• Эхлэл
  • Монгол, Японы зэвсэгт хүчний хамтарсан “ЗАМ-2016” сургалт, дадлага боллоо

Монгол, Японы зэвсэгт хүчний хамтарсан “ЗАМ-2016” сургалт, дадлага боллоо

2016/09/12

Монголын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан "Зам-2016" сургалт, дадлага амжилттай болж өндөрлөлөө. Монголын Зэвсэгт хүчний барилга, инженерийн чиглэлд чадавхийг дээшлүүлэх зорилготой гурван жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү хамтарсан сургалт, дадлагын хаалтын ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон юм. Хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцсон. Харин Япон улсын талаас Батлан хамгаалах парламентын дэд сайд Кобаяши Такаюүки, манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын Инженерийн сургуулийн захирал, хошууч генерал Накано Ёошихиса нарын албаны хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээний эхэнд хамтарсан сургалт дадлагын үр дүнгийн талаархи танилцуулгыг хийсэн юм. Танилцуулгаар, сургалтын явцад монгол цэргүүдийн эзэмшсэн дадлага, ур чадварын тухай болоод цаашид анхаарах асуудлын талаар онцолж байлаа. Тухайлбал, гурван жилийн хугацаанд жил бүр 40 гаруй хоногийн хугацаанд үргэлжилдэг энэхүү сургалтад Зэвсэгт хүчний инженерийн ангийн давхардсан тоогоор 70 гаруй цэргийн алба хаагч оролцож тэдний гурав нь Монгол болон Япон улсад болсон бүх сургалтад хамрагджээ. Ингэхдээ манай алба хаагчид зам барилгын хэмжилт хийх, зам барих, асфальт хучилт хийх зэргийг Японы Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн цэргүүдээс бүрэн суралцсан байна. Япончуудын зүгээс тавьж байгаа гол шаардлага бол алба хаагчдын эзэмшсэн дадлага ур чадварыг нь улам лавшруулж зам ангийн ажилд голлох үүрэгтэйгээр ажиллуулж байхыг ЗХЖШ-ын удирдлагуудад илэрхийлэв. Мөн ажиллах боломжийг нь бүрдүүлж, орчин үеийн техник, багаж төхөөрөмжөөр хангахыг онцлон захиж байв.

Үүний дараа "Зам" сургалт, дадлагын хаалтын ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн жагсаалын талбайд боллоо. Сургалт, дадлага амжилттай болсонд Япон улсын Батлан хамгаалах парламентын дэд сайд Кобаяши Такаюүки хоёр улсын цэргүүд болон хүрэлцэн ирсэн зочдод хандаж үг хэлэв. "Монгол Улсын Зэвсэгт хүчний замын салбарын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр гурван жилийн хугацаанд амжилттай болж өндөрлөж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол, Япон хоёр улсын олон хүн оролцсоныг тэмдэглэхдээ таатай байна. Ялангуяа, сургалтын явцад бүхий л хүчээ дайчлан хүчин чармайлт гаргаж оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний холбогдох албаны хүмүүст Япон улсын Батлан хамгаалах яамыг төлөөлөн гүн талархал илэрхийлье. 2012 онд Монгол, Япон хоёр улсын Батлан хамгаалах яамд хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд өргөжин хөгжиж байна. "Хааны эрэлд" олон улсын энхийг дэмжих хээрийн сургуульд Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа. Цэргийн инженер болон эмнэлгийн чиглэлээр чадавхи дээшлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа гээд бидний хамтын ажиллагаа гүнзгийрч, итгэлцэл тэр хэмжээгээр бат тогтож байгаад баяртай байна. Манай хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа улам гүнзгийрч байгаа энэ үед ирэх жилийн эхээр Монгол дахь Японы Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташег томилон ажиллуулахаар төлөвлөж байна. Цаашдаа манай хоёр улсын цэргийн алба хаагчид барилга инженерийн чиглэлээр энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох боломж байгаа гэдэгт итгэж байна. Мэдээж сургалтад хамрагдсан Монголын цэргүүд Зэвсэгт хүчнийхээ барилга байгууламж, замыг чанарын өндөр төвшинд шинэчлээд зогсохгүй эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох байх гэж бодож байна. Зэвсэгт хүчний барилга, инженерийн бусад бүрэлдэхүүндээ сурч авсан мэдлэг, дадлага, ур чадвараа өвлүүлэх байх гэж бас харж байна. Хэдийгээр бидний барьсан зам сургалтын төвшинд хийгдсэн гэдэг утгаараа богинохон ч, түүнийг хийж чаддаг болсон ур чадвар нь маш урт байх болно" хэмээн онцолсон.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Японы Өөрийгөө хамгаалах хүчний инженерүүдэд Монголын дайчид нөхөртөө зам барилга барих мэдлэгээ хуваалцаж, зааж сургасанд талархал илэрхийлж үг хэлсэн. Тэрээр Японы инженер цэргүүдийн тавьж буй анхаарах асуудлын дагуу алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг улам бэхжүүлж, энхийг дэмжих ажиллагаанд хоёрын улсын Зэвсэгт хүчин барилга, инженерийн чиглэлд хамтран ажиллах боломж байгаа тухай онцолсон юм. Эцэст нь, сургалт, дадлагад амжилттай оролцсон бүрэлдэхүүн хоёр улсын Батлан хамгаалах яамнаас батламж, дурсгал гардуулсан. Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдыг шагнаж урамшуулсан бол ЗХЖШ-ын талархалын дурсгалын зүйлийг Япон, Монгол БХЯ бусад албаныханд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат гардуулан өгсөн юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин