• Эхлэл
  • Б.Цогтгэрэл: Гацсан төслүүд хөдөлгөөнд орж эхэллээ

Б.Цогтгэрэл: Гацсан төслүүд хөдөлгөөнд орж эхэллээ

2016/08/23

БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлийн транзит тээврийн туршилтын үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр анхны тээвэрлэлтээ хийж эхэлсэн. Тус тээврийн цувааг БНХАУ-ын Тяньжин боомтод очих үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гурван улсын тээврийн яамны удирдлагуудтай уулзахаар айлчилсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол-Хятад-Орос гурван улсын транзит тээврийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү туршилтын арга хэмжээ Монгол Улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Монгол, Орос, Хятад гурван улсын хоорондох эдийн засгийн коридор байгуулах олон жилийн яриа хэлэлцээр бодит үр дүнд хүрч Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 06 дугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 16 дах удаагийн хурлын үеэр гурван улсын тэргүүн нар хамтарсан гэрээнд гарын үсэг зурсанд бид талархалтай байгаа. Гурван талт эдийн засгийн коридор нь Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын “Транс-Евроазийн бүсийн хөгжил” хөтөлбөрийн нийлүүлсэн томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар гурван улсын Тээврийн асуудал хариуцсан яамд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Үүний хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын туршилтын тээвэрлэлтийн арга хэмжээ нь далайд гарцгүй Монгол Улсын хувьд Азийн авто замын сүлжээний дагуу хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах болон буцах транзит тээвэр хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн манай гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна. Цаашдаа энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмолжсоноор Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европ тив болон ОХУ, БНХАУ-ыг холбосон “Тээвэр логистикийн төв” байгуулах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр олон жил гацаанд байсан гол төслүүд урагшилж, хөдөлгөөнд орж эхэлнэ гэж ойлгож болно.

-Энэхүү туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагааны хүрээнд ямар зорилго тавьсан бэ?

-Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хийх талаар олон жил яригдаж, судалсан зүйлийг бодит байдалд туршин танилцах боломж бүрдэж байна. Энэхүү туршилтын тээвэрлэлтээр бид тээвэр худалдааг хөнгөвчлөх, тээвэр худалдаанд үүсч буй бэрхшээл саадыг арилгах, хамтран шийдвэрлэх арга замыг нээн илрүүлэх зорилготой гэж ойлгож болно.

-Монгол, Орос, Хятад гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэхэд цаашид ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй вэ?

-Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай Автотээврийн хэлэлцээрийг Засгийн газар хоорондын түвшинд байгуулан ажиллаж байгаа бөгөөд манай гурван улсын автотээврийн харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах нь хамгийн чухал юм. Ингэснээр гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх эхлэл бүрдэх бөгөөд цаашдаа дотоодын эрх зүйн зохицуулалтуудаа бий болгох боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд улс хооронд хийгдэх ачаа эргэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол, Орос, Хятад гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэх хэд хэдэн чиглэл баримталж ажиллах шаардлагатай гэж харж байна. Эхний ээлжинд Олон улсын автотээврийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хил гаалийг хөнгөвчлөх, хилээр нэвтрэхэд шаардагдах бичиг баримтыг цөөрүүлэх, гурван улсын автотээврийн салбарт мөрдөгдөж буй стандартын шаардлагыг ижил болгохоос гадна замын дагуух дэд бүтцийг бий болгож, замын төлбөр хураамжийн хэмжээг ойртуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-БНХАУ-ын Зам, тээврийн дэд сайд Монгол Улстай бүхий л талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ уулзалтаар илэрхийлсэн. Энэ талаар та хэрхэн дүгнэж байна?

-Хятадын тал Тяньжиний тээвэр логистикийн төвийн газар болон хөрөнгө оруулалтын асуудал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ер нь БНХАУ манай улстай олон жилийн найрсаг харилцаатай, эдийн засгийн хамгийн таатай боломжуудыг олгож ирсэн улс. Тиймээс хуучин боломжит нөхцөл олгодог байсан бодлогоо хэвээр хадгалж байгаа гэдгийг уулзалтаар онцолж, бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн. Хятадын Зам, тээврийн дэд сайд бид хоёр энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байгаа. Мөн мэдээлэл технологийн болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан гээд хэд хэдэн салбарт ижил ажлын туршлагатай, ижил  сонирхолтой хүмүүс. Тиймээс бидний санаа бодол маш олон зүйл дээр нийлж, ойлголцоход их амар байлаа. Хятадын тал ч бас дээрх асуудлуудад ихээхэн ач холбогдол өгч, цаашид хамтдаа олон асуудлуудыг шийдвэрлэх байр сууриа илэрхийлсэнд нь баяртай байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин