• Эхлэл
  • Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

2016/11/10

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг санал хурааж дэмжсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төсвийн байнгын хороог зарлан хуралдуулж, төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд дараах үзүүлэлтүүдийг тусгасан байна. Үүнд,

ДНБ-ийн өсөлтийн хувь:

2017 онд 3.0 хувь

2018 онд 5.1 хувь

2019 онд 7.1 хувь

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ:

2017 онд 6,160.2 их наяд

2018 онд 6,822.6 их наяд

2019 онд 7,561.3 их наяд  байхаар заажээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ:

2017 онд 8,568.9 их наяд

2018 онд 8,971.2 их наяд

2019 онд 9,316.5 их наяд

Зэсийн үнэ 2017 онд 4800 ам.доллар байхаар тооцжээ

Нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 2017 онд 4,599.4 ам.долларт, 2018 онд 4,658.9 ам.долларт, 2019 онд 4,725.5 ам.долларт хэлбэлзэхээр байгаа бол зах зээлийн үнэ 2017 онд 4,800.0 ам.долларт, 2018 онд 4,800.0 ам.долларт, 2019 онд 4,900.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцсон. Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 2017 онд 12.5 тэрбум төгрөг, 2018 онд 10.7 тэрбум төгрөг, 2019 онд 11.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр тооцсон.

Бодлогын хувьд:

-Дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй байх, жижиг дунд үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, ажил гүйлгээг бүртгэлжүүлэх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татварын хураалт, хяналт, эрсдлийн үнэлгээг бодитой, үр дүнтэй, шуурхай, татвар төлөгчид чирэгдэл багатай хийх нөхцлийг бүрдүүлж, татварт хамрагдалт, татварын бааз суурийг тэлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

-“Оюу толгой” төслийн далд уурхай, “Таван толгой”, “Таван толгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэх,

-Засгийн газрын өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх,

-Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах зэрэг талаар тусгасан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин