• Эхлэл
  • Төрөөс мөнгөний бодлогын баримтлах Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэнэ

Төрөөс мөнгөний бодлогын баримтлах Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэнэ

2016/10/21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2016.10.20/ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа.

Тэрээр танилцуулгадаа “Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан гэдгийг мэдэгдлээ.

Мөн тэрээр улсын өрийн зохистой удирдлага, төрийн төлөвлөлтийг макро түвшний бодлого, зорилттой нийцүүлэхээс өмнө гадаад зээлийн төлбөрийн хугацаа болж, хүндрэл үүсэхээр байгаагаас гадна макро эдийн засгийн бодлогод шаардлагатай тохиргоог хийлгүй хугацаа алдсанаас гадаад валютын нөөц, валютын ханшид дарамт учирсан орчинд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг дунд хугацаанд 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байгааг дурьдав.

Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд “Бодлогын хүүг 2017 ондоо буулгах боломж байна уу. Ипотекийн зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ. Валютын ханшийн талаар Төв банк ямар бодлого баримтлах гэж байна вэ. Төв банк Засгийн газраас хараат бусаар ажиллах, бие даасан байдлаа бэхжүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ” гэх зэрэг асуултыг тавилаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийн зээлийн асуудлаар “Ипотекийн зээлийн хөтөлбөр нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн Орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан.

Энэхүү дэд хөтөлбөрийн хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. Тийм учраас бид ипотекийн зээлийг үргэлжлүүлье гэхээр бариад ажиллачих хуульгүй байна. УИХ-ын 40 дүгээр тогтоол гэж гарсан. Үүгээр ипотекийн зээлийн өмчлөлийг Монголбанкинд буцаан шилжүүлсэн.

Гэхдээ цаашдаа Засгийн газар, БХБЯ, Монголбанк ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, ямар хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Монголбанкны захирлуудын зөвлөл энэ асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа. Монголбанк ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ.

Бодлогын хүүг цаашид өөрчлөх асуудал нь 2017 оны төсөв хэрхэн батлагдах, орлого, зарлагаа хэрхэн бууруулахаас шалтгаална. Монголбанк Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлцэл, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг анхааралтай ажиглаж байна” гэлээ.

Түүнчлэн тэрээр “Монголбанкны бие даасан байдлыг цаашид бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд банк, санхүүгийн хууль эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх шаардлагын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулж байгаа” гэв.

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн талаар баримталж буй бодлогын талаар Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого баримталдаг. Үүнийг Төв банкны тухай хуулийн холбогдох зүйл заалтад ч тусгаж өгсөн байдаг.

Ирэх оны мөнгөний бодлогын тухайд бид гадаад валютын захын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор валютын спот захыг хөгжүүлэх, шинэ систем нэвтрүүлж, оролцогчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсний дараа санал хураахад оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин