• Эхлэл
  • Рио-2016:Дөрөв дэх өдөр

Рио-2016:Дөрөв дэх өдөр

2016/08/10

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр байт харваа, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол болон хүндийн өргөлт зэрэг спортын тэмцээн уралдаан явагдлаа. Манай улсаас буудлага, жүдо бөх, боксын төрлүүдэд өрсөлдлөө. Ингээд дөрөв дэх өдрийн тоймыг хүргэе.

БУУДЛАГА:

Рио 2016 олимпийн 25 метрийн спорт гар бууны дасгалд нийт 40 тамирчин өрсөлдсөнөөс Грекийн залуу буудагч Анна Коракаки түрүүлж, энэ олимпоос 2 дахь медалиа авлаа. Мөнгөн медалийг Германы буудагч Моника Каршч, хүрэл медалийг Швейцарийн буудагч Хейди Гербер Дейтхелм нар авч Хятадын буудагч, дэлхийн аварга Зиан Жинжин 592 онож, олимпийн рекорд тогтоосон ч 4-р байранд орлоо.

Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа 579 оноогоор 12 байр эзлэв. Эхний тогтоол 30 сумд Ц.Мөнхзул 289 оноогоор 19-т, О.Гүндэгмаа 284 оноогоор 35-д орсон. Дараагийн түргэн буудах дасгалд О.Гүндэгмаа сайн буудсан ч шилдэг наймд багтаж чадсангүй. Энэ дасгалын шилдэг наймд БНХАУ, Грек, Гүрж, Герман, Болгар, БНАСАУ, Швейцарь, ОХУ-ын тамирчид багтсан юм.

Наймдугаар сарын 8-ны өдөр 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа 379 оноогоор 20, Ц.Мөнхзул 378 оноогоор 32-р байрт орсон юм.

Манай мэргэн буудагчид ийнхүү Риогийн тэмцээнээ өндөрлүүллээ.

ЖҮДО БӨХ:

Эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. 81 кг-д нийт 33 бөх барилдсанаас ОУХМ О.Ууганбаатар "D" хэсэгт багтсан. Тэрээр эхний барилдаанаа Египетийн бөх Абделаал Мохамедтай хийсэн ч цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд нийт 26 бөх барилдсан. Дэлхийн аваргын хүрэл медальт, "Лондон-2012" олимпийн наадмын V байрын эзэн Ц.Мөнхзаяа "А" хэсэгт багтсан. Манай бөх эхний тойрогт Морокогийн тамирчин З.Ризлэнг цэвэр хожсон ч Хятадын бөхөд даралтаар цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, + 100 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, 78, +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Манай улсаас өнөөдөр 90 кг-д Л.Отгонбаатар, 70 кг-д Ц.Наранжаргал нар өрсөлдөнө.

БОКС:

Олимпийн наадмын боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Манай зургаан эрэгтэй тамирчин Риод ирсэнээс хөнгөн жин болох 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчин Куйпо Пилатаксид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн. Бусад тамирчдын хувьд цааш хасагдах шатны тоглолтуудыг хийж байна.

60 кг-ын хүчтэй өрсөлдөгчийн нэг Д.Отгондалай анхны тулаанаа Нидерландын Энрико Лакрустай хийж, ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шууд шилдэг 16-д үлдээд байсан юм. Манай тамирчин наймдугаар сарын 13-ны өдөр Алжирын Реда Бенбазизтай тулалдана.

Өнөөдөр боксчдоос 64 кг-д Б.Чинзориг Катарын боксчин Туласи Тарумалингам, 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Гичару Бенсон Нжангирутай тулалдана.

Эх сурвалж:news.mn

Гэрэл зургийг А.ТҮМЭНБАЯР (МССХ)

Ч.БОЛОР

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин