьцаалаад л өөрсдийнхөө хүссэнээр хөдөлгөх болно. Тийм болохоор “но”-гоо далдлахын тулд эрх баригчидтай тохироо хийх “наймаачин”-г сонгож болохгүй.  

Энэ нь өөрөө Монголын ардчилалд туйлын хортой. Тийм учраас АН-д арчим үнэт зүйлийнхээ босгыг тавина. Тэр зарчимд нийцэж байвал АН-д хаалга нээлттэй л гэж би ойлгож байгаа. Ардчилал ард түмнийх болсон. Түүнд нийцэж ажиллана уу гэхээс өмчлөх аргагүй болсон гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй. Итгэл үнэмшлээрээ нэгдэж, зорилгоо тодорхойлж, зохион байгуулалтаа зөв хийж байж намыг шинэчилнэ.

Эх сурвалж:"Сэрүүлэг" сонин 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • harhun
    guih nohoid guihgui nohoi saad gedeg..iim yum bolj dee..Ziigiin hajuud ene jijighen shuudee.
    2016 оны 07 сарын 22
  • Oil
    Bitgii hutsaraa atsaa ta nar shig Albán tushaal gorilgochdoos blasón yum malas.
    2016 оны 07 сарын 21
Сонин хачин