• Эхлэл
  • Шимомура Кэй: Монгол бүсгүйчүүдэд зориулсан сайхан бүтээл хиймээр байна

Шимомура Кэй: Монгол бүсгүйчүүдэд зориулсан сайхан бүтээл хиймээр байна

2016/11/02

Японы Кобэ хотын Сувд боловсруулах үйлдвэрийн загвар зохион бүтээгч Shimomura Kei  Монголд өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах өдөрлөг өнөөдөр "Central Tower"-ийн II давхрын "Gran E One’s" дэлгүүрт боллоо.  Уг арга хэмжээний үеэр загвар зохион бүтээгч Shimomura Kei-тэй уулзаж ярилцсан юм.

-Сайн байна уу. Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

-Монголд анх удаа ирлээ. Би маш сайхан хувь тохиолоор ирсэн. Кобэ хот нь дэлхийн сувдны 50 хувийг нийлүүлэгч юм. Миний аав сувдны жинхэнэ үйлдвэрлэгч хүн. Би тэр үйлдвэртээ сувдан чимэглэлийн загварыг хийдэг байсан. Тэрхүү хийсэн анхны бүтээлээс минь  15 жилийн өмнө энэхүү Хандаа гэдэг монгол бүсгүй худалдан авсан нь маш сайхан учрал болсон юм.  Саяхан би өөрийнхөө бүтээл коллекцийг том эвент дээр гаргасан. Энэ үйл явдлын үеэр  Хандаа бас ирсэн. Тэрээр “Таны энэ бүтээл надад байдаг. Энэ бүтээлийг маш их хайрлаж хэрэглэдэг, миний гоёлын нэг хэсэг болсон бүтээл шүү” гэж хэлсэн дээ. Тэр үед л энэ хүнтэй уулзах хувь надад анх тохиосон юм.

Тэр уулзалтын үеэр намайг Монголын ард түмэнд өөрийн сор болсон бүтээлээ толилуулбал яасан юм бэ гэсэн санал, хүсэлтийг тавьсан. Хандаагийн хүсэлтийн дагуу би Монголд ирээд байна. Энэхүү саналыг одоогоос гуравхан долоо хоногийн өмнө тавьсан. Их богинохон хугацаанд ирэх эсэхээ шийдлээ. Мөн цаг хугацааг алдахгүй гэсэн бодлоор энэ хүнээс тавьсан анхны урилгыг аваад өөрийнхөө ажил, цагийн хуваариа зохицуулаад Монголд ирсэн. Монголд анх хөл тавьсан түүх маань энэ.

-Таны бүтээгдэхүүнүүд Японоос өөр ямар орнуудад борууллагддаг вэ?

-Японы бүх хотын зах зээлд манай бүтээлүүдийг сонирхож хүлээж авдаг. Түүнээс гадна  Хонг Конгд жил болгон зохиогддог дэлхийн үнэт эдлэлийн фестивальд жил бүр оролцдог. Мөн Хятадын ард түмэн, Хонг Конгийн зах зээлд манай бүтээлүүд тодорхой байр эзэлдэг, худалдаалагддаг. Мөн Итали, Герман гээд Европын орнуудад экспортлодог.

Мөн энэхүү брэндээ өөрийнхөө нэрээр "Shimomura Kei" гэж нэрлэсэн нь би өөрийнхөө нэр хүндээр баталгаа болж байгаа хэрэг. Тийм болохоор олон орны хэрэглэгчид таалалтай ханддаг. Өөрөөр хэлбэл, брэндийн нэрийг хүмүүс янз бүрээр нэрлэдэг. Харин өөрийнхөө нэрээр брэндээ нэрлэсэн нь том баталгаа болж байгаа юм.

-Сувдыг хүмүүс далайгаас гаргахаас гадна тарьж гаргаж авдаг. Та өөрийн бүтээлдээ таримал сувд ашигладаг уу?

-Энэхүү бүтээлүүд нь далайн гүний сувднууд байгаа. Үнэт эдлэлийн ертөнц хүнийг өөрийг нь үзэсгэлэнтэй сайхан харагдуулахын төлөө хийгддэг. Тийм болохоор энэхүү бүтээлүүд их сайхан, үзэсгэлэнтэй гоё харагддаг.  Харин нэг бүтээл хийхэд маш их хөдөлмөр шингэсэн байдаг. Хамгийн гол нь ямар хүнд, ямар дизайнаар, юу зохиож, яаж хүргэх юм гэдгийг бодож,  тухайн хүний имиджид тааруулан, өөрийнхөө бодол сэтгэхүйгээ нэмээд хүний гарт хүргэнэ гэдэг нь их том нарийн бүтээл байдаг. Тиймээс би эхнээс нь авахуулаад эцсийн шат хүртэлх үйл ажиллагааг өөрөө хариуцаж хийдэг.

-Энэхүү сувд нь Тайланд, Вьетнам зэрэг бусад  сувдтай орнуудынхаас юугаараа ялгаатай вэ?

-Сувд гэхээр хамгийн түрүүн Япон улсыг мэддэг. Дэлхийд үнэлэгдсэн тэр далайн хясаанаас гарч байгаа сувдны сайхан хэлбэр, энергийн түвшинд гаргахын тулд Япон технологиор дамжсан бүтээл байдаг. Кобэ хот маань дэлхий дээрх далайн сувдны 50 хувийг нийлүүлдэг. Ялангуяа монголчуудын мэддэг акоя сувд байна. Акоя гэж нэрлэж байгаа сувдны гол бааз нь манай хотод байдаг болохоор тэндээс гарсан уран бүтээлчдийн технологи, дизайн зэргийг Японоор дамжаад Номхон далай, Автрали зэрэг улс орон руу нэвтэрдэг. Тиймээс сувдны гол цөм нь Кобэ хот юм.

-Энэхүү бүтээлүүдээ бүгдийг нь гар аргаар хийдэг үү. Нэг бүтээлд дунджаар хэдий хугацаа зарцуулдаг бол..?

-Бүтээл, дизайн зэрэгт янз бүрийн хугацаа зарцуулдаг. Хамгийн гол нь тухайн чулууг хараад түүн дээр ямар дизайн, хийц зохихыг бодож гаргахад хамгийн багадаа 1-6 сарын хугацаа ордог. Санаанд орсон бүх зургаа гаргаад, бүтээлээ хийж байх явцад тухайн бүтээл гэнэт таалагдахгүй болдог ч үе байдаг. Тэр үед дахиад л шинээр хийнэ. Бид аливаа бүтээлийг сэтгэлээ зориулж хийдэг болохоор нэлээд хугацааг зарцуулж бүтээлээ гаргана гэсэн үг.

Мөн бүтээлд дизайнерын зохиож хийсэн зургийг урладаг дархан хүн чухал үүрэгтэй. Тухайн бүтээлийг амьдруулах ур чадвар тэндээс л гаргана. Тийм болохоор аливаа бүтээл олон хүний ур чадвараар бүтдэг. Сонирхуулж хэлэхэд, би энэ бүтээлийг алдаатай хийчихлээ гэсэн бүтээл зарим үед өөр хүний сонирхлыг ихэд татах жишээтэй. Өөрөөр хэлбэл, энгийн мөртлөө хүний сэтгэлд хоногшиж үлдэх бүтээл ч байдаг. Ер нь би аливаа бүтээлээ чөлөөт сэтгэлгээгээр хийвэл санаа нь илүү чөлөөтэй урсаж гарч ирдэг юм шиг санагддаг.

-Бүтээлээ ямар металлиар хийдэг вэ?

-18 кратын шар болон цагаан алтаар хийдэг.

-Сувднаас өөр бусад чулуунуудыг хослуулж дизайн гаргаж хийдэг юм шиг харагдаж байна. Энэ талаар тодруулбал?

-Оюу, номин, пийсүү, чулуужсан опал, алмаз зэрэг чулуунуудыг сувдтай хослуулах болон янз бүрийн дизайнаар хийдэг.

-Ер нь бол байгалийн өнгө төрх үзэмжит байдал нь өөрөө их гоёмсог, сонин байдаг. Тийм болохоор тарьсан  сувд, байгалийн сувд хоёрын аль нь бүтээл хийхэд хэцүү ч гэдэг юм уу, ажиллагаа ихтэй байдаг вэ?

-Далайн гүнд байгаа сувдны үйлдвэрлэл, тодруулбал акоя сувдны технологиор хийгддэг. Мөн Байгалийн сувд бол өөрөө асар их гайхамшигтай эд юм. Байгалийн сувд байгалийнхаа төрхөөр байгаа болохоор янз бүрийн сонин хэлбэр дүрстэй байдаг. Түүнээс гадна байгалийн үзэгдлээс шалтгаалаад хэлбэрээ алдчихсан, цууралт үүссэн, зураас гарчихсан гэх мэтчилэн  сувданд янз бүрийн эвдрэл гарсан байдаг. Тийм болохоор үзэсгэлэнт гоё сайхан бүтээл хийхийн тулд их ажиллагаа ордог. Байгалийн гэдэг утгаар нь эвдрэл ихтэй сувдыг сайн засч, гоё дизайн гаргаж хийвэл тухайн бүтээл илүү сайхан болно.

-Танай бүтээгдэхүүнийг Японы ямар түвшний хүмүүс худалдан авдаг вэ?

-Миний бүтээлүүдийг эмнэлгийн гэр бүлийн хүмүүс, жүжигчин зэрэг алдартай хүмүүс хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Японы зах зээлд тодорхой хэмжээнд байр сууриа эзэлчихсэн бүтээгдэхүүн байгаа юм. Хүн үнэт эдлэлийг хараад "дурладаг". Үүнээс гадна бүтээлээ хүнд хүргэж танилцуулна гэж байдаг. Аливаа хүн завтай цагтаа, тухтай  орчинд, аливаа өөрт хэрэгтэй зүйлээ сонирхож, сонждог. Тийм болохоор эмнэлгүүдийн хүлээн авах танхим зэрэг газруудад бүтээлийнхээ танилцуулгыг байрлуулдаг. Тэрхүү эмнэлгийн хүлээлгийн танхимд дараалал хүлээхдээ үзэж сонирхож байсан хүмүүс манайхыг хайгаад ирж авах тохиолдол ч байдаг.

-Өөрийн нэрийн дэлгүүр олон байдаг уу?

-Японы Аша, Кобэ зэрэг хотод манай дэлгүүр байдаг. Эдгээр хотод нилээд бололцоотой амьдралтай хүмүүс амьдардаг юм. Мөн эрдэнэсийн дэлгүүрүүд энэ хотуудад нилээд байдаг. Кобэд манай аав сувдны үйлдвэрлэл эрхэлдэг. Кобэгээс ирсэн сувд гэхэд сувдны мэргэжилтнүүд ирлээ гэж хүлээж авдаг. Миний өөрийн үйлдвэр маань Аша хотод байдаг. Америкийн алдартай гудамж, хотуудад өөрийнхөө байр суурийг эзлэх зорилгоор хүмүүс амьдардаг. Түүнтэй адил би эрдэнэсийн дэлгүүр, үйлдвэрийнхээ байр суурийг хадгалахын тулд тухайн хотод байгуулсан.

-Монгол Улс ямар санагдаж байна?

-Маш их таалагдлаа. Гоо үзэсгэлэнтэй, их тансаг хэрэглээтэй хүмүүс байдаг юм байна. Миний бодсоноос тэс өөр имиджтэй хүмүүс байна.

-Сувд өөрөө охид, бүсгүйчүүдийн гоёл. Монголын охид, бүсгүйчүүдийг хараад тэдэнд зориулсан загвар гаргах бодол төрж байгаа болов уу?

-Монголын эмэгтэй хүмүүсийн онцлогийг олж харлаа. Эмэгтэйчүүд нь маш их хөдөлмөрч юм байна. Ямар ч гэсэн амьдралыг өөрийнхөө өнцгөөс хараад, тэнд өөрөө байр сууриа эзлээд, өөрийгөө маш сайн боловсруулаад, урагшаа тэмүүлж хөдөлмөрлөдөг зан чанар нь илүү тод мэдэгдлээ. Тийм болохоор эмэгтэй хүний хувьд өөрийнхөө гоо үзэмжинд их анхаардаг. Өөрөө хөдөлмөрлөж байгаа тул бусдын өмнө бас сайхан харагддаг байхын тулд гоёлоо хэрэглэдэг. Тэр үүднээсээ энэхүү эрдэнэсийн зүйлүүд их тохирсон үзэсгэлэн төгөлдөр охид, бүсгүйчүүдтэй юм.

-Та Монголд дэлгүүрээ нээх үү?

-Монгол хүмүүс надад маш сайхан сэтгэгдэл төрүүллээ. Ялангуяа эмэгтэйчүүд нь маш үзэсгэлэн төгөлдөр, их сайхан юм. Тэр бүгдэд нь тохируулаад миний зүгээс "Shimomuraкei" гэдэг брэндийг Монголын охид, бүсгүйчүүдийн сэтгэл зүрхэнд хоногшоосой гэж хүсэх байна.  Тиймээс Монголын охид, бүсгүйчүүдэд зориулсан сайхан бүтээл хиймээр санагдлаа.

-Эдгээр бүтээлүүдээсээ онцолж нэг бүтээл танилцуулаач..?

-Алтан сувд гэж нэрлэдэг сувдаар хийсэн энэхүү бүтээлээ тайлбарлая. Энэхүү бүтээл маань нэг бүрчлэн амьд юм шиг хөдөлдөг. Тийм зураг дизайнаар бүтээгдсэн юм. Ямар ч сэвгүй сувднууд. Байгалийн шар бриллиантаар түгжээг нь хийж, цагаан бриллиантыг хамтатган урласан.

-Уучлаарай, нууц биш бол энэхүү бүтээлийн үнэ хэд бол..?

-Ойролцоогоор 65-75 мянган ам.долларын бүтээл юм.

-Танай бүтээгдэхүүний ерөнхий үнэ ханш ямар байдаг бол. Тодруулбал, доод, дээд хязгаар..?

-Ерөнхийдөө мөнгөөр хийгдсэн бүтээлүүд хямд байдаг. Эдгээр бүтээл нь 500 ам.доллараас эхэлж худалдаалагддаг. Ер нь ихэнх бүтээлүүд маань дунджаар 3 000 ам.долларын үнэ ханштай байдаг.

Манай бүтээлийг хүмүүст тодорхойлж танилцуулахад ширхэг ширхэгээр нь дизайн гаргаж, зурж, зохион бүтээдэг. Мөн яг адилхан хэлбэр дүрстэй, хэмжээ, өнгөтэй сувднуудыг цуглуулах, түүнийгээ бүтээл болгоход маш их хугацааг зарцуулдаг. Бас нэгэн тодотгол хэлэхэд, манай бүтээлүүдэд ямар ч гэмтэл, согог байдаггүй. Байгалийн сувд болон  бриллиант оруулж урладгаараа онцлогтой.

Түүнчлэн хүний бие, сэтгэлд зохицсон, сайхан сэтгэгдэл төрүүлдэг зэргээрээ их онцлог юм. Тухайн бүтээлийг зүүсэн хүн өөрөө сайхан энергитэй, их үзэсгэлэн төгс харагдуулахад бид ихэнх цаг заваа зарцуулдаг.

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Эх сурвалж: mglnews.mn

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин