• Эхлэл
  • Багануурын уурхай урт хугацааны ТЭЗҮ боловсруулжээ

Багануурын уурхай урт хугацааны ТЭЗҮ боловсруулжээ

2016/09/13

Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж бүх боломжит хувилбарыг тусгасан Багануурын уурхайн урт хугацааны буюу хаалт хүртэлх Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг олон улсын стандартын дагуу боловсруулжээ.

2014 онд Багануурын уурхай нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор ордын хэмжээнд геологи хайгуулын ажлыг Норвест, Эрдгео компаниудаар хийлгүүлж, нүүрсний нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж 812 сая тонн болгосон юм. Уг нөөц дээр тулгуурлан Австралийн Ранги Пинкок Минарко болон Балчулуу компаниуд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хэрхэн хангах, техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрхэн хийх зэрэг техник, эдийн засгийн тооцооллуудыг боловсруулж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, Багануурын уурхайн хүчин чадлыг 2018 онд 6.5 сая тонн, 2019 онд 8.0 сая тонн, 2020 онд 10.0 сая тонн хүртэл нэмэгдүүлж, ил уурхайн эцсийн гүнийг 300 метр хүртэл ашиглалт явуулахаар тооцоолжээ.

Багануурын уурхай нь манай улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувь, төвийн бүсийн 60 хувийг дангаараа хангадаг. Багануурын уурхайн нүүрсний нөөц өнөөдрийн байдлаар 812.0 сая тонн. Энэ нөөцдөө тулгуурлан жилд 10.0 сая тонноор олборлолт хийнэ гэж тооцвол Монголын эрчим хүчний нүүрсний эрэлтийг 60 гаруй жил тасралтгүй хангаж чадах аж.

Түүнчлэн урт хугацааны ТЭЗҮ нь олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт авахад чухал шаардлагатай бичиг баримт болох аж. ТЭЗҮ хүлээлгэн өгөх арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр болон Эрчим хүчний яам, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Ранги Пинкок Минарко, Балчулуу компанийн төлөөллүүд оролцлоо.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин