УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд дараах асуултыг асууж, хариулт авсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
- Орлогыг яаж тооцож байгаа вэ? Юуг хэмнэх гэж байгаа юм бэ? Хоёрдугаарт, тодотголоор хасахаас яригдаад байсан эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг байхгүй болгосон гэж байсан ч эргээд оруулж байгаа юм шиг байна. Тэлэлтийг яаж тооцоолж байгаа вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
- Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ганц зарчим нь өр тавьдаг. Өнөөдөр зээлийн хүүнд нэг их наяд төгрөг төлж байна. Энэ байдлаар яваад байвал төсвийн хямрал болох магадлалтай. Алдагдалтай байгаа 2,5 их наяд төгрөгийн хувьд эх үүсвэргүй зардлыг бага байлгах алдагдлыг бууруулах чиглэл барьсан. Эмч багш нартай холбоотой 36 сарын тэтгэмж төсвийн зардал талдаа ороод явдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД
- Засгийн газар өмнө нь татвар нэмэх хэвээр байгаа гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл өнөөдөр татвар нэмэхгүй байхаар болсон гэж мэдэгдлээ. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс хэсэг хугацаанд аж ахуй нэгжээ хуураад сонгуулийн дараа аж ахуй нэгжүүд рүү дайралт хийх юм бол буруу улс төр болно шүү. Сонгууль болгонд зориулаад хандны мангаа бий болгодог зүйлээ боль. УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийг идчихлээ гэж хэлээд танай нам олон тойргийг өөрийн болгосон. Одоо яагаад “Эрдэнэт”-ийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихлөө. Яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлыг нэг тийш болгоод шийдчихэж болохгүй байгаа юм бэ? Хэн хулгайчийг бариарай гэж орилдог билээ. Түүн шиг юм болох гээд байгаа юм биш үү.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
- Татвар нэмэх асуудал өмнөх төсвийн тодотголын үеэр яригдаж байсан асуудал. Гэхдээ татвар нэмэхдээ нийтийг хамарсан татвар нэмнэ яриагүй. Тухайн үед МАН-ын бүлэг дээр ярьж байгаад хойшлуулах нь зүйтэй гэж шийдсэн. Жижиг болон дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжээс татвар авах шаардлага байхгүй. Өнөөдөр яагаад татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй вэ гэхээр аж ахуй нэгж хүнд байдалд байна. Тиймээс татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал дээр бол бид ил болгосон. Тухайлбал өмнөх Сангийн сайдын шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгосон. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийг 51 хувийг хариуцаад явна” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН
- Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна гэсэн мэдээлэл авлаа. Валютын сан 300 сая доллараас дээш мөнгө манайд өгөхгүй шүү. Валютын санд хөтлөгдөөд цааш явах гээд байна уу? Валютын сантай тусгай гэрээ хэлэлцээр хийгээд явах уу? Оюутолгой дээр анхаараач Ерөнхий сайдаа. Энэ компанийн орлого Монголын эдийн засгаас гадуур тойрч яваа шүү. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харахгүй бол Оюутолгой мэт хуурамч төсөл Монголд туслахгүй шүү.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
- Миний бие олон салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Ихэнх салбарын төлөөлөл дэмжиж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Тиймээс шинээр гурван сан нэмж байгуулахаар төсвийн төсөлд тусгасан. Засгийн газрын гол шийдвэрлэх ёстой асуудал бол өр төлбөрийн асуудал. Тиймээс одоогийн байгаа нөхцөл байдлаас дордуулахгүйгээр зээлийн төлбөрийг төлнө. Чойжилсүрэн сайд Олон улсын валютын сангийн намрын уулзалтад оролцсон. Түүнээс зээл тусламж ярихаар яваагүй. Энэ аравдугаар сард Олон улсын валютын сангаас манай улсад ирж эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийнэ. Тэрхүү дүгнэлтийн дараа тусламж авах эсэхээ шийдвэрлэнэ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. Эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулах асуудлаар өмнө нь хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн. Д.Лүндээжанцан гишүүн энэ тэтгэмж сүүлийн дөрвөн сар байхгүй болсон гэсэн гэдэг үнэн шдээ. Ерөнхий сайд гадуур явахаараа 2017 он хүртэл тэтгэвэрт гарахгүй тэвчээрэй гэх юм. Тийм тэвчээртэй яваад байх зүйл ч биш л дээ. Улсын төсвийн тодотгол хэлэлцэх үед энэ тэтгэмжийн хэмжээг бууруулаад 1-12 болгоод кнопдчихсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нэг удаагийн тэтгэмжээ авч чадаагүй хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ. Үүнд хариулт авмаар байна. Түүнчлэн 36 сарын тэтгэмжийг бууруулснаар улс төр хийгээд байгаа юм биш. Харин багш эмч нарын нэг удаагийн тэтэтгэмжийг 36 сар байх ёстой гэдэг дээр Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байгаа юм.
Бусад гишүүд ч гэсэн ийм байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Энэ асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй. Гэтэл дахиад л 2017 оны улсын төсөвт энэ асуудлыг оруулж ирэхдээ 36 хүртэл гээд оруулаад ирсэн. Хэд болгож ч бууруулж болно гэсэн тодорхойгүй зүйл оруулж ирлээ. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор Би нэг санал оруулъя багш эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байна гэсэн өгүүлбэр оруулчих. Ийм хоёрын хооронд гурвын дунд тоо оруулж ирж нийгмийг багш эмч нарыг битгий бужигнуул. Зарчмын хувьд саналаа оруулна. Төсөв дээр ажиллаж байгаа хүмүүс үүнийг анхаараад авна биз.
Ерөнхий сайдын хэлснээр 2017 он гараад тэтгэвэртээ гарна гээд хүлээдэг хөгшчүүл байхгүй Дараагийн асуудал орлогын тухай ерөөсөө ярихгүй юм уу гэдгийг тодруулмаар байна. Саяхан Ерөнхий сайд Оюутолгойгийнхонтой уулзсан гэсэн. Гадагшаа гараад байгаа мөнгөө монголын банкаар оруулж ирэх юм у үгүй юм уу. Монголын бүх баялгаа гадагш нь өгчихөөд нэг ширхэг цент ч Монгол Улсын банкаар дамжиж орж ирэгүй байгаа шүү. Энэ тухай өнгөрсөн дөрвөн жил хэлээд бараагүй. Одоо мөн заавал хэлэхгүй бол валютын хомсдол Оюутолгойн үйл ажиллагаанаас болж үүссэн.
Далд уурхайн хөрөнгө оруулалт мөнгө орж ирж байгаа боловч манай дахиад үйл ажиллагаа үүсэхэд манай бүх зэс алт мөнгө гадагшаа гараад монголд нэг цент ч орж ирэхгүй байгаа. Энэ урсгалыг зохицуулахгүй бол хэзээ ч валютын хомсдол ханшийн савалгаанаас салахгүй. Бусад бүх аж ахуйн нэгжүүд ингэж оруулж ирж байгаа. Ганцхан Оюутолгой монополь эрхтэй баяжмалын мөнгөө гадаадад байршуулж байна гэлээ.
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Эх сурвалж: www.news.mn
Сэтгэгдэл байхгүй байна