Рио 2016:Тав дахь өдөр

2016/08/11

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам тав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр байт харваа, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 24 төрлийн тэмцээн уралдаан болж, зарим төрлүүдэд медалийн эзэд тодорсон.

Монголын баг тамирчид хүндийн өргөлт, жүдо бөх, боксын төрлүүдэд өрсөлдлөө. Энэ өдөр манай баг тамирчид медалийн тоог ахиулах боломж байлаа. Тодруулбал, Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар олон хүнд барилдааныг хийж, шагналт V байрт орсон бол 18 настай М.Анхцэцэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн VII байрыг эзлэв. Мөн боксын тамирчид ээлжит ялалтаа байгууллаа.

ХҮНДИЙН ӨРГӨЛТ:

Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдлөө. Түүний хувьд энэ оны дөрөвдүгээр сард Азийн аваргаас олимпийн эрхээ авсан юм. Энэ ангилалд нийт 17 тамирчин өрсөлдсөнөөс М.Анхцэцэг “А” хэсэгт багтсан.

Тэрээр огцомоор 106 кг, түлхэлтээр 131 кг, нийлбэрээр 237 кг-ыг өргөж, VIII байр эзлэв. Энэ ангилалд БНХАУ Янмэй 261 /116+145/ кг-аар түрүүлсэн бол Казахстаны Заппаркул Зазира 259 /115+144/, Египетийн Ахмэд Сара 255/112+143/кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. 

Энэ жил 18 настай М.Анхцэцэг 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д VIII байр эзэлсэн. Тэрбээр энэ жил Азийн аваргаас алтан медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Мөн олимпийн наадамд оролцож, Монголын хүндийн өргөлтийн түүхэнд шинэ шинэ амжилтуудыг тогтоолоо.

М.Анхцэцэгийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр ажиллаж байна. 1996 оны Атлантагийн олимпод тамирчны хувиар оролцож Ц.Хосбаяр “Рио-2016”-д өнөөдөр дасгалжуулагчаар ирсэн юм.

ЖҮДО БӨХ:

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Хятадын Чэн Жаотой барилдан юүко үнэлгээгээр ялагдан шагналт V байрыг эзлэв.

Энэ жинд нийт 35 бөх барилдсанаас Л.Отгонбаатар "D" хэсэгт багтсан. Тэрбээр Нидерландын Нёл Ван Т Энди, олимпийн мөнгөн, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Кубын Эшли Гонзалесыг ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Гүржийн В.Липартелианд дийлдсэн ч дагах барилдаанд Азарбайжаны бөх М.Мамадалийг юүко үнэлгээгээр ялснаар хүрлийн төлөө барилдахаар шалгарсан. Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Чэн Жаод дийлдэн шагналт V байрыг эзэллээ. "Рио 2016" наадмын жүдо бөхийн төрлөөс Хятадын баг анхны медалиа хүртлээ.

Эмэгтэй 70 кг-д 24 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Наранжаргал "А" хэсэгт багтсан. Манай тамирчин эхний тойрогт Гүржийн Эстер Стамд вазари үнэлгээ алдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

БОКС:

Олимпийн наадмын боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Манай зургаан эрэгтэй тамирчин Риод ирсэнээс хөнгөн жин болох 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчин Куйпо Пилатаксид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн. Бусад тамирчдын хувьд цааш хасагдах шатны тоглолтуудыг хийж байна.

Олимпийн наадмын тав дахь өдөр 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой, 64 кг-д Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай тулалдаж, яллаа. Тэд шөвгийн 16-д үлдсэн бөгөөд наймдугаар сарын 14-с дараагийн тулаанаа хийнэ.

Хамгийн эхэнд рингэнд Б.Чинзориг гарсан. Манай тамирчин өрсөлдөгчөө 3:0-оор илүүрхэн хожиж, шөвгийн 16-д үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч 2015 оны дэлхийн аварга ОХУ-ын Диняцев Витали юм. Тэдний тулаан наймдугаар сарын 14-ний өдөр болно.

56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичарийг мөн л илүүрхэн хожлоо.

Эх сурвалж:news.mn

Ч.БОЛОР

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин