УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн Мягмар, Лхагва гарагт Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллав. Иргэдийн санал бодлыг сонсох, УИХ-ын анхдугаар чуулган, ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан болон ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй хууль тогтоомж, эдийн засгийн хямралт байдлаас гарах чиглэлээр төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилтын талаар энэ үеэр танилцуулсан юм.
УИХ-ын дарга М.Энхболдыг дагалдан тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн нарын зэрэг албаны хүмүүс ажилласан юм. Гурван аймагт болсон уулзалтын үеэр юу яригдсан, ямар асуудалд гол анхаарлаа хандуулсан, иргэд ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.
ӨРГӨС АВЧ БУЙ ЮМ ШИГЭЭР ЭДИЙН ЗАСГАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БОЛОМЖ АЛДАГДСАН
М.Энхболд дарга иргэдэд хандаж хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид юунд зорьж байгааг товч танилцуулсан юм.
-Байдал тун амаргүй байна. 2016 оны эцэст манай эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь л байна гэж таамаглаж байна. 2016 онд төсвийн алдагдал 3.4 хувь байх ёстой гэж УИХ баталсан. Гэтэл 18.2 хувь болж, ДНБ-ий бараг 20 хувьд хүрээд байна. 4.6 тэрбум ам долларт хүрч байсан гаднын хөрөнгө оруулалт 180 сая ам долларт хүрч 25 дахин буурлаа. ДНБ-ийхээ бараг 80 хувьтай тэнцэх өртэй болчихож.
Гэхдээ бид бусдад бурууг тохоод суухыг урьдал болгоогүй. Үнэндээ бол “арай ч дээ” гэмээр байдалд л улс орныг оруулчихаж. Бид өнгөрсөн 3 сарын дотор хямралт байдлаас хэрхэн гарах арга замыг сүвэгчилж, сонгуулийн амлалтаа биелүүлэх алхмуудыг хийж байна. Маш их зүйл хийх ёстой. Өргөс авч буй юм шиг нэг л өдөр юм уу, хэсэгхэн хугацаанд эдийн засгийг эрүүлжүүлчих боломж үнэхээр алга болж гэж тэрбээр тэмдэглэсэн юм.
Сайд Н.Номтойбаяр “IX сард ахмадуудын тэтгэврийг тавихын тулд 31.0 тэрбум төгрөг зээлсэн. 2017 оны тэтгэврийн санд 100.0 тэрбум төгрөг сох дутаж байна. Хүүхдийн мөнгийг олгохын тулд Засгийн газар 40.0 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаж байж эх үүсвэрээ бүрдүүллээ” гэж хэлсэн нь улс орны эдийн засаг үнэхээр амаргүй хүнд нөхцөлд байгааг харуулж байна.
ТАТВАР НЭМЭХГҮЙ, ЦАЛИНГ БУУРУУЛАХГҮЙ
Хямралаас яаж гарах вэ? Энэ талаар байр суурь, бодлого зорилгоо М.Энхболд дарга илэрхийлсэн юм.
-Юуны өмнө төсвийн алдагдлаа багасгах, гаднын хөрөнгө оруулалтыг эгүүлэн татах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экологийн цэвэр болон экспортын чиглэлийн, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, томоохон төслүүдээ хөдөлгөх шийдлийг олох нь нэн чухал байна. Энэ чиглэлийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ, Засгийн газар ажиллаж байна.
Татвар нэмэхгүй, цалинг бууруулахгүй. Энэ бол УИХ-ын барьж буй бодлого. Засгийн газар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1.0 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ы Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байна.
Төсвийн хэмнэлт гаргасан төсвийн захирагчид хэмнэсэн мөнгийг нь үлдээх зарчмыг баримтална. Ер нь хэмнэлт гаргах асуудлыг дээрээсээ үлгэрлэх ёстой. Сая УИХ-ын Тамгын газар бүтэц, орон тоогоо батлахдаа 10.0 хувийн хэмнэлт гаргасан. Бид өөрсдөөсөө эхэлж байна гэсэн үг.
Энэ арга хэмжээ бусдад үлгэр дуурайл болоосой гэж бодож байна. “Захиргааны ерөнхий хууль” хэрэгжиж эхэлсэн. Төрийн байгууллага, түүний шийдвэрт иргэдийн оролцоо, хяналтыг бататгасан хууль. Энэ эрхээ эдлээрэй. Орон нутгийн удирдлагууд иргэдээ сонсож байж шийдвэрээ гаргах ёстой" гэв.
2.2 ХУВИАС ДЭЭШГҮЙ ХҮҮТЭЙ, 20 ЖИЛЭЭС ДЭЭШ ХУГАЦААТАЙ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ АВНА
-Нэгэнт улсын сан хөмрөг хоосорсон энэ үед гаднаас зээл, тусламж авахаас өөр алга. Гэхдээ өмнөх Засгийн газрын авсан шиг өндөр хүүтэй, богино хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн мөнгө авч, өрд унахгүй. Хөгжлийн зээл байх ёстой. Жилийн 2.2 хувиас дээшгүй хүүтэй, 20 жилээс дээш хугацаатай байх нь гол шалгуур байх болно гэж УИХ-ын дарга хэлэв.
Зориуд тэмдэглэж хэлсэн нэг зүйл бол цалин, тэтгэвэр нэмэх тухай асуудал байв. “Ойрын үед цалин, тэтгэврийг нэмэх боломж үнэхээр алга. Гэхдээ эдийн засагт өгөөж, ашиг бий болсны дараа боломж олдонгуут хамгийн түрүүнд энэ асуудлыг шийднэ” гэснийг иргэд ойлгон хүлээж авч байгаагаа илэрхийлж байв.
-Эдийн засгийг МАН-ын Засгийн газар эрүүлжүүлж, хямралаас гаргах хариуцлагатай үүрэг хүлээж байна. Та бүхэнд эдийн засгийн өсөлтийг ийм хувьд хүргэнэ гэсэн тооцоо байна уу гэсэн иргэний асуултад УИХ-ын дарга “2017 онд 3.0, 2018 онд 5.1, 2019 он гэхэд 7.1 хувьд хүргэж өсгөнө хэмээн баримжаалж байна гэж хариулсан.
ХҮҮХДИЙН МӨНГӨ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЦААШИД ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ
-Хүүхдийн мөнгийг ямар нэг ялгаваргүйгээр олгоно. 5-наас банкууд руу түрүүчийн мөнгө шилжинэ. 39.6 тэрбум төгрөг шаардагдсан. Эх үүсвэрийг нь бүрдүүлсэн.
Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг УИХ, Засгийн газар дэмжиж байгаа. Ажлын байр бий болж, хүүхдүүд асрах хүнтэй, залуус ажил төрөл эрхэлж, амьдралаа өөд татах боломжтой болж байгаа гэдэг утгаар нь дэмжиж байгаа юм. Тэгэхээр цаашид үргэлжилнэ. Алга болгочихсон зүйл байхгүй гэж УИХ-ын дарга, холбогдох албаны хүмүүс тайлбарлаж байлаа.
Мөн төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг ч зогсоогоогүйгэдгийг хэлсэн. Гэхдээ оны үлдэж буй 3 сард өгч чадахгүй нь гэдгээ ч илэрхийлж, болж өгвөлшинэ он гартал тэтгэвэрт битгий гараарай гэж иргэдээс хүсэж байв. Харин 2017.01.01-нээс хэвийн олгож эхэлнэ хэмээн амлалаа. Оюутны сургалтын төлбөрийн зээлтэй холбоотой асуултууд нэлээд гарч байсанд өгсөн хариулт лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа.
“АМЛАЛТААСАА УХРАХГҮЙ” БУЮУ “САЙН МЭДЭЭНҮҮД”
“МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалт, зорилтынхоо нэгээс нь ч буцаагүй. Буцах ч үгүй. Эхний алхмуудаа хийгээд эхэлсэн” хэмээн УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж байлаа. Амлалт хэрэгжүүлэхийн төлөө хийж эхэлсэн ажлын талаарх “Сайн мэдээ”-ний заримаас УИХ-ын дарга болон Эрүүл мэндийн сайд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар танилцуулснаас толилуулъя.
0-5 насны хүүхдэд 2017.01.01-нээс эм үнэгүй өгөхөөр боллоо.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах амлалтаа биелүүлнэ. Цаашид үе шаттайгаар 10 хүртэл хувиар бууруулна.
Шилэн эмнэлэг байгуулна. Яаралтай тусламжид 2017 оны эхний улиралд багтаан нисдэг тэрэг явуулдаг болно.
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төсөл удахгүй УИХ-д өргөн баригдана.
Диализийн аппаратад мөнгө төлж биш, үнэгүй ордог болно. Элэгний “Харвони” эмийн үнийг 400$-оос 300 болгож буурууллаа.
ДУУЛИАН ТОЙРСОН АСУУЛТАД ӨГСӨН ХАРИУ
Иргэдийн асуулт дуулиан, шуугианаас холуур байсангүй. “Эрдэнэт”-ийн 49 хувиас эхлээд офшороор дамжин, Үндсэн хуулийн өөрчлөлт хүртэл үргэлжлэв. УИХ-ын дарга “Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирснийг буруутгах аргагүй. Харин ирсэн хойно нь Засгийн газар, түүний байгууллагууд бүтэц зохион байгуулалт, дүрэм журамд нь элдэв өөрчлөлт хийснийг зөвтгөх эрх байхгүй” гэж хэлсэн бол офшорын талаарх асуултад “Төрийн албан хаагч офшорт данстай байхыг хатуу хориглоно. Энэ талаар хууль гарна” гэж хариуллаа. Харин “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу” гэсэн асуултад “Ард түмнээсээ асууна. Тэгж байж шийднэ” гэв.
Иргэд шүүмжлэл хэлж, захиа даалгавар ч өгч байсныг дурдах ёстой. Тухайлбал, намын харьяаллаар ялгаварлан төрийн албан хаагчдыг халж байна гэсэн шүүмжлэлийн хариуд М.Энхболд “Төрийн албан хаагчдыг байгууллагынх нь бүтэц өөрчлөгдөж, ажлын байр нь үгүй болсон, ёс зүйгээ зөрчсөн, өөрөө өргөдлөө өгсөн гэх мэт цөөн шалтгаанаар өөрчилж болно. Хууль бусаар халж болохгүй. Ийм зүйл гарсан бол өргөдлөө өгч Шүүх, Төрийн албаны зөвлөлөөр шийдүүлэх ёстой” гэв.
Архангайн нэгэн иргэн “Ард түмний өгсөн энэ их итгэлийг МАН даасан шиг даагаарай. Чадахгүй бол АН-ын араас орно шүү” гэсэн үгийн үнэнд иргэд ч, сайд дарга нар ч ижил байр суурьтай байлаа.
Хоёр өдрийн дотор гурван аймаг дамнан үргэлжилсэн УИХ-ын даргын ажлын өдрүүдийн үеэр шинэ төр, засгийн удирдагч, сайд нар ард түмэндээ үнэнээ шулуухан хэлж, иргэд ч жинхэнэ үнэнийг өөрсдийнх нь амнаас сонссондоо сэтгэл өег үлдлээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл байхгүй байна