• Эхлэл
  • Дилов Хутагтын шарилыг АНУ-аас авчирчээ

Дилов Хутагтын шарилыг АНУ-аас авчирчээ

2016/12/08

ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авчирчээ.Тэрбээр 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотноо таалал төгссөн бөгөөд түүний чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, нөгөөг нь   Монголд хүргэх аятай цагийг эдүгээг хүртэл хүлээж байсан гэдэг. 

Тиймээс 26 жилийн дараа түүний чандрыг эх оронд нь авчирж байгаа аж. Энэхүү хүндтэй үйл ажиллагааг Монгол, АНУ-ын Соёлын холбоо хамтран зохион байгуулсан байна. Түүний чандрыг төрсөн нутагт нь буюу Завхан аймагт нутаглуулах аж.

Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуур-ын хөвөө Баян айраг уулын өвөрт мэндэлжээ.

Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ. Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай зохиосон байна.. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр. Баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Түүнийг  1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ.  

Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна.

Энэ цуурхал харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно.

Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч- тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ.

Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

Эх сурвалж: Olloo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин