• Эхлэл
  • Пакын драм: Дээсэн дээрх Пак

Пакын драм: Дээсэн дээрх Пак

2016/12/02

/Тойм/

2013 оны хоёрдугаар сарын 25. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Пак Кын Хэ сонгогдов. Улстөрийн амьдрал бүү хэл жирийн амьдралдаа эрчүүдийг тахин шүтсэн Солонгосын нийгэмд оргилд нь гарсан анхны эмэгтэй бол тэр. Гэвч энэ өдрөөс хойш гурван жилийн дараа тэрээр индрийн араас ерөнхийлөгчийн суудлаас бууна гэдгээ мэдэгдэж, толгой бөхийлгөлөө. Гэвч парламент үүнийг батламжлаагүй л байна. Олон хүнийг гайхуулсан түүх эхэлсэн шигээ төгсөх хувьтай байжээ. Азийг доргиож байгаа савангийн дуурь шиг энэ хэрэг одоо ч дуусаагүй үргэлжилж байна.

Тэргүүн анги: Ингэх гээд байсан юм

Пак Кын Хэ улстөрийн оргилд гарснаас хойш түүнийг элдэв хэл ам зогсоо зайгүй дагасаар ирсэн. Эмэгтэй, гэсэн атал төрийн тэргүүн болсон түүнд атаархах эрэгтэй, тэр ч байтугай эмэгтэй улстөрч ч гэрлийн хурдаар нэмэгдсээр байлаа. Сонгуулийн хууль зөрчсөн, сонгуулийн сурталчилгааны зардлыг хууль бусаар цуглуулсан, намтраа худлаа зохиосон зэрэг хэл ам яв, явсаар түүний нэр хүндэд муугаар нөлөөлж байсан. Энэ их хэл ам араасаа түүний хувь заяатай тоглох хэмжээний үр дүн дагуулах том хэргийг хөтөлж байж.

Төрийн тэргүүний багийн найз Чой Сүн Шил авлигийн хэрэгт холбогдов. Тэр Лотте, Самсунг, SK компанийн төслүүдийг төрөөс батлуулахын тулд олон сая доллар хахуульд авсан болж таарлаа. Хачирхалтай нь энэ бүх хэргийн ард нь Пак Кын Хэ байжээ. Хэдийгээр энэ мэдээлэл эхэндээ олон хүнийг татаагүй ч хэргийн учиг бүр “Хөх Ордон” зүг хөтөлж эхэлмэгц бүх хүн төрийн тэргүүнийг зүхэж эхэлсэн юм. Пак Кын Хэ яаж оролцсон юм бэ, гэж үү.

Чой Сүн Шил дээрх компаниудын төслийг олно. Олдсон төслөө Пак Кын Хэ-д танилцуулна. Пак Кын Хэ-д таалагдвал тэр томоохон компаниудыг онилно. Онилсон компанидаа төсөл шахна. Шахсан төслийнхөө унацыг найздаа өгнө. Өөрөө ч унацаа авна. Хэрэг явдал ердөө л энэ. Өмнөд Солонгосын прокурорын газар Чой Сүн Шилийг баривчилж, мөрдөн байцаалт эхлүүлсний дараа тэрээр ерөнхийлөгчийг хамгаалсаар байлаа. Ард нь хэн ч байхгүй, би өөрөө гардаж хийсэн гэж өөрөө мэтгэсээр байв. Царай зүс барагтай, эрх мэдэл хомс, дундаж боловсролтой энэ хүн ганцаараа энэ бүх хэргийг гүйцэтгэх боломжтой юу гэх асуулт олон хүний анхаарлыг татаж орхив. Хоёр дахь мөрдөн байцаалтын үеэр томоохон төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газраар батлуулахад ерөнхийлөгчийн оролцоо байж магадгүй гэсэн таамаглал гарч, эхний байдлаар Чой Сүн Шил санаандгүйгээр ам алдах нь тэр.

Үүний дараа Солонгосын төдийгүй дэлхийн томоохон компани гэгдэх Самсунг-д шалгалт оруулж, шаардлагатай материалуудыг лацадлаа. Ариранг компанийн мэдээллээр энэ шалгалтын үеэр ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий албан тоот гарч ирэв. Энэ баримит бичигт дурьдсанаар Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд онцгойлон анхаарч, гэрээнд тохирсон хугацаанд хийхийг даалгасан байжээ. Самсунгийн гэрээ хариуцсан мэргэжилтэн ерөнхийлөгчийн ажлын алба болон Засгийн газрын хэд, хэдэн гишүүд гэрээ танилцуулж, гарын үсэг зурсан өдрөөс эхлэн анхаарал тавьж, байнга уулзсаар ирсэн гэж мэдүүлсэн юм. Хэрэг явдал нэгэнт Пак Кын Хэ рүү чиглэж эхэллээ.

Удаах анги: Буруугүй буруутан

Чой Сүн Шилийн шидсэн чулуу “Хөх Ордон” руу туссанаас хойш араасаа зөвхөн төрийн тэргүүнийг бус өөр хүмүүсийг ч татаж эхлэв. Лотте, SK компани, телевиз, киноны продюсерүүд, урлаг соёлын одод гээд холбогдохгүй хүнгүй боллоо. Хэрэг явдлын учиг Пак руу чиглэх тусам тэрээр “Би энэ хэрэгт буруугүй” гэдгээ мэдэгдсээр байсан юм. Улстөрчийн хувиар түүн шиг хоёр удаа ард түмнээсээ уучлал гуйн, толгой гудайлгасан хүн үгүй. Хэдийгээр уучлал гуйсан ч энэ хэрэгт холбоогүй гэсэн байр суурин дээрээ байгаа. Одоо ч тэр.

Хоёр удаа уучлал гуйснаас хойш түүний нэр хүнд огцом унаж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг ятгасаар байлаа. Улстөрийн судлаачид түүний уучлал гуйсан үйлдэл өөрийгөө дэгээдэх нэг шалтгаан ч гэж дүгнэж байгаа. Эрх баригч Сенури намынхны дийлэнх нь түүнээс нүүр буруулж, “муу ерөнхийлөгч” гэж цоллож байхад, сөрөг хүчний зарим гишүүд “улстөрийн тоглоомын золиос” гэж дүгнэн хэргийг үнэн зөв шүүх ёстой гэж түүний талд зогсож байгаа. Харин ард түмний дийлэнх нь түүнийг улс орноосоо хулгай хийсэн, увайгүй улстөрч мэтээр ч харж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Пак Кын Хэ прокурорын газрыг өөртөө шалгалт хийхийг хүлээн зөвшөөрснөөр, түүний хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж буй.

Драм ид дундаа: Бүх асуудал түүн рүү

Ерөнхийлөгч болсноос хойш жил хүрэхгүй хугацааны дараа асуудлууд түүнийг тойрсонгүй. Бусон Илбо сонинд түүнийг Жионсо тэтгэлгийн санд хууль бусаар их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн талаарх мэдээлэл гарав. Мэдээлэл олон нийтэд ил болсны дараа олон нийт энэ санг түүний аав анх үүсгэн байгуулалцаж байсан нь ил болжээ. Хэдийгээр энэ мэдээллийн үнэн мөн нь тогтоогдоогүй ч олон жил үргэлжлэх шүүмжлэлийн эхийг тавьсан юм.

Пак Кын Хэ төрийн тэргүүн болсны дараа хамгийн түрүүнд түүний намынхан нүүр буруулсан. Сенури намын ҮЗХ-ны дарга Нам Гён Пил гэгч намын үзэл баримтлалыг дагалгүй, сонгуулийн сурталчилгаанд намын төсөвт тусгагдаагүй их хэмжээний мөнгө зарцуулсан, эсрэг намын гишүүдтэй ойр дотны харьцаатай зэрэг шүүмжлэлийг түүний эсрэг хайр найргүй шидэж эхлэв. Энэ цаг мөчид бас нэг мэдээлэл гарсан нь ерөнхийлөгчийн сонгуульд дэмжүүлэхийн тулд хахууль өгсөн явдал. Тодруулбал, Сежон хотын захиргаанд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр саналыг өөрийн талд эргүүлэхийн тулд хамтран ажиллах санал тавьж, их хэмжээний мөнгө өгсөн талаар орон нутгийн хэвлэлүүд шуугиж байлаа. Энэ хэрэг олон сарын хугацаанд үргэлжилсэн ч тухайн үедээ шуугиж байсаар мартагдсан юм.

Жилийн өмнө түүнийг эсэргүүцсэн бослого 11-р сарын 15-ны өдөр болов. Жагсагчид түүнийг танилийн хүрээлэлдээ Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийг өгдөг, томоохон компанитай хуйвалдан, их хэмжээний мөнгө завшдаг талаар шүүмжлэн жагссан юм. Тухайн үедээ Сөүл хотын төв талбайд 80 мянган хүн оролцож байжээ. Жагсаалыг сөрөг хүчнийхэн болон зарим нэг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар хүч хэрэглэн тарааснаар, эсэргүүцлийн жагсаал намжжээ.

Драм дуусах дөхөв

Драм дуусах дөхлөө. Гэхдээ яг ч дуусчихаагүй байна. Прокурорын газрынхан шалгалтаа эхлүүлээд удаагүй байхад тэр парламент хэлэлцээд миний эсрэг шийд гаргавал албан тушаалаа өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Олон нийтийн шахалт шаардлага, өөрийн намынхны гадуурхал, улстөрчдийн тохуурхал түүн рүү чиглэсээр сүүлдээ түүний нэр хүнд 4 хувь болтлоо уналаа. Өмнөд Солонгосын үе, үеийн ерөнхийлөгчдөөс хэнийх нь ч нэр хүнд өмнө нь ингэтлээ дор ороогүй байсан юм. Дэлхийн удирдагчдаас ер хэнийх нь ч нэр хүнд ийм дор болтлоо унаж байгаагүй юм. Ази тивийн цөөхөн эмэгтэй удирдагчдын нэг ийнхүү сайн найзынхаа “буянаар” суудлаа алдахад ойрхон ирээд байна.

Сүр дуулиантайгаар ерөнхийлөгчийн суудалд суусан түүнийг эхнээсээ асуудлууд дагаж байсан ч улстөрчийн шийдвэр гаргасаар гурван жилийн нүүрийг үзжээ. Гэтэл тэрээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж ч чадалгүй суудлаа өгөх болоод байна. Түүнийг АНУ сайн удирдагч гэж сайшаадаг бол Япон улс түүний үед хоёр орны харилцаа илүү нягтарсан гэж үздэг. Европын холбоотой худалдааны эргэлтээ нэмэгдүүлж, Хойд Солонгостой хэд, хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суух санал хүргүүлсэнийг нь олонх олон улсын байгууллагууд магтдаг. Гэвч тэрээр уржигдар Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрээр найз, ойр дотныхныгоо юу хийж байгааг мэдэхгүй байсан нь миний буруу. Хугацаанаасаа өмнө ийн огцорч байгаагаа үүдэн сөрөг нөлөөлөл гаргахгүйн тулд парламентаас түүнийг Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх хугацааг товлосны дагуу албан ёсоор албан үүргээ хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.  

Жич: Түүний аав болох Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч Пак Чун Хэ-г солонгосчууд аугаа удирдагч хэмээн хүндэтгэдэг. Түүнийг засгийн эрхэнд байсан 16 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын эдийн засаг 20 хувиар өсч улмаар Өмнөд Солонгос хөгжлийн замдаа орсон. Тухайн үедээ Самсунг зэрэг томоохон компаниудад чөлөөтэй ажиллах боломж өгч, олон төсөл хөтөлбөрүүдийг олгож байсан нь ард иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж, улмаар түүнийг хамгаалалтын албаны ажилтан 1979 онд буудан хороосон билээ.

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • уншигч
    солонгосчууд аймаар нэхэл хатуутай юм аа
    2016 оны 12 сарын 03
Сонин хачин