• Эхлэл
  • Нүүрсний экспортоос 226 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Нүүрсний экспортоос 226 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2016/11/28

2017 оны төсвийн төсөлд нүүрсний экспортоос 226 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Коксжих нүүрсний үнийг тонн тутам 52 ам.доллар, боловсруулаагүй нүүрсийг 32 ам.доллар, экспортын хэмжээг 23 сая тонн байна гэж үзэхэд ийм тоо гарч байгаа юм.

Энэ салбарын үнийг тогтоход голлох нөлөө үзүүлдэг гангийн үйлдвэрлэл хэрэглээнээсээ яльгүй илүү байна гэж шинжээчид таамаглаж буй.

Гэвч дээр өгүүлсний нэгэн адилаар АНУ, Энэтхэг бүтээн байгуулалт өрнүүлэх төлөвтэй байгаа тул коксжих нүүрсний үнэ энэ оны эхэн шиг хэт доошоо орохгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа. Уул уурхайн том компаниуд нүүрсний салбар руу орж, ашиглалтгүй байсан орд, уурхайнууд эдийн засгийн эргэлтэд орж эхэлсэн нь үүнийг баталж байгаа юм.

Төсөв боловсруулагчид коксжих нүүрсний зах зээлийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс таван ам.доллараар буурвал төсвийн орлого 12 тэрбум төгрөгөөр, экспорт нэг сая тонноор буурвал 4.5 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоо гаргасан байсан. Өсвөл эсрэгээрээ байх нь мэдээж. Уг нь дэлхийн зах зээлийн үнээр өгдөг бол энэ салбараас орж ирэх мөнгөний хэмжээ төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдэх ч боломж бий.

Учир нь, ашигт малтмалын үнэ ханшаар дагнан судалгаа хийдэг агентлагуудын гаргасан 2017 оны таамаг үнэ манай төсөөлснөөс хамаагүй дээгүүр буюу 80 орчим ам.доллар байна. Энэ салбарын том тоглогч Австрали гэхэд зах зээл сэргэсний дараа 2017 оны төсөвтөө коксжих нүүрсний үнийг 91 ам.доллар байхаар тооцсон байх жишээтэй.

Эдийн засагчдын зүгээс "хэт өөдрөг төсөөлөл”, "Олборлолтоо багасгах БНХАУ-ын шийдвэрт улс төр орсон байх магадлалтай, түүнчлэн нөөцөө ашиглах зорилгоос үүдэлтэй” гэсэн шүүмжлэл их сонссон ч австраличууд алд дэлэм алдаж таана гэж юу байх вэ. Манайх хамгийн гол нь урд хөрштэйгөө тохиролцож, үнээ байж болох дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлж чадвал төсвийн алдагдлыг чамгүй нөхчих боломж энэ салбараас харагдаж байна.

Эх сурвалж: Uurhai.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин