• Эхлэл
  • ”Time” сэтгүүл Доналд Трампыг оны онцлох хүнээр нэрлэлээ

”Time” сэтгүүл Доналд Трампыг оны онцлох хүнээр нэрлэлээ

2016/12/08

Үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Доналд Трамп Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулаад байгаа билээ.

Тэгвэл Америкийн нэртэй Тайм сэтгүүл түүнийг “Америкийн тархай бутархай мужуудын ерөнхийлөгч” хэмээн тодорхойлж, 2016 оны онцлох хүнээр нэрлэсэн байна.

Америкийн NBC сувгийн Today шоун дээр энэ тухай зарласны дараа ноён Трамп тус шоуны хөтлөгч Мэтт Лауэрт утсаар өгсөн ярилцлагадаа “Тайм бол маш чухал сэтгүүл. Би тус сэтгүүлийн нүүрэнд энэ жил болон өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа гарч байсан азтай хүн” хэмээн ярьсан байна.

Тайм сэтгүүл 1920 оноос хойш жил бүрийн сүүлээр ажил хөдөлмөр, үр нөлөө, ач холбогдлоороо тэр жилдээ онцгойрсон нэг эсвэл бүлэг хүмүүсийг оны онцгой хүнээр нэрлэдэг юм.

Доналд Трамп хатагтай Клинтон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын багтсан жагсаалтыг тэргүүлж чадсан байна.

Их Британийг Европын холбооноос гаргах кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн Их Британийн Тусгаар тогтнолын намын удирдагч асан Найжел Фарэж мөн тус жагсаалтад багтсан байна. Тайм сэтгүүлийн редактор Нэнси Гиббсийн хэлснээр ноён Трампыг энэ жагсаалтад нэмэх явдал нь гарцаагүй байсан гэнэ.

Тайм сэтгүүл ноён Трампыг Америкийн улс төрийн дүрмийг дахин шинээр бичлээ хэмээн тодорхойлсон байна. Тус сэтгүүлийнхэн уншигчдаасаа оны хүнээр хэнийг тодорхойлох талаар санал асуулга явуулдаг ба эцсийн шийдвэрийг редакторууд гаргадаг.

Мөн оны хүнээр нэрлэгдэх хүмүүсийн жагсаалтад Олимпын аварга гимнастикийн тамирчин Симон Байлс, дуучин Бейонсэ, Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербэрг нар багтсан байна. 

Сонирхуулахад, өнгөрсөн жил Тайм сэтгүүл оны онцлох хүнээр Германы канцлер Ангела Меркелийг тодруулж байсан ба ноён Трамп тэр үед, “Тэд Германыг сүйрүүлж байгаа хүнийг сонгосон байх юм” гэж мэдэгдэж байжээ. Харин 2013 оны жагсаалтад багтсан хүмүүсийн нэрсийг тэрээр “тоглоом” гэж нэрлэн, Тайм сэтгүүл удахгүй сүйрэх байх гэж ярьж байсан байна.

Тайм сэтгүүлийн оны онцлох хүнээр 1938 онд Адольф Гитлер, 1939 болон 1942 онуудад Иосиф Сталин нарыг тодруулж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: Иymag

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН