• Эхлэл
  • Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

2016/11/28

Ирэх жилийн төсвийн нийт орлогын 17 хувийг уул уурхайн салбараас орж ирэхээр тооцсон. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвт дүн шинжилгээ хийсэн судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад энэ 17 хувь дотроо голлох байр суурь эзэлдэг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ тус бүр дээрээ өсөхөөр байна.

УИХ 2017 оны төсвийн төсөлд нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4,599.4 ам.доллар, зах зээлийн үнэ 4800 ам.доллар байхаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.3-т "гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тодорхойлсон үнийн төвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг хэлнэ” гэжээ. Жилийн дунджаар тооцоход тонн зэсээс 4599.4 ам.доллар орох ёстой гэсэн утга. Тэгвэл ирэх жилд зэсийн зах зээлийн үнэ үүнээс өндөр тогтох итгэл улам батжиж байгаа юм.

Төсөв батлах үед зэсийн үнэ энэ онд өснө гэсэн найдвар маш бага, эсрэгээрээ унах ч магадлалтай байсан. Тухайлбал, Австрали улсын Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газраас нийтэлсэн хэвлэлд 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн, хэрэглээ 23.8 сая тонн буюу 200 мянган тоннын илүүдэлтэй гарна гэж таамагласан нь бусад агентлагуудын судалгаатай дүйж байсан юм.

Харин энэ сарын 8-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зах зээлд огцом өөрчлөлт гарч, зэсийн үнэ огцом өссөн юм. Энэ өсөлт нөлөөгөө үзүүлж, зэсийн үнэ цаашдаа шалдаа буухгүй гэж үзэх хүмүүс ч гарч ирсэн. Зах зээлийн судалгаанд бодитой таамаглал гаргадгаараа алдартай "Goldman Sachs Group Inc” зэсийн үнийн ойрын 12 сарын таамаглалдаа өөрчлөлт оруулж, 4200 байсныг 4800 ам.доллар болгон нэмэгдүүлсэн нь үүний жишээ юм. Зэсийн үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээс тогтдог. Гол худалдан авагч БНХАУ, АНУ-ын хэрэгцээнээс шалтгаалдаг гэсэн үг.

Дэлхийн нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг "аварга мангас” БНХАУ үйлчилгээний салбартаа нэмүү өртөг шингээх бодлого зарласны дараа зэсийн үнэ ханш уналтад ороод байсан. Яг одоогийн байдлаар гэхэд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр нийлүүлэлт талдаа 400 мянган тоннын илүүдэлтэй байгаа аж. Гэтэл гол хоёр хэрэглэгчийн нэг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп ялсан нь зэсийн эрэлтийг ойрын ирээдүйд нийлүүлэтээс өндөр байлгах нөхцөлийг бүрдүүлжээ.

АНУ дэд бүтцийг хөгжүүлэх өөрийн гэсэн төлөвлөгөөтэй. 2011 онд 2020 он хүртэл хийх ажлаа төлөвлөсөн ч биелэлт нь хангалтгүй төвшинд явж иржээ. Б.Обамагийн засаг захиргаа нийгмийн халамжид хэт анхаарч, дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтаа үргэлж дутуу оруулж байснаас шаардлагатай хэмжээнд хүрдэггүй байж. Харин Д.Трамп сонгуульд нэр дэвшихдээ бүтээн байгуулалтад зориулах хөрөнгийн хэмжээг нэг их наяд ам.долларт хүргэх амлалт өгч, улмаар ялалт байгуулсан нь АНУ-ын зэсийн хэрэглээг 25 хувиар өсгөнө гэж шинжээчид тооцож байна.

Тооцоог гаргасан эдийн засагчдын өгүүлснээр, энэ удаагийн өсөлт хэтэрхий огцом буюу хүснэгтэд парабол хэлбэрийн муруйг үүсгэж буй. Ийм маягаар тогтсон үнэ тогтвортой байдаггүй харин хэлбэлзэл бага буюу зиг заг хэлбэрт шилжсэн цагт л тухайн тогтсон ханш тогтворжих магадлал өндөрсдөг байна. Энэ ч үнэн болж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 6000 ам.долларт хүрсэн ханш одоо 5500 ам.долларт хүртэл уруудаад байгаа. Гэхдээ ямар ч байсан 5000-аас буухгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм.

Лондоны металлын бирж дээр өчигдрийн байдлаар шууд өгөлцөж авалцах үнэ 5427 ам.доллар, харин гурван сарын гэрээний үнэ 5495 ам.доллар буюу 68 ам.доллараар илүү байгаа юм.

Дэлхий даяар байрласан хөрөнгийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц өнгөрсөн есдүгээр сараас хойш 32 хувиар багасчээ. Энэ нь цаашид эрэлт өсөхийн хамгийн тод дохио гэнэ. Хөрөнгийн биржүүдэд хийгдэж буй урт хугацааны гэрээний үнэ нь шууд худалдан авалт хийх гэрээнийхээс өндөр тогтож байгаа нь цаашид үнэ өснө гэсэн бас нэгэн тэмдэг аж. Лондоны металлын бирж дээр өчигдрийн байдлаар шууд өгөлцөж авалцах үнэ 5427 ам.доллар, харин гурван сарын гэрээний үнэ 5495 ам.доллар буюу 68 ам.доллараар илүү байгаа юм.

БНХАУ экспортоос хэт хамааралтай байгаадаа дүгнэлт хийж, өртгийг дотооддоо шингээх бодлого баримтлах болсон. Өөрөөр хэлбэл үйлчилгээний салбараа илүү хөгжүүлэхээ албан ёсоор зарласан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлтийг сааруулж, зэсийн хэрэглээг багасгах ч АНУ, Энэтхэгийн хэрэгцээ өссөнөөр энэ бууралтыг хангалттай нөхөж, улмаар хомсдол үүсгэх гэнэ. Энэ нь зэсийн үнэ хангалттай өндөр тогтох боломжийг бүрдүүлэх ажээ.

Ирэх оны төсөвт Уул уурхайн салбараас 2017 онд нийт 1,004.4 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцсон. Үүний 63 хувь буюу 638 тэрбум төгрөг нь зэсийн экспортоос төвлөрөх учиртай. Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар өсвөл төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо бий.Хэрвээ зэсийн үнэ шинжээчдийн төсөөлсөнчлөн жилийн турш 5400 ам.долларт хэлбэлзчихвэл (Лондоны металлын бирж дээр тогтсон үнэ сүүлийн хэд хоног өөрчлөлтгүй байгаа нь найдвар төрүүлж буй) төсөвт чамлахааргүй мөнгө төвлөрөх нь дамжиггүй. Үнэ өсч, экспорт нэмэгдвэл 50 мянган тонн баяжмал тутамд 6.6 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр авах нөхцөл ч үүсэх магадлалтай юм.  

Эх сурвалж: Uurhai.mn  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин