• Эхлэл
  • 965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолжээ

965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолжээ

2016/11/18

Ашигт малтмал, газрын тосны газар БНСУ-ын “К Petro” газрын тосны газартай хамтран “Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт” сэдэвт туршлага солилцох хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар л гэхэд 965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Нийслэлийн агаарын бо­хирд­лын 10 хувийг авто­ма­шинаас ял­гаруулж буй хорт утаа эзэлж буйг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байдаг. Тэгвэл АМГТГ агаарын бохирдлыг багасгах, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хот болон томоохон хотуудад ирэх оны аравдугаар сараас эхлэн евро-4 стандартаас дээш чанарын шаардлага хангасан шатахуун хэрэглэх зорилт тавин ажиллаж буй аж.

Улмаар энэ хүрээнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, шатахууны стандартуудыг шинэчлэн батлуулах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах чиглэлээр БНСУ-ын “К Петро” газрын тосны газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ярилцаж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр тус үйл ажиллагааг зохион байгуулж буй АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн  дарга Б.Бямбацогт “Манай улсын тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт юм. Импортын газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг  сайжруулснаар  стратегийн өндөр ач холбогдолтой чухал алхам болно. 

Тиймээс үүнд  анхаарал хандуулж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлээр манай хэлтэс болоод агентлагийн зүгээс хэрэглэгчид, холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллах зорилт тавьж байна” гэдгийг онцоллоо.

Одоогоор манай улс чанарын хяналтын лабораторитоо хилээр орж буй газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийн санал гомдлыг барагдуулах зорилгоор чанарын үнэлгээ хийж, баталгаажуулах ажил хийгдэж байгаа юм. Мөн шаардлагатай тохиолдолд лабораторийн цүнхэн багажийг ашиглан  газар дээр нь очиж, хэрэглэгчдийн санал гомдлыг барагдуулан ажилладаг байна. Үндэсний хэмжээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон газрын тосны бүтээгдэхүүний чанарыг хэмждэг нэг л лаборатори байдаг.

Газрын тосны бүтээгдэхүүний чанар стандартад нийцэж буй эсэхийг тогтоох төхөөрөмжөөс гадна дизель түлшний өвөл, зуны хэмжээнд нийцэж буйг, мөн  өөр компаниас нийлүүлж буй бусад бүтээгдэхүүний чанарыг хэмжих хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг ирэх арванхоёрдугаар сард БНСУ-аас нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний чанарын асуудалд томоохон дэвшил гарах ажээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин