• Эхлэл
  • Сонгодог утгаараа эдийн засгийн хямрал нүүрлэлээ

Сонгодог утгаараа эдийн засгийн хямрал нүүрлэлээ

2016/11/21

      “Бөхийсөн” төсөв, “гэдийсэн” мөнгөний бодлого хоорондоо уялдсангүй

УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлтэй Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон төр, засгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ярилцлаа. Тэрбээр төр, засаг "Оюутолгой", "Тавантолгой" зэрэг мега төслийг анхаарахаас илүүтэй бизнес эрхлэгч болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү бодлого баримтлах ёстой хэмээсэн юм.

- Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гуравдугаар улирлын тайланг танилцууллаа. Уг тайланд манай улсын эдийн засаг 1.8 хувиар агшсан гэдгийг онцолсон. Эдийн засаг агших болсон шалтгааныг хэрхэн харж байна вэ?

- ҮСХ-ны мэдээллийг хүмүүс сонирхохгүй байх шиг байна.

Гэтэл статистик гэдэг нь нийгэмд болж буй үйл явдлыг тооны утгаар илэрхийлдэг шүү дээ. Өнгөрсөн долдугаар сард ҮСХ энэ оны хагас жилийн тайланг гаргасан.

Ингэхдээ улирлын нөлөөллийг арилгаж тооцсон ДНБ-ий өсөлтийг гаргасан. Өмнө нь улирлын нөлөөллийг арилгаж тооцдоггүй байсан юм. Мөн өмнөх таван жилийн статистик үзүүлэлтийг улирлын нөлөөллийг арилган тооцож, гаргасан юм билээ. 2015 оны гуравдугаар улиралд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хасах 0.8 хувьтай гарсан.

Энэ үзүүлэлт маш түгшүүртэй тоо. Учир нь 2009 оноос хойш Монголын эдийн засагт ДНБ хасах дүнтэй гарсан тохиолдол үгүй юм. Үүнийг л би хэлж байсан. Гэтэл хүссэн юм хүзүүгээр орооно гэгчээр энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт гурван улирал дараалан хасах хоёр хувьтай байна.

Эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлттэй гарвал эдийн засгийн хямрал гэж үздэг. Тиймээс Монгол Улсад эдийн засгийн хямрал бодит утгаараа эхэлж байна гэж дүгнэж болно. Энэ дохиог эртнээс өгч байсан.

2014 оны нэгдүгээр улирлаас эхлэн өрхийн бодит орлого хасах үзүүлэлт рүү орсон. Эдийн засгийн идэвхжлийг харуулдаг үзүүлэлтүүд мөн хасах утгатай гарсан. Зээлийн өсөлт ч таагүй байсан. Уг нь бол статистик үзүүлэлтийг хараад эрх баригчид цаашид авч хэрэгжүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулдаг юм.

» Өнгөрсөн түүхээ харах нь зөв. 2009 оны эдийн засгийн хямралын үеэр ОУВС-гийн “Standby” хөтөлбөрт хамрагдаж, 2010 онд эдийн засаг өсөлттэй гарсан.

» ОУВС зөвлөмж өгдөг. Харин гол асуудлыг тухайн улсын УИХ болон Засгийн газар шийдэж, цэгцэлдэг.

» Бүрхэг өдрүүд ирнэ гэж бодлогоо боловсруулах хэрэгтэй.

- УИХ ирэх оны төсөв болон мөнгөний бодлогыг баталлаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

- Ирэх оны төсөв нь “бөхийсөн” байгаа. Өмнөх жилүүдтэй адил татвараа аваад хөрөнгө оруулалт болон урсгал зардалдаа зарцуулна. Хөрөнгө оруулалт нь нөгөө л сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, гүүр гэх мэт зүйлээр хэмжигдэж байна.

Гэтэл өрх гэр бүл болон бизнес эрхлэгчид рүү чиглэсэн хөрөнгө оруулалт алга. Ийм нөхцөлд төсөв “бөхийж”, гуйсан шинж чанартай болдог. Харин ирэх оны мөнгөний бодлого “гэдийсэн” шинж чанартай байна. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд монгол төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлнэ, валютын ханшаа тогтворжуулна гээд мөнгөний бодлогоо 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 болгосон шүү дээ.

Ингэж мөнгөний бодлого хатуу төлөвт шилжсэн. Энэ хатуу төлөв ирэх онд ч үргэлжилнэ. Монголбанк ирэх онд инфляцийг таван хувиар тооцсон бол Сангийн яам зургаан хувьд байхаар тооцоолсон. Гэтэл УИХ батлахдаа найман хувь болгосон. Товчхондоо, “бөхийсөн” төсөв, “гэдийсэн” мөнгөний бодлого хоорондоо уялдсангүй.

- 2009 оны эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-гийн “Standby” хөтөлбөрт хамрагдсан. Энэ удаад ч “Standby” хөтөлбөрт хамрагдахаар эрх баригчид яриа хэлэлцээр хийж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал 2009 оны хямралтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

- Өнгөрсөн түүхээ харах нь зөв. 2009 оны эдийн засгийн хямралын үеэр ОУВС-гийн “Standby” хөтөлбөрт хамрагдаж, 2010 онд эдийн засгийн өсөлт гарсан. Гэхдээ 2009 онд энэж хөтөлбөрийн үр дүнд эдийн засгийн өсөлт гараагүй. ОУВС бол дэлхийн бусад санхүүгийн байгууллагатай адил манай улсад зөвлөгөө өгч, тодорхой шаардлага тавина.

Мөн тодорхой нөхцөл тохирдог. Төсвийн салхилга батаа хангах, мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн чиглэлд ийм бодлого баримтал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээ хувьчил зэрэг нөхцөл тавьдаг. Өөрөөр хэлбэл, нөгөө л бидний ярьдаг зүйлийг хэлдэг. ОУВС зөвлөмж өгдөг. Харин гол асуудлыг тухайн улсын УИХ болон Засгийн газар шийдэж, цэгцэлдэг. Тухайн улсын санаачилга чухал байдаг.

Миний бие 2009 онд Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргаар ажиллаж байхдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хувьд бодитой ажил хийсэн. Хямралаас гарах иж бүрэн төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын төлөвлөгөөнд суулгасан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд улирал бүр хасах үзүүлэлтэй байгаа эдийн засгийн секторуудын талаар хэлэлцэж, зорилтот бодлого боловсруулж, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.Ингэж эдийн засгийн хямралын далайцыг бууруулсан юм. 2009 онд ДНБ-ий өсөлт хасах 1.3 хувьтай байсан. Гэхдээ 2008 онд эдийн засгийн өсөлт нэмэх үзүүлэлттэй гарсан шүү дээ.

- Эдийн засгийн хямралыг нэн тэргүүнд зогсоох нь эрх баригчдын эхний ажил болоод байгааг зарим эдийн засагч онцлоод буй. Үүний дараа эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Эрх баригчид нэн тэргүүнд эдийн засгийг тогтворжуулж, үүний дараа өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллая хэмээн ярьж байна. Гэтэл үнэндээ эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг зэрэг авахгүй бол болдоггүй. Төлбөрийн балансаа сайжруулаад, өрийн тогтвортой удирдлагаар хангасны дараа түр амсхийгээд ажиллана гэж яриад байна. Үүнд 18 сарын хугацаа зарцуулахаар төлөвлөгөө боловсруулчихлаа. Үлдсэн хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөж байна. Ийм байж болохгүй.

Статистик хараад эрх баригчид цаашид авч хэрэгжүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулдаг

- Эрх баригчид эдийн засгийн хямралаас гарахын тулд өрийг өрөөр санхүүжүүлэх бодлого баримталж байна. Энэ хэр зөв алхам бэ?

- Үүнээс өөр сонголт байхгүй. 1980 оны үед өртэйгөө хөгжих гэсэн концевц байсан. Хөгжиж буй орнууд үүнийг тойрч биш дайраад гарсан. Үүний үр дүнд зарим нь дампуурсан. Гэхдээ Монгол Улсад ийм зүйл болохгүй. Учир нь муу сайн ч гэсэн бидэнд төр байна, итгэл ч алдраагүй байна шүү дээ. Тиймээс Хятад, Япон болон ОУВС-гийн донор орнуудын хөнгөлөлттэй зээлийг их, бага гэлтгүй авах ёстой. Харин өр зээлээ зөв удирдах нь чухал.

- Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь манай улсын эдийн засагт хэр дэмжлэг болох вэ?

- Бүрхэг өдөр үүлэн цоорхойгоор нар тусдагтай адил зүйл. Түүхий эдийн ханшийн супер цикль 2013 оноос хойш дууссан шүү дээ. 2013-2016 оны хооронд түүхийн эдийн ханшийн хувьд бүрхэг өдрүүд үргэлжиллээ. Одоо л жаахан нар цухуйж байна. Үүнд баярлах хэрэггүй.

Өөрөөр хэлбэл, түр зуурын хугацаанд гарч буй наранд найдаж, наран шарлагын газар руу гүйх хэрэггүй гэсэн үг. Тиймээс бүрхэг өдрүүд ирнэ гэдгийг тооцож бодлогоо боловсруулах хэрэгтэй.

Эх сурвалж: Uurhai.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин