• Эхлэл
  • Хойд Солонгосын нүүрсний экспортыг багасгах НҮБ-ын хориг батлагджээ

Хойд Солонгосын нүүрсний экспортыг багасгах НҮБ-ын хориг батлагджээ

2016/12/03

Лхагва гаригт /2016.11.30/ НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын дэглэмийн эсрэг шинэ хориг арга хэмжээг баталлаа.

Энэ нь өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын зохион байгуулсан тав дахь удаагийн цөмийн туршилтын хариуд авч байгаа арга хэмжээ юм.

17 хуудас хоригийн бичиг баримтыг санаачлагч АНУ, Хойд Солонгосын дэглэмийн гол холбоотон БНХАУ хоёр хэлэлцэж тохирсны дараа аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 15 орон санал нэгтэй дэмжжээ.

Уг хоригийн гол агуулга нь Хойд Солонгосын нүүрсний экспортыг хязгаарлах замаар цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх сурвалжийг хаах явдал байлаа.

Ингэснээр Хойд Солонгосын жилд экспортлох нүүрсний хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс $400 сая буюу 7.5 сая тоннд хязгаарлаж байна. Хориг хэрэгжсэнээр Пьёньяний дэглэмийн $700 орчим саяын орлогыг нь хаах юм.

Өмнө нь гуравдугаар сард дөрөв дэх цөмийн туршилтын дараа гаргасан хоригт “амжиргааны зориулалттай” экспортыг зөвшөөрнө гэсэн нь нүүрсний экспортыг бүхэлд нь зөвшөөрөх цоорхой болж байв. Тиймээс энэ удаа уг цоорхойг нөхсөн явдал болжээ.

Үүнээс гадна НҮБ-ын хориг зэс, никель, мөнгө, цайрын экспортод хязгаар тавьсан байна. НҮБ-ын гишүүн орнуудыг Хойд Солонгостой шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарч ажиллахыг хоригложээ. Мөн элчин, консулаас өөр зориулалтаар үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх, дипломат ажилтны тоог хязгаарлах, дипломатч бүрт нэгээс илүү банкны данс эзэмшүүлэхгүй байхыг заасан байна.

Хар жагсаалтад 11 хувь хүн, 10 байгууллагыг нэмж оруулснаар гадаад орнуудад аялах, хөрөнгө эзэмших боломжийг нь хаажээ.

Энэ удаагийн хориг нь 2006 онд Хойд Солонгос анхны цөмийн туршилтаа хийснээс хойш авч байгаа НҮБ-ын зургаа дахь арга хэмжээ юм. Сүүлийн хоригт тавигдах нөхцлөөр АНУ, БНХАУ улсууд хоёр сар, хагас орчим хугацаанд хэлэлцсэний дараа батлагдаж байна.

Эх сурвалж: Japan Times


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин