Англи хэлний багшаас Хятадын тэргүүн баяны тоонд орсон Алибаба группыг үндэслэгч Жек Ма Монгол Улсад ирээд байна. Тэрээр Монгол залууст лекц унших аж. Түүний лекц Баянзүрх дүүрэгт байрлах "Шинэ Монгол" сургуулийн байранд долоодугаар сарын 27-нд болох бөгөөд Лекц англи хэл дээр явагдах юм байна.
Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанадын худалдан авагчидтай холбох зорилгоор 1999 онд байгуулагдсан Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.
Оймсноос эхлээд онгоц хүртэлх эсэн бусын юм зардаг энэ группийн Таобаба сайт хэрэглэгчиддээ сансрын аялал санал болгож эхэлжээ.
Энэ сайтыг барууныхан төдий л сайн мэддэггүй байсан юм. 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлынхаа төвд оруулж эхэлсэн гэдэг. Ингээд энэ хачирхалтай компани Амазон, Ибей зэрэг томоохон сайтуудыг ардаа орхиж, хамгийн их ашиг олдог интернет худалдаачин болжээ.
Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.
Англи хэлний багшаас Хятадын тэргүүн баян хүртэл
Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч.
Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернетэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.
1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм.
Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ. Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь,
1.Алибаба цэг ком- Alibaba.com
2. Таобао Арилжааны төв- Taobao Marketplace
3. Тималл- Tmall
4. ИТао- eTao
5. Алибаба үүлэн тооцоолол- Alibaba Cloud Computing
6. Жухуасуан- Juhuasuan
7. 1688 цэг ком- 1688.com
8. Али Експресс цэг ком AliExpress.com
9. АлиПей- Alipay
2012 оны 11 дүгээр сард Алибаба цахим ертөнцөд нийт нэг их наяд юаны наймаа хийж, Ма “Их наяд юаны тайж” гэдэг алдар хүртжээ.
2012 Жек Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай “Хөх мөрний матар” гэдэг баримтат кино дэлгэцнээ гарсан.
2013 оны нэгдүгээр сард Жек Ма “Алибаба” группийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо зарласан юм. Ингээд өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд өөрийн өв залгамжлагчаа ерөнхий захирлын тушаалд томилов.
Жек Ма “Алибаба”-г цаашид залуу хүн удирдсанаар илүү сайхан ирээдүй бүтээн босгож, гялалзсан амжилт гаргана гэдгийг ойлгожээ. “Энэ бол миний хувьд маш хэцүү шийдвэр” гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ Ма овогт компанийг шууд удирдахаа больсон ч удирдах төвшинд нөлөө бүхий эрхэм хэвээр үлдсэн юм.
2004 онд Хятадын төв телевиз Оны шилдэг 10 бизнесийн төлөөлөгчдийн нэгээр Жек Маг нэрлэв.
2005 онд Дэлхийн эдийн засгийн Форум Маг “Шинэ залуу удирдагч”-аар нэрлэлээ.
2005 онд Фортуне сэтгүүл Маг Азийн хамгийн хүчирхэг 25 хүний нэгээр нэрлэв.
2009 оны 5 дугаар сард Тайм сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна