• Эхлэл
  • Ерөнхийлөгч АНУ-ын Энх тайвны корпусын төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч АНУ-ын Энх тайвны корпусын төлөөлөгчидтэй уулзлаа

2016/08/12

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр АНУ-ын Энх тайвны корпусын дарга хатагтай Кэрри Хэсслэр-Радэлет тэргүүтэй Энх тайвны корпус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон албаны бусад хүмүүс байлцав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс болон АНУ хоорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон бусад салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцлоод, үүнд Энх тайвны корпус чухал үүрэг гүйцэтгэж хоёр орны иргэд хоорондын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулж байгааг дурдав.

Монгол дахь Энх тайвны корпусын үйл ажиллагаа анх 1991 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Монгол Улсын 21 аймагт нийт 1200 гаруй сайн дурын ажилтан ажилласан. Тус байгууллагын анхны сайн дурын ажилтан Монгол Улсад ирсэний 25 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Мөн Монгол Улс болон АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд тохиох юм.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол-АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хатагтай Кэрри Хэсслэр-Радэлетийн гаргасан зүтгэлийг үнэлээд, Энх тайвны корпуст хэдэн үеэрээ ажилласан түүний гавьяаг бахдав. К.Хэсслэр-Радэлет нь 20 гаруй насандаа анх Энх тайвны корпуст сайн дурын ажилтнаар орон түүнээс хойш тус байгууллагад ажиллаж иржээ. Тэрбээр 2010 оноос хойш тус байгууллагын дэд даргаар ажиллаж, 2015 оны зургадугаар сард даргаар нь томилогджээ. К.Хэсслэр-Радэлетын өвөг эцэг, эмэг эх, нөхөр, авга эгч нар тус байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллаж байжээ.

Анх 1960 оны аравдугаар сарын 14-нд Сенатор Жон Ф.Кеннеди Мичиганы Их Сургуулийн 5000 гаруй оюутныг хөгжиж буй орны ард иргэдийн сайн сайхны төлөө амьдралынхаа хоёр жилийг зориулахыг уриалснаар Энх тайвны корпусын үйл ажиллагааны үндэс суурь тавигджээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараахан буюу 1961 оны гуравдугаар сарын 1-нд Дэлхийн энх тайван, найрамдалт харилцааг хөхиүлэн дэмжих зорилгоор Энх тайвны корпусыг байгуулж наймдугаар сарын 28-нд анхны 51 сайн дурын ажилтнаа Гана Улсад илгээсэн аж. Үүнээс хойш нийт 220 мянган сайн дурын ажилтан дэлхийн 140 гаруй улсад ажиллажээ.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын 3 сум тутмын нэгэнд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд хүрч, боловсрол, хүүхэд залуучууд, нийгмийн хөгжлийн хөтөлбөр, эрүүл мэндийн боловсролын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллажээ.

Энэ 2016 оны наймдугаар сарын 13-нд Энх тайвны корпусын шугамаар Монголд ажиллах сайн дурын 47 ажилтан тангараг өргөх юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин