• Эхлэл
  • “Харанга” өнөө орой төв талбайд тоглоно

“Харанга” өнөө орой төв талбайд тоглоно

2016/07/30

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачлагаар өнгөрсөн жилээс рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг дуучдыг алдаршуулах “Алдрын од” шагналыг санаачилсан. Энэхүү шагналын хамгийн анхныхыг тэртээ социализмын үед байгуулагдсан, Монголын рок попын анхдагчид, “өвөг эцэг” гэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хүртэж, өнгөрсөн жил төв талбайд Хүндэтгэлийн тоглолтоо хийж байсан билээ. Энэхүү шагнал болоод Хүндэтгэлийн тоглолтыг “Хонхны дуу” клубээс зохион байгуулсан. Гэхдээ үүнд рок поп элэгтэй Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачилга нөлөөтэй байсан гэдэг. Зүрх сэтгэлээсээ рок поп дуртай тэрээр хэдийгээр зохион байгуулагчид нууцлахыг сануулж байсан ч гэсэн “Алдрын Од”-ыг 100 сая төгрөгийн шагнал дагалдаж байгааг өнгөрсөн жил төв талбайд болсон Хүндэтгэлийн тоглолтын үеэр ам алдан зарлаж байсан. Гэхдээ энэхүү шагналыг улс, хотын төсвөөс бус зохион байгуулагч “Хонхны дуу” клубээс гаргадаг аж.

Энэ жилийн буюу хоёр дахь удаагийн “Алдрын Од”-ын эзэд Монголын шинэ үеийн рок попын Загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлаг байх нь ерөнхийдөө тодорхой байсан. Энэ ёсоор өнөөдөр “Харанга” хамтлагийнхан өнөөдөр “Алдрын од”-оо гардан авлаа. Мөн энэхүү шагналыг хүндэтгэн Соёлын төв өргөөнөө дурсгалын самбар босгодог бөгөөд Хүндэтгэлийн тоглолтыг нийслэлийн төв талбайд ёслол төгөлдөр зохион байгуулдаг.

Өнөөдөр буюу 2016.07.30-нд “Алдрын од”-ын эзэд “Харанга”-ын үе үеийн хит дуунуудаасаа толилуулахаас гадна Монголын поп, рок урлагийнхан тэднийг хүндэтгэн ая дуугаа өргөх юм.

Шинэ үеийн рок, попын эцэг “Харанга” хамтлаг 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагдсан гэдэг. Гэхдээ эдүгээ ч “хамтлаа лаг” байгаа харангачуудын хамтын уран бүтээлийн амьдрал 1977 онд Ардын Армийн "Соёмбо" хамтлагт анх хамт тоглох болсноос эхлэлтэй гэдэг.  Энэ хамтлагаас өнөөдөр гурван Монгол Улсын гавьяат төрөөд байгаа бөгөөд “хамтаараа лаг” байхын үнэ цэнийг 27 жил харуулж байна. Хамтлагийн даралтат хөгжимчин Хангалын Булган /1966-2000/ агсны өнгө, аялгуу өнөөдөр ч харангачуудын сэтгэл, уран бүтээлд буй.

“Харанга” хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн

  • МУГЖ Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/
  •  
  • МУУГЗ Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/
  •  
  • МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/
  •  
  • МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/
  •  
  • МУСТА Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/

 

 

Өөрчлөлт шинэчлэлтийн зурвас үе буюу  1989 онд тэд анхны тоглолтоо хийсэн бөгөөд "Амьдрал" дуугаар нэрлэсэн 1989 оны 10 сарын 26-нд тоглохоор товлогдсон тоглолтыг тухайн үеийн “дэг” ёсоор Соёлын Яамны коллеги үзэж зөвшөөрснөөр тоглогдох эрхээ авч байсан гэдэг. Социализмын үеийн хатуу дэгтэй коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутанд бүх тасалбар зарагдаж дуусч байсан гэдэг. 27 жилийн түүхтэй “Харанга”-чууд

Тэдний дуулсан, бүтээсэн болгон монголчуудын зүрх сэтгэлд хоногшин эгшиглэсэн бүтээл болсон гэдэгтэй маргах хүн үгүй буй за. Ингээд Улаанбаатар хотын төв талбайд “Харанга”-чуудтай дахин уулзацгаая.

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна