Монголчуудын хүсэн хүлээж байсан олимпийн медалийн салхийг хагалж жүдо бөхийн 57 кг-ийн жингийн мөнгөн медаль хүртсэн Д.Сумьяагаар монголчууд бахархаж байна. Харин тэрээр “Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй” гэж хэлжээ. Тэмцээний дараа “Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн медальтнууд хэвлэлийн бага хуралд зохион байгуулсан юм байна. Энэ талаарх мэдээллийг Рио Дио Жанеро хотод ажиллаж буй News агентлаг, news.mn-ийн сурвалжлагч Б.Бадмаа газар дээрээс нь мэдээлсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын багаас Риогийн олимпийн анхны медалийг хүртэж, өнөөдөр энгэртээ мөнгөн медаль гялалзуулсан Д.Сумъяа:
-Каори Мацүмо бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан. Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа. Барилдааны өмнө тайван байсан. Аваргын төлөө барилдахдаа ч тэр. Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Монголын жүдочид, Монголын тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугуу ард түмэндээ баярлалаа гэж ярьсан байна.
Дашрамд сануулахад урд шөнө буюу наймдугаар сарын 8-ны өдрийн 03,30 цагт барилдаж хагас шигшээд Японы алдарт бөх, "чоно" хочит Каори Мацүмог 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдсан.
Үүний дараа Рафаэль Силван хориотой бөх хэрэглэсэн гэсэн шүүмжлэл дэгдсэн. Тэгвэл энэ удаагийн олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа Олон улсын шүүгч М.Бөхбат "Гараараа ханцуйнаас барьсан байхдаа тохойгоороо хөлд хүрэх бол хориотой мэх биш. Тиймээс 57 кг-ын жингийн финалын барилдааны шүүлт дүрмийн дагуу" болсон гэсэн тайлбар өгсөн гэж News агентлаг мэдээлсэн байна.
Д.Сумъяа, Силва хоёрын барилдааныг Японы шүүгч шүүн явуулсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна