• Эхлэл
  • Ц.Элбэгдорж: Шүүхийн шинэтгэлийн ажил үргэлжилнэ

Ц.Элбэгдорж: Шүүхийн шинэтгэлийн ажил үргэлжилнэ

2016/10/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2016.10.11/ “Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүхийн багц хууль дөрөвдэхь жилдээ хэрэгжиж байна. Өнөөдрийн бидний ярих гэж байгаа, хэлэлцэх гэж байгаа, асуудал бол шүүхэд явагдаж байгаа Монгол Улс даяар шүүх эрх мэдлийн байгууллагад явагдаж байгаа өөрчлөлтийн маш багахан хэсгийн тухай ярих гэж байна.

Нэг дэвшил гарсан нь бол ялангуя дотоодын болон гадаадын, Олон улсын бие даасан байгууллагын судалгаа их явагддаг.

Монгол улсад шүүхийн шинэчлэл, шүүхийн хараат бус байдал, иргэдийн зүгээс шүүхэд итгэх итгэл хэр нэмэгдэж байна гэх мэт.

2008-2009 оны үед авч байсан судалгаагаар шүүхэд итгэх итгэл 20 орчим хувьд эргэлддэг байсан бол одоо энэ хараат бус судалгаагаар гаргаж буй дүнгээр дээр дурьдсан хувь гурав дахин нэмэгдсэн байгаа юм. Ойролцоогоор 50-60 хувьд хүрсэн үг.

Ерөнхий дөө 60 хувьд хүрч байгаа нь энд явагдаж байгаа ажил нь  үр дүнд хүрч байгааг харуулж буй хэрэг. Хоёрдахь сайн юм бол ямар учраас шүүхийн шинэчлэл амжилттай явж байна вэ гэхээр ойлголцол байгаа. Ард иргэдийн зүгээс шүүхийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй байна гэж ярьдаг байсан.

Иргэдийн зүгээс гарсан санал хүсэлт чухал байсан. Хамгийн гол нь ард иргэд, шүүгч хоорондын ойлголцол сайн байлаа. Тэгээд УИХ, хууль тогтоогчид, шүүхийн байгууллага, Ерөнхийлөгч хоорондын ойлголцол нэг түвшинд хүрч чадсан учраас бидний ажил сайн явж байгаа. Монгол Улс шүүхийн салбарт хийсэн амжилтаас ухрахгүй гэдэгт итгэж байна. Сонгуулийн дараа төрийн байгууллагад халаа сэлгээ явж байгаа.

Сонгууль болсон ч шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчид ажлаасаа халагдах зүйл байхгүй болсон. Энэ бол баталгаа бий болсны нэг сайн тал гэж харагдаж байна. Шүүгчдээ халаад эхлэх юм бол төрийн залгамж чанар байхгүй болно. Төрийн залгамж чанар явах эцсийн цэг нь шүүхийн байгууллага. Уг нь бол төрийн залгамж чанар бүхий л байгууллагад явж байх ёстой.

Тэгэхээр бид шүүхийн байгууллагаас үлгэр жишээ авах хэмжээнд хүрсэн байгаа нь зөв хэлбэр. УИХ дээр хэдий хүнд байсан ч шүүгчийн цалинг хөндөхгүйгээр цааш явж байгаа нь улс төрийн хувьд хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд баталгаа гарч ирж байгааг харуулсан сайн хэлбэр юм. Шүүх бол иргэний эрхийг хамгаалдаг байгууллага.

Нийт ард иргэдийн 10 хувь хууль зөрчиж байна гэж үзэхэд үлдсэн 90 хувийг эзлэх иргэдийн эрхийг шүүгчид хамгаалж байгаа хэлбэр, ойлголт үүгээр бэхжиж байгаа. Зөвхөн шүүхийн танхимд хэрэг тасалдаг биш, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа дөрвөн хэрэг тутмын нэгд нь техникийн дэвшил ашиглаж байгаа нь чухал юм.

Шүүхийн байгууллага хөрөнгө мөнгө албан тушаалд автдаг байдал байхгүй болсон гэж би харж байна. Шүүхээр орж ирж байгаа таван хэрэг тутмын нэг нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байгаа нь сайн хэрэг. Цаашид эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлалыг авч ашиглах юм бол зөв болох гээд байгаа.

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар бол тухайн иргэн хүний хууль зөрчсөн үйлдлийг ялгаад өгчихөөр ямар үйлдэл нь зөрчил болж, ямар үйлдэл нь гэмт хэрэг болох вэ гэдэг нь жирийн иргэдэд ойлгомжтой сайн хууль байсан. УИХ-ын дарга Эрүү, Зөрчлийн хуулийг дагалдах таван хуулийг энэ намрын чуулганаар багтааж батална гэж оруулсан байна лээ. Би хувьдаа дэмжиж байгаа. Цаашид шүүхийн шинэтгэлийн ажил үргэлжилнэ” гэв.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунтунгалаг “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ачааллаа хуваарилж ажиллахад анхаарч байна. Ингэхдээ шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлсэн эвлэрүүлэн зуучлал хэрэгжиж, 7000 гаруй хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдсэн байна. Дагнасан шүүх байгаа нь ач холбогдолтой болсон гэж шүүгчид үзэж байгаа.

Яагаад гэхээр эрүүгийн хэрэг, иргэний хэрэг шийдвэрлэх хууль болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зарчим нь ялгаатай. Тиймээс дагнасан шүүх байгаа нь шүүгчид нарийн мэргэших, туршлага хуримтлуулах боломж олгодог. Энэ нь шүүхийн хүртээмжтэй шуурхайн байдалд нөлөөлж байна гэдэг судалгаа гарсан. Иргэний хэргийн шүүх тодорхой асуудлыг зорилт болгож тавьсан.

Нэгдүгээрт, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх хугацааг түргэн болгох тал дээр анхаарах. Хоёрдугаарт, шүүгч нар хууль тайлбарлан хэрэглэх ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийж байна. Шүүхийн байгууллага иргэдэд эрх зүйн хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тиймээс шүүх үйлчилгээний тал руу хөгжих шаардлага байгаа” гэв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо “Манай шүүх 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн хорих ангитай цахимаар холбогдож ялтныг шүүх хуралдаанд оролцуулах, шүүх хуралдаанд оролцох хууль эрх зүйгээр хангаж оролцуулж байгаа. 2015 оны дөрөвдүгээр сараас хойн нийтдээ 915 хэрэг хянан шийдвэрлэсний 82 шүүх хурал нь цахимаар оролцуулсан.

Энэ жил 643 хэрэг хянан шийдвэрлэснээс 171-ийг онлайнаар оролцуулсан. Цахим шүүх хурлыг иргэд талархалтайгаар хүлээж авч байгаа. 2015,2016 онд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тоо буурсан. Энэ нь Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл прокурорын хяналтын шатанд хэрэг хэрэгсэхгүй болдог, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болдог, зарим хорих ял хасагдсан, ялтай байдал хасагдсан зэргээс хамаараад давж заалдах шатны шүүхэд ирэх хэргийн тоо буурсан” гэв.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна