• Эхлэл
  • Ц.Мандах: УИХ төрийн залгамж чанарыг хадгалж, хуулиа дээдлэх ёстой

Ц.Мандах: УИХ төрийн залгамж чанарыг хадгалж, хуулиа дээдлэх ёстой

2016/09/05

Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасантай холбогдуулан хууль зүйн ухааны доктор Ц.Мандахаас тодруулга авлаа.

- УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасан.

УИХ-ын гишүүд эдгээр хуулиудыг өмнөх УИХ ёсчлоогүй байсан, тиймээс хууль санаачлагчид нь буцаасан гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь өөрөө зөв зүйтэй эсэх талаар тайлбар өгнө үү?

- Улсын Их Хурал олонхороо нэгэнт баталсан хуулийг буцаана гэдэг нь өөрөө байж боломжгүй зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.4-т “хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтаар гишүүдийн олонхи дэмжсэн бол тухайн хуулийн төсөл батлагдсанд тооцно” гэж маш тодорхой заасан.

Нэгэнт батлагдсан хуулийг Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Нэгдсэн хуралдаан санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол хууль батлагдсанд тооцно гэж заасан.

Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу ёсчлох үйл ажиллагааг явуулах нь Улсын Их Хурлын хуулиар хүлээсэн үүрэг нь байдаг. Гэтэл түүнийг нь өмнөх парламент хийгээгүй орхисноос болж одоо эдгээр ёсчлоогүй гэх хуулиудыг хууль тогтоогчид нь буцаан татаж байна.

Тэгэхлээр нэг ёсондоо өмнөх парламент үүргээ гүйцэтгээгүй орхисноос батлагдсан хуулийг зөвхөн ёсчлоогүй, хүчин төгөлдөр болоогүй гэдэг үндэслэлээр буцаан татаж байна. Энэ нь өөрөө маш буруу жишгийг тогтоож байгаа юм.

-Таны үзэж байгаагаар шинээр байгуулагдсан парламент хуулиудыг ёсчлох ёстой байсан гэсэн үг үү?

- Тэгэлгүй яахав. УИХ-ын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн гээд нэгэнт батлагдсан хуулийг буцааж байгаа нь Монгол Улсад хууль дээдлэх, хууль сахиулах ажиллагаанд цэг тавьж байгаагийн илрэл.

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал өмнөх парламентын батлагдсан боловч ёсчлоогүй хуулийг ёсчлох ёстой юм. Ёсчлох нь өөрөө шинэ парламент байна уу хуучны парламент байна уу түүнээс үл хамааран Улсын Их Хурлын хуулиар хүлээсэн үүрэг. Хууль дээдлэх чинь өөрөө төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим.

Төрийн эрх мэдлийн аль ч байгууллага төрийн залгамж чанарыг хадгалж явах үүрэгтэй. Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой тусгасан байдаг. Төрийн бодлогын залгамж чанарыг Улсын Их Хурал өөрөө хангах ёстой байтал энэ мэтчилэн түүнийхээ эсрэг шийдвэр гаргаад явж болохгүй гэж үзэж байна. 

-Хууль тогтоогчид хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй гэж үзээд тогтоолоор буцаачихлаа. Энэ нь өөрөө хэр зөв бэ?

- Үнэхээр хуулиудыг хэрэгжүүлэхэд бэлтгэл хангагдаагүй гэж үзсэн бол хуулиа ёсчлоод, хууль хэрэгжих хугацааг хуулиар өөрчлөлт оруулж явах ёстой болохоос нэгэнт батлагдсан байгаа хуулийг тогтоолоор буцаана гэдэг бол байж боломжгүй зүйл. Улсын Их Хурлын аливаа тогтоол, шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх ёстой.

Нөгөө талаас хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг төрд ажиллаж байгаа бүх хүн төсөл байхаас судалж, ажлын байрандаа өөрсдийгөө бэлтгэх үүрэгтэй. Хууль хэрэгжүүлэх ажил бөөцийлөх сэтгэлээс ангид санаачлага, ажил хэрэгч байдалд тулгуурлах ёстой бус уу.

- Буцаан татсан эдгээр хуулиудаас Улсын Их Хурал дахь олонх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин өргөн барьж, яаралтай батлуулна гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж, удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, нийгмийн хүлээлттэй байсан өнгөрсөн парламентын үеэд батлагдсан маш чухал хууль юм.

Энэ хууль нь мөн адил ёсчлогдоогүй буюу албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй байснаас болоод харамсалтай нь Улсын Их Хурлаас буцаах шийдвэр гаргачихлаа. Ямар ч байсан нийгмийн зүгээс маш их хүлээлттэй байгаа энэ хуулийн төслийг Засгийн газар ойрын үед УИХ-д өргөн барьж, батлуулах сурагтай.

Гэхдээ энд нэг онцлох зүйл нь дан ганц энэ хуулийг өргөн барьж батлуулснаар хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Учир нь энэ хууль бол шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудтай салшгүй уялдаатай хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ.

- Ярилцсанд баярлалаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна