• Эхлэл
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2016/08/31

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч 1957, 1968, 1970, 1985, 2011 онд ихэнх нутгаар,

1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр, 1992, 1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.5 градусаар хүйтэн байсан бол 1966, 1973, 1977, 1978, 1988 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.5 градусаар, 1998, 2000-2002, 2007 онд 2.5-5.7 градусаар дулаан байжээ.

Зарим жилд агаарын үнэмлэхүй их температур зүүн ба говийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч дулаардаг бол үнэмлэхүй бага температур говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-14 градус хүрч хүйтэрдэг байна.   

Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9 мм, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30 мм,  зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43 мм, бусад нутгаар 10-20 мм (2 дугаар зураг) ордог. Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлзэлтэй байдаг.

Тухайлбал: 1973, 1975, 1984, 1987, 1991, 1994, 1999 онд ихэнх нутгаар, 2010 онд говийн нутгаар  олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол 1965-1967, 1978,1980, 1995, 1996, 2000, 2002, 2006 онд харьцангуй бага хур тунадас орж байжээ. 

Салхи 15 м/с-ээс ихсэх тохиолдол баруун зүгийн нутгаар 5 удаа, бусад нутгаар 2-4 удаа ажиглагддаг бөгөөд говийн нутгаар 2-3 удаа шороон шуурга, бусад нутгаар 1-2 удаа цасан ба шороон шуурга шуурдаг. Сүүлийн жилүүдийн мэдээгээр 1980 онд Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 20-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч  байв..

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг.  Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна(3 дугаар зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увс, Ховдын ихэнх нутаг, Завханы баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна(4 дүгээр зурaг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Төв, Өвөрхангайн ихэнх нутаг, Сэлэнгэ, Архангайн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa(3 дугаар зураг).                     

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч арав хоногийн сүүлчээр нь  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Мөн хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч сарын сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна(4 дүгээр зурaг).

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Нэгдүгээр арав хоногийн сүүлч болон сарын дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.                     

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна(3 дугаар зураг).

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар  23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.  

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна(4 дүгээр зураг).  

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 14-16м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар  8-13 градус дулаан буюу Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын  дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна(3 дугаар зураг).        

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр сэрүүсч  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүснэ.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зурaг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин