• Эхлэл
  • Зуугдсан шүүх засаглал

Зуугдсан шүүх засаглал

2016/09/05

“Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэгчээр баасан гариг, баярын өдрийг далимдуулж эрх баригчид хор найруулдаг жишиг Монголд бий.

Энэ л жишгээр УИХ өнгөрсөн баасан гаригт ажил тарсан хойно цаг сунгаж хуралдлаа. Хуралдахдаа бас зүгээргүй, шүүх засаглалын эдийн засгийн хараат бус байдалд халгаатай шийдвэр гаргахаар МАН-ынхан тохиролцов.

Үүнд намын нөхдөө турхирагч нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байсан нь хачирхалтай. УИХ-ын мэргэжлийн парламентч, гарын таван хуруунд багтах урдаа барьдаг хуульч гэж өөрийгөө “дөвийлгөдөг” энэ эрхэм нэгэн цагт шүүхийн гал тогоонд явсан гэдэг. Монголчууд идсэн тогоо руугаа нулимахгүй байхыг чухалчилдаг. Харин мань хүнд... Сүүлийн үед юм л бол шүүх засаглал руу хонзогнож, ил цагаан давшилж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, бах таваа хангадаг болсны цаад учир юу байв.

Сонины шарласан хуудас эргүүлбэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2014 онд УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгатай маргалдаж гурван шатны шүүхээр ялагдал хүлээжээ. Тэдний маргааныг 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгаас уучлалт гуйхаар шийдвэрлэсэн юм.

Ямартаа энэ асуудал яван явсаар дээд шүүхээр дахин хэлэлцэж шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гарсан. Тэгэхээр шат шатны шүүхэд ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүхийн шийдвэрийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Х.Баттулгаас уучлал гуйхаар болсондоо шаралхаж, шүүх засаглалд хонзон санасан уу, үгүй ч байж болно.

Ямартай ч өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр намын нөхдөө навталзуулан байж шүүгч нарын цалинг бууруулах асуудлыг дахин хэлэлцүүлэхээр болгож дөнгөлөө. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байсан юм.

Учир нь эдийн засаг хэчнээн сульдсан ч шүүх засаглалын хараат бус байдал руу халдахгүй байх шийдвэрийг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд шүүгч нарын цалинг хэвээр үлдээх тохиролцоонд хүрээд байсан ч асуудлыг байнгын хороонд дахин оруулахаар болгож дөнгөв. 

Цалинг нь хасвал Монголын 513 шүүгч банкны барьцаанд орж, өөрсдөө шүүхэд дуудагдах дээрээ тулна, шүүхийн хараат бус байдалд аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөл албан ёсоор анхааруулсаар байтал УИХ-д МАН олонхоороо хүч түрэн, “МАН-дуулна” хэмээн тунхаглан гарч ирсэн МАН-ынхны хамгийн “МАН-гар” шийдвэрийн нэг энэ болж магадгүй байна.

Шүүгчийн цалинг бууруулж, шүүх засаглалын эдийн засгийн хараат бус байдалд халдах нь хэдхэн хүний цалинг хассанаас ч илүү хор уршгийг Монгол Улсын эдийн засагт дагуулж мэдэх юм.

Учир нь Төрийн эрх мэдлийг хуваах онолыг аль эрт XVII-XVIII зууны үед хүн төрөлхтөн бодож олсон бөгөөд дэлхийн хөгжилтэй, хөгжингүй бүхий л улс орон энэ л онолоос гажаагүйн хүчинд улс орноо хөгжүүлсэн. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаа мөчирт хувааж, аль нь ч алинаасаа хараат бус байхаар эрх мэдлийг тэнцүү хуваарилах онолыг томъёолсон байдаг аж.

Хэрэв эдгээр гурван засаглал нэгэн гарт төвлөрвөл нийгэм боолчлолд орно гэдгийг ч анхааруулдаг. Энэ бол МАН байтугай маниас өмнө хүн төрөлхтөн бодоод олчихсон онол. Энэхүү онолоор хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нэг гарт орвол тогтоосон хуулийн хэрэгжилт алдарч, дур зоргоороо авирлах явдал газар авна хэмээн давхар дээлтэй байхын хор уршгийг тодорхойлсон байдаг ч эрх баригчид үүнийг зөрчиж, дур зоргоороо авирласаар л ирсэн.

Энэ нь ч эдийн засгийн хямралын үндэс суурь болсон гээд хэлчихэд хэтийдсэн болохгүй. Харин одоо Монголын парламент даарин дээр давс гэгчээр шүүх засаглалын хараат бус байдалд халгаатай шийдвэр гаргахаар ханцуй шамлан дайрч эхэллээ. Энэ бол аюул.

Хэрэв парламент шүүхийг томилдог бол парламентын гаргасан цаг үеийн шийдвэрүүд, шүүхийн хүчээр хэрэгжээд явна гэсэн үг. Ингэснээр нийгэм үнэн, худлыг ялгах хар цагааны дэнсгүй болж, улмаар “ёс суртахууны төөрөгдөлд” орох аюултай бөгөөд эдийн засгийн хямралын үндэс суурь болдог гэдгийг бас л дэлхий нийт томьёолчихсон. Энэ ч үүднээс шүүгчийг томилдог, шүүхийн хараат бус байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй байгууллагыг тусгайлан байгуулдаг. Энэ бол дэлхийн жишиг.

Энэхүү жишгээр Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд Монголд Шүүхийн ерөнхий зөвлөл гэх бие даасан байгууллагыг байгуулсан. Харин мэргэжлийн хуульч гэгддэг Ц.Нямдорж гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгаж, Улсын дээд шүүхийн дэргэд аваачихаар улайм цайм ярьдаг. Тэрээр шүүх эрх мэдлийн хараат бус байдалд халдахаар башир арга өвөртөлж, явдгаа ил цагаан илэрхийлж, олонхдоо эрдэж, овлигогүй загнаж явдаг боллоо. 

Дэлхий нийтийн онолоос тэс өөр шийдвэр гаргахаар зүтгэж байгааг МАН-дуулах биш “МАН-гастах” шийдвэр гэж харахаас өөр яалтай.

Шүүгчийн цалин бол зүгээр нэг цалин төдий зүйл бус шударга ёсны үнэлэмжбөгөөд хараат бус шүүхийн эдийн засгийн гол баталгаа байдаг гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс ч дэлхийн улсууд шүүгчийн цалинг өндрөөр тогтоодог жишигтэй. Мөн эдийн засгийн хямралын үед ч шүүгчийн цалинг бууруулахгүй байхаар тусгайлан хуульчилсан байдаг.

Улсын төсвийн 1 хувьд ч хүрдэггүй 0,66 хувийг эзэлдэг шүүхийн төсвөөс хэмнээд хэмнээд хэдийг хэмнэх юм бэ. Харин ч бүхэл бүтэн шүүх засаглалын хараат бус байдалд халдаж, 513 шүүгчийг амьдралын баталгаагүй болговол шударга ёс үнэгүйднэ. Улс төрд шүүгчийг гаргасан шийдвэрийнх нь төлөөсөнд “ялладаг” буруу жишиг тогтоно. Нөгөө талаар эрх мэдэлтний талаар шүүх энэ мэт шийдвэр гаргахаас эмээж, айдас хүйдэст автаж эхэлнэ.

Ингэж шүүхийн хараат бус байдал улстөрчдийн нөлөө орж, хараат бус шүүхийг цаазын тавцанд аваачиж мэдэхээр улс төрийн ноцтой байдал Монголд үүсээд байна. Хорхойтой араанд зуугдсан шүүх засаглал, шүүхийн шинэтгэл аврал эрэн тийчигнэж байна, МАН-ынхаан.

Шударга шүүхтэй байх нь хүний эрх чөлөөний баталгаа төдийгүй шударга шүүхтэй байх нь тухайн улсын эдийн засгийг 10 орчим хувиар өсгөдөг болохыг судлаачид хэдийнэ тогтоожээ. Тиймээс ч эдийн засгийн хямралыг даван туулах хүрээнд шүүгчийн цалинг танах биш хэвээр үлдээх нь ухаалаг шийдвэр болно гэдгийг эрх баригчдад эргэн нэг сануулья. Ганцхан гишүүний зуултаар асуудлаа шийдвэрлэх нь аль ч үүднээс харсан утгагүй биш гэж үү?  

Л.Төгс

Эх сурвалж: News.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна