• Эхлэл
  • Хорио цээрийн протоколд гарын үсэг зурав

Хорио цээрийн протоколд гарын үсэг зурав

2016/08/30

МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй өчигдөр уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтын  талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Манай хоёр байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар уулзан ярилцсан зүйлсийн нэг хэсгийг ажил хэрэг болгохоор өнөөдөр бид уулзаж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал “Монгол Улсаас БНХАУ-д  силимарины  үрийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай”,

“Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” хорио цээрийн гурван Протокол, “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Дээрх гэрээ хэлэлцээрийн үр дүнд мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх нэг эх үүсвэр болно. Бизнесийн орчинг дэмжихийн зэрэгцээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийлүүлэгдэх болно гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин