• Эхлэл
  • Ардчилсан намын даргад өрсөлдөгч-250 сая төгрөг

Ардчилсан намын даргад өрсөлдөгч-250 сая төгрөг

2016/12/13

Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэж зоригтой дуугарч байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр өрсөлдөж чадахаа больсноо мэдэгдэв. Учир нь Ардчилсан нам нэр дэвшигчдээ дэнчингийн 250 сая төгрөг урьдчилан байршуулах шаардлага тавьж, Ж.Батзандан үүнийг нь төлж хүчрэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Ардчилсан намын дарга болно гэж Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Г.Батхүү, Л.Гантөмөр, П.Цагаан, Ж.Батзандан, М.Чимэддорж нар ил тод мэдээлсэн. Ардчилсан  намын даргын төлөө өрсөлдөгчдийн энэ сарын 17 хүртэл бүртгэж, нийт гишүүдийн саналаар ирэх нэгдүгээр сарын 29-нд сонгох юм. Тэгвэл найман хүн нэр дэвшүүлээд байгаа гэхээр АН бардаагаар хоёр тэрбум төгрөг цуглуулна гэж тооцоолсон байх нь. Гэтэл “Ардын нам ч гэж юу байлаа, авдаг, өгдөг нь ч юу байлаа” гэдэг шиг нэр бүхий хэдэн хүнээс бусад нь энэ хэрийн мөнгө гаргаж чадах нь юу л бол? Жишээлбэл, намаа шинэчлэнэ гэж байгаа гуч гаруйхан настай, эдийн засагч М.Чимэддоржид ийм хэрийн мөнгө байхгүй нь тодорхой. Ингээд л АН-ын даргад мөнгөтэй “бурхи”-нуудын нэг нь болно гэсэн “таамаг” бараг биелэлээ олох бололтой. Дээр нь бас мөнгөгүйгээс хүмүүс нэрээ татах юм бол жишээлбэл 4 хүн “тунаж” үлдлээ гэхэд дэнчинг 500 сая болгож, хоёр тэрбумаа босгож магадгүй гэсэн яриа байна. Тэгэхээр мөнгөгүй залуус bye bye.   

Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр  ч ийм хэмжээний мөнгө бүү хэл одоо зарлаж буй 250 саяд хүрч чадахгүй сурагтай. Тэгэхээр Л.Гантөмөр, М.Чимэддорж цаашилбал нэр дэвшүүлж магадгүй гэж байсан арай “оюунлиг” хэсгийнхэн “арчигдаж” магадгүй нь.

Ж.Батзандан ч яах вэ, бас УИХ-д нэр дэвшихэд 100 сая арай ч дээ гэж “уйлагнаж” байгаад нэрээ дэвшүүлчихсэн эрхэм гишүүн. Бас ч хоосонгүй гэгчээр дэнчингийн хэмжээ ядаж 100 сая төгрөг байвал төлчих шинжтэй байгаа сурагтай. 100 сая төгрөг ч бас л хатуухан мөнгө. Ямар сайндаа л “100 сая төгрөг Энх-Эрдэнэ /Авьяаслаг Монголчууд шоуны ялагч/-д байдаг байх” гэсэн хошин яриа “Энх-Эрдэнэ одоо 150-хан сая төгрөг олчихвол Ардчилсан намын даргад “үзэж” болох л юм” гэж өөрчлөгдөөд байх вэ дээ? Одоо “мөнгө”-тэйгээрээ Л.Болд, С.Эрдэнэ, Г.Батхүү гурвын нэг нь л дарга болох юм болов уу даа.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна