• Эхлэл
  • Г.Отгонцэцэг яагаад Казакстаны нэрийн өмнөөс зодоглосон бэ?

Г.Отгонцэцэг яагаад Казакстаны нэрийн өмнөөс зодоглосон бэ?

2016/08/07

Зуны олимпийн 31 дэх тоглолт эхэлж, монголчууд Монголын тамирчдынхаа дээлийн захыг мушгин, итгэлж тавьж сууна. Албан ёсны нээлт болсон өдөр буюу өчигдөр жүдогийн 60 кг-д Ц.Цогтбаатар, 48 кг-д М.Уранцэцэг зодоглон монголчууд цэнхэр дэлгэцийнхээ өмнө догдлон сууж байлаа.

Найдлага тавьж байсан Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозе, Финландын Рэинвалл нарыг хожин шөвгийн 16-д үлдсэн бөгөөд харамсалтай нь жингийнхээ №1 БНСУ-ын тамирчин Ким Вон Жинд ялагдсанаар барилдаанаа өндөрлүүлсэн. Ц.Цогтбаатар анхны олимптой оролцож байгаа бөгөөд 20 настай түүний хувьд анхны том сургамж болсон хэдий ч дараа, дараачийн олимпуудад амжилт гаргаасай хэмээн монголчууд урам өгч байна.

Дэлхийн аварга М.Уранчимэг эхний тойрогт хийлсэн бөгөөд шигшээ наймд үлдэх эрхийн төлөө Францын Лайтитя Пайэттэй учраа таарч, цэвэр ялсан. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Жон Бо-Кюүнид ялагдаж,дагах барилдаанд Бразилийн Минезс Сараг нэмэлт цагт ялж, хүрэл медалийн төлөө барилдсан. Гэвч хүрлийн төлөө Японы Кондо Амитай барилдаж, цаг дуусахын өмнөхөн юүко үнэлгээгээр харамсалтай ялагдан V байрын шагналтан боллоо.

Сонирхолтой нь яг энэ жинд монгол бүсгүй Г.Отгонцэцэг Казакстан улсын нэрийн өмнөөс зодоглосон. Спорт сонирхогчдын дунд хоёр монгол бүсгүй медалийн төлөө өрсөлдөж магадгүй нь гэсэн таамаг дэгдэж байсан.

Харин М.Уранцэцэг шагналт V байрын эзэн болж, Казакстаны нэрийн өмнөөс зодоглосон Г.Отгонцэцэг олимпийн хүрэл медальтан боллоо. Ингэснээр Г.Отгонцэцэгийг өөр улсын өмнөөс зодоглосонд харамссан, гайхсан сэтгэгдлүүд давамгайлж байсан. Түүнийг Монголоос олимпод оролцох боломжгүй байсан учраас гадаадын харьяат болж, иргэншлээ сольсон гэсэн яриа хүртэл гараад байсан юм. Мөн түүнчлэн аль улсын нэрийн өмнөөс зодоглосон ч Монгол бүсгүйн ялалтанд бахархан баяр хүргэж байна.

Тэгвэл энэ жинд Монгол Улсаас хоёр тамирчин оролцох боломжгүй байсан учраас Монголын жүдо бөхийн холбоо Казакстан улсын жүдо бөхийн холбоотой тохиролцон гэрээ байгуулсны дагуу Г.Отгонцэцэгийг тус улсын шигшээ багийн өмнөөс барилдуулахаар болсон юм байна.

Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын  нэрийн өмнөөс барилдахаар болжээ.

Тухайн үед эмэгтэйчүүдийн 48кг-д дэлхийн чансааг Мөнхбатын Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж, Галбадрахын Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байжээ.

Тийм учраас Монголын жүдогийн холбоо Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг хүлээн авч, МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хэлэлцлүүдийг хийсэн байна.

Ийн Монголын тамирчин өөр улсын далбааг олимпийн тэнгэрт мандуулсан нь харамсалтай мэт боловч Монголын жүдо бөхийн холбооны гэрээ хэлцлийн дагуу Казакстанд бэлтгэл хийж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгийн хувьд олимпийн чансаанд бүртгэгдэж, туршлага, дадлага хуримтлуулахын хэрээр цаашид Монгол Улсынхаа далбааг олимпийн тэнгэрт өндөрт өргөх гараа нээгдэж буй гэж үзэж болох юм.

Нэмэлт мэдээлэл:Казакстаны зүгээс Г.Отгонцэцэгт 75 000 ам.доллар, хоёр өрөө байр бэлэглэхээр болсон гэсэн албан бус мэдээлэл байна. Казакстаны Соёл, спортын яам олимпийн наадамд алтан медаль авбал 88 сая тэнге буюу 250 мянган ам.доллар, мөнгөн медаль авбал 53 сая тэнге буюу 150 мянган ам.доллар, хүрэл медаль авбал 26 сая тэнге буюу 75 мянган ам.доллар тамирчдадаа олгохоор амлаж байсан юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    mongolchyyd shalihgvi bj hashgirahiig dyyriadag zogsoogooch.mongol zan bish.oidov,bayanaa ogt um bolj baigaagvi.ichmeer
    2016 оны 08 сарын 10