• Эхлэл
  • Тарвага агнахгүй байхыг анхааруулав

Тарвага агнахгүй байхыг анхааруулав

2016/07/19

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах аж. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.

Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүслээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг. Саяхан л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газар тарвага үхсэн тухай дуудлагын дагуу тус аймгийн “Зоонозын өвчин судлалын төв” ажиллаж, лабораторийн шинжилгээ хийхэд тарваганы нэг зэм үхдэлээс тахлын үүсгэгч илэрсэн нь тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг харуулж байгаа юм.

Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд анхаарууллаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна