• Эхлэл
  • Рио 2016: Онцлох баримтууд

Рио 2016: Онцлох баримтууд

2016/08/06

Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам Өмнөд Америкийн зүрхэн дэх Рио Дэ Жанейро хотноо ёслол төгөлдөр эхэллээ. Өмнөд Америкад болж буй анхны олимпийн наадам гэдгээрээ онцлог энэ удаагийн наадам бүхэлдээ эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах ерөнхий агуулгын доор эхэлж, олимпийн наадмын таван цагариг анх удаагаа нил ногооноор олон нийтэд харагдсан юм. Ийнхүү зуны олимпийн 31 дэх их наадамтай холбоотой онцлох  баримтыг та бүхэнд хүргэе.

 

1. Гольфийн төрөл 112 жилийн дараа эргэн ирлээ

Энэ удаагийн олимпийн наадамд спортын хоёр төрөл эргэн ирсэний нэг нь гольф юм. Хамгийн сүүлд энэ төрөл 1904 онд АНУ-ын Сейнт Льюйс мужид болсон зуны гурав дахь удаагийн олимпийн наадамд оролцож байсан билээ. 112 жилийн дараа их наадмын нэгэн хэсэг болсон энэ удаагийн наадамд тус спортын ноён оргилууд гэгдэх Жейсон Дей, Жордан Спайт, Дастин Жонсон, Рори МакИлрой нар ЗИКА вирусын улмаас оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

2. 4 дүүрэгт 33 байгууламжинд болох тэмцээнүүд

Рио 2016 Зуны спортын 31 дэх наадам өмнөх олимпуудаас олон байгууламжинд спортын уралдаан тэмцээн зохиож байгаагаараа онцлог. Энэ удаагийн олимпийн наадам Копакабана, Барра дэ Тижука, Деодору, Маракана зэрэг Рио хотын дөрвөн дүүрэгт 33 спортын барилга байгууламжинд зохиогдох товтой байна.

3. 300 мянган жуулчин

Энэ тоог урьд жилүүдийн олимпийн наадамтай харьцуулахад харьцангуй бага гэж хэлж болно. Одоогийн байдлаар Рио хотын аялал жуулчлалын газарт 300 мянган жуулчин ирнэ гэж бүртгүүлжээ. Албаны хүмүүс уг тоог олимпийн наадмын дараа гаргах нэгдсэн судалгаагаар өснө гэж таамаглаж байгаа.

4. 2000-аад оныхон анх удаа олимпийн наадамд

Энэ удаагийн олимпийн наадамд шинэ үеийнхэн, өсвөр насныхны төлөөлөл анх удаа оролцож байгаагаараа онцлог. Зарим спортын төрлүүд аюулын зэрэглэл зэргээрээ насны хязгаар тавьдаг ч энэ удаад 2000-2003 онд төрөгсөд оролцож байгаагаараа бусад олимпийн наадмаас ялгарах нэгэн чимэг болж байгаа юм.

5. Өвөрмөц билгэдэл

Энэ удаагийн олимпийн наадмын билгэдэл болсон амьтад 2012 оны Лондоны олимтой этгээд хачнаараа эн тэнцэхгүй ч үндэстнийхээ онцлог, амьтны аймгийн баялаг сан зэргээ илэрхийлсэн Винициус билгэдэл олны анхаарлыг татаж байна. Тус билгэдэл нь Бразил улсын амьтны аймагт багтах бүх амьтдын шинж чанарыг харгалзан зохион бүтээсэн бөгөөд Бразил улсын төрийн далбааны өнгөөр шийдсэн юм. Винициус гэж нэрлэсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн алдар суутай хөгжимчин гэгдэх Винициус дэ Мораесын гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.

6. Өмнөд гэсэн тодотголтой гурав дахь улс

Энэ удаагийн олимпийн наадам газар зүйн байршлын хувьд “өмнөд” гэсэн тодотголтой улсад болж байгаа гурав дахь удаагийн наадам юм. Өмнө нь 1988 онд Өмнөд Солонгос улсад, 1956, 2000 онуудад Австрали улсад зохион байгуулагдаж байсан билээ.

7. АНУ-ын 500 тамирчин

Рио дэ Жанейро хотод болж байгаа энэ удаагийн наадамд Хойд Америкийн төлөөлөл АНУ түүхэндээ хамгийн олон тамирчин оролцуулж байна. АНУ энэ удаагийн наадамд нийт 550 тамирчин оролцуулж байгаагийн 292 нь эмэгтэйчүүд юм.

8. Өмнөд Америк тивд болж буй анхны наадам

Орчин үеийн олимпийн наадам 1896 онд анхлан зохион байгуулагдсанаас хойш Өмнөд Америк тивд тус наадам зохиогдож байна. Зуны олимпийн наадмыг буурал тив хамгийн олон удаа буюу 16 удаа зохион байгуулжээ.

9. Сайн дурынхны их хүч

Аливаа арга хэмжээг сайн дурынхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Өөрсдийн сайн дураараа ямар нэгэн төлбөр хөлс авалгүйгээр оролцдог эдгээр эрхэм үйлстэнүүд энэ удаагийн олимпийн наадамд 6000-уулаа оролцож байна.

10. ДЭМБ-ын тусгай санамжтай наадам

Олимпийн наадмын түүхэнд ДЭМБ-аас тухайн зохион байгуулагч улсын эрүүл ахуйн нөхцөл байдлын талаар олон улсын жуулчдад сануулга хүргүүлж байсан тохиолдол байхгүй. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн Өмнөд Америк тэр дундаа Бразил улсыг түгшээж байгаа ЗИКА вирусын тухай тусгайлсан санамж, эрүүл мэндээ сахин хамгаалах талаар зөвлөмжийг оролцож байгаа тамирчид болон олон улсын жуулчлад ДЭМБ тусгай санамж анхааруулга өгсөн юм.

11. Энэ удаагийн олимпийн наадам 306 спортын төрлөөр зохион байгуулагдана.

12. Олимпийн наадмын хамгийн залуу тамирчин

Энэ удаагийн олимпийн наадамд оролцож байгаа тамирчдаас хамгийн залуу нь Гаурика Сингх юм. Непал буюу Балба улсын нэрийн өмнөөс усанд сэлэлтийн өврөөр далалтын төрөлд оролцож буй энэ тамирчин 2002 онд төржээ.

13. Цагаачид тусгай статустайгаар оролцоно

Олон улсын олимпийн хорооноос энэ удаагийн олимпийн наадамд цагаачдыг тусгай далбаан доор нэгтгэж “Олимпийн наадамд оролцох цагаачдын баг” нэртэйгээр оролцуулж байна. Энэ нь олимпийн наадмын түүхэнд болж байгаа хамгийн анхны тохиолдол юм. Энэ удаагийн наадамд Сири, Өмнөд Судан, Этиоп, Ардчилсан Конго, Ливи, Сьерра Леоне, Төв африкийн бүгд найрамдах улс зэрэг дотоодын дайн самуун үймээнтэй байгаа улсуудын тамирчид тусгай мандатын дагуу оролцож байгаа нь энэ ажээ.
 

14. 7 хүний бүрэлдэхүүнтэй Регби анх удаагаа

Орчин үеийн олимпизмийн түүхэнд регбигийн төрөл хоёр удаа оролцож байсан. 1900 болон 1924 оны зуны олимпийн наадамд 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгодог регбигийн спортын төрөл оролцож байсан удаатай. Тэгвэл энэ удаад сүүлийн жилүүдэд ихээхэн түгэн дэлгэрч буй 7 хүний бүрэлдэхүүнтэй регбигийн төрөл анх удаагаа оролцож байна.

Б.Болорсүх
 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин