• Эхлэл
  • БНСУ-д “харласан” иргэд өршөөлд хамрагдаж болно

БНСУ-д “харласан” иргэд өршөөлд хамрагдаж болно

2016/10/14

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдэд үзүүлэх өршөөлийн аяныг сунгажээ.

Тодруулбал, өршөөлийн аяны хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Уг аяны хүрээнд визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлөх юм.Өмнө нь хууль бусаар оршин сууж байсан хугацаанаас нь хамаарч дахин БНСУ-ын хилээр нэвтрэх эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хязгаарлаж байжээ.

Мөн хууль гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлөх аж. Түүгээр ч барахгүй түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаах юм байна.

Эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч дахин тус улсад ирэх боломжтой.

Дээр дурдсан хөнгөлөлт үзүүлэх аяны хажуугаар баривчилгааны ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь 5 жил хүртэл хязгаарлах арга хэмжээ авна.

Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгуулийн хэмжээг өсгөх болно гэж БНСУ-ыг элчин сайдын яамнаас мэдээллээ.

 Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?

- Сайн дураар буцаж буй гадаадын иргэн нь тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан сайн дураар эх орондоо буцаж буй талаарх мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно.

- Өөр хүний гадаад паспортаар Солонгост ирсэн зэрэг баримт бичгийн зөрчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас гурван хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албантай урьдчилан холбоо барих хэрэгтэй.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулж болно.

Дашрамд дурдахад, Энэ аяны гол агуулга нь визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд буцаж БНСУ-д орж ирэх хоригоос чөлөөлөхөд оршиж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин