• Эхлэл
  • Нэмэлт болон дахин санал хураалтууд

Нэмэлт болон дахин санал хураалтууд

2016/10/20

Орон даяар Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 19-нд болж өндөрлөсөн. Санал хураалтын өдрийн 22.00 цагийн байдлаар аймгуудын ирц саналын босго 50 хувь руу дөхсөн, нийслэлийн дүүргүүдэд гурван дүүргийн саналын ирц хүрээгүй байсан талаар бид мэдээлсэн билээ. Санал хураалтын шөнө 02.00 цагт Нийслэлийн сонгуулийн хорооноос урьдчилсан дүнгийн талаарх мэдээллийг хүргэсэн. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийгээгүй байсан юм. /Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээллийг энд дарж үзнэ үү/

Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

 

 

 

 

 

 

        

        СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлснээр орон даяар нийт 1765 тойрогт санал хураалт явуулснаас 135 тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Үүний 57 тойрог нь орон нутагт буюу аймгуудад, 78 тойрог нийслэлийнх. Уг нь өчигдөр нийслэлийн сонгуулийн хорооноос 79 тойрогт нэмэлт санал хураалт явуулна гэж байсан юм. Эдгээрийг хэсгүүдээр нарийвчлан авч үзвэл нийт 2082 хэсгийн 293 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулна. Үүний 80 хэсэг нь аймаг, орон нутгийн, 213 нь нийслэлийнх юм байна. Дашрамд өмнө саналаа өгсөн хүмүүс энэ удаад саналаа өгөхгүй учраас үүнийг нэмэлт санал хураалт гэж тодотгож байгаа юм. Нэмэлт санал хураалт энэ амралтын өдөр буюу аравдугаар сарын 23-нд болно.

Харин энэ удаад дахин санал хураалт гэсэн бас нэг ойлголт гарч ирж байгаа. Нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулдаг бөгөөд энэ удаад 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн байна. Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ны өдөр явуулах юм байна. Иргэдийн зүгээс нэмэлт болон дахин санал хураалтыг яагаад цугт нь нэг өдөр явуулж болдоггүй юм бэ гэсэн асуулт гарч магадгүй. Харин үүнийг нэмэлт санал хураалт, дахин санал хураалт нь хоёр өөр ажиллагаа гэж тайлбарлаж байгаа юм.

Ингээд дахин санал хураалт явуулах тойргийн мэдээллийг хүргэж байна. Үүнд

-Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг

-Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг

-Говь алтай нэг тойрог, нэг хэсэг

-Дорнод зургаан тойрог, найман хэсэг

-Дундговь нэг тойрог, нэг хэсэг

-Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг

-Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг

-Хэнтий нэг тойрог, нэг хэсэг

-Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг

-Орхон 17 тойрог, 27 хэсэг

-Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг

-Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг

-Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг

-Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг

-Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг

-Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг

            -Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт тус тус нэмэлт санал хураалт явуулах юм байна.

Дашрамд сануулахад орон нутгийн сонгуулийн 1765 тойрогт 15 мянган нэр дэвшигч өрсөлдсөн. Тиймээс өнгөрсөн УИХ, НИТХ-ын сонгууль шиг мэдээллийг шууд хүргэх техникийн боломж байгаагүй, мөн дүнг нэгтгэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай байлаа гэж СЕХ-ноос тайлбарлаж байлаа.  

Хуульд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо дүн мэдээг тав хоногийн дотор багтаан гаргаж, сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Үүнийг олон нийтэд долоо хоногийн хугацаанд мэдүүлэх ёстой юм байна.

Ингэсээр энэ удаагийн сонгуулийн эцсийн дүн ирэх арваннэгдүгээр сард гарах бололтой.

А.Ану

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.

Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлэл. 2016.10.20-ны 02.00 цаг

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин