• Эхлэл
  • Шинэ ерөнхийлөгч, шинэ нэрс

Шинэ ерөнхийлөгч, шинэ нэрс

2016/12/16

Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө америкчууд шинэ ерөнхийлөгчөө өлгийдөн авсан нь Дональд Трамп. Сем авгын эх оронд ерөнхийлөгч гэх албан тушаал үүссэнээс хойш түүнээс өөр ийм баян хүн ерөнхийлөгч болж байсангүй. Мундаг том бизнесийн магнатууд хэд, хэдэн удаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан ч түүн шиг ялалт байгуулсан нь үгүй. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч өөрийнхөө кабинетийг эхнээсээ бүрдүүлж эхэллээ. Чөлөөндөө гарсан генералууд, В.Путинтэй дотно бизнесмен, муж бүрийн тэрбумтнууд түүний кабинетад багтсан. Түүнийг тэртээ тэргүй үзэн ядаж байсан хүмүүс дээрх нэрсийг сонсоод улам уурсаж буй. Уур бухимдлыг төрүүлээд байгаа шинэ нэрсийг та бүхэнд танилцуулъя.

 

В.Путиний дотны анд Рекс Тиллерсон

Дональд Трамп төрийн нарийн бичгийн даргын суудалд олон хүнийг тооцоолж байсан ч саналыг нь хүлээж авсан нь Рекс Тиллерсон. АНУ-ын нэр хүнд бүхий газрын тосны компани гэгдэх “Эксон Мобил” корпорацийг 2006 оноос хойш даргалж буй тэрээр ОХУ-тай их дотны холбоотой. Бүр тодруулбал, Владимир Путинтэй анд нөхдийн холбоотой гэдгээрээ алдартай, экс ерөнхийлөгч Борис Ельциний үеэс Путинтэй нөхөрлөжээ. Тиймээс ч тэрээр Эксон Мобилийн томоохонд тооцогдох хэд, хэдэн гэрээг ОХУ-тай тохиролцож, байгуулж чадсан. Үүнээс хамгийн алдартай нь ОХУ-ын хэсэгт орших өмнөд туйлын газарт өрөмдлөг хийх 300 тэрбум ам.долларын гэрээг нэрлэж болно. Барак Обамагийн засаг захиргаа ОХУ-тай харилцаагаа сулруулж, барууны томоохон улсуудтай нэгдэн эдийн засгийн хориг тавихаар болсон нь түүний дургүйцлийг төрүүлсэн гэдэг. Тиймээс ч Барак Обамаг гадаад харилцааны хувьд тун тааруухан нэгэн гэж шүүмжилж байсан удаатай. В.Путин түүнд анд нөхрийн нинжин сэтгэлээр 2013 онд Найрамдлын медаль гардуулж байсан юм. Чөлөөт худалдааны гэрээг эсэргүүцэж, энхийг сахиулах ажиллагаанд татвар төлөгчдийн мөнгийг үрж байгааг шүүмжлэн, элдэв янзын хориг тавихийг үзэж чаддаггүй тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшээд байна.

Трампын түрийвчийг хариуцсан Стивен Мнючин

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлах сунгаанаас эхлэн Дональд Трампын сонгуулийн санхүүг хариуцан ажиллаж байсан Стивен Мнючин АНУ-ын Сангийн сайдаар нэрлэгдлээ. Хөрөнгө оруулалт, хувьцааны арилжаанд идэвхтэй оролцдог тэрээр Йелийн их сургуулийг өндөр үнэлгээтэй дүүргэжээ. Нэр хүндтэй олон санхүүгийн компанийг даргалж байсан тэрээр Холливудтай ч холбогдсон байдаг. Та бидний сайн мэдэх “Икс Хүмүүс” цуврал болон “Аватар” киноны санхүүгийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бол “Галзуу Макс” болон “Америкийн мэргэн бууч” киноны продьюсерээр ажиллаж байсан нэгэн юм. Тэрээр одоогийн байдлаар OneWest банк болон хөрөнгө оруулалтын CIT группийн 80-аас дээшхи хувьцааг эзэмшин, ТУЗ-ын даргаар ажиллаж байна.

“Галзуу нохой” Ж.Маттис

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 11 дэх командлагч, чөлөөндөө гарсан генерал Ж.Маттисийг Пентагонд эзэн суух дараагийн хүнээр нэрлэлээ. Өдгөө 66 настай тэрээр Персийн булангийн дайн, Афганистан, Иракийн дайнд оролцож, олон нийтээс “Галзуу нохой” хочийг авчээ. Улстөрийн үзэл баримтлалын хувьд Владимир Путиний баримтлалыг дэмждэг нэгэн бөгөөд АНУ-ыг эргээд ОХУ-тай харилцаагаа сэргээх ёстой гэсэн байр суурьтай байдаг нэгэн. Хэдийгээр Барак Обамагийн засаг захиргаанд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан ч улстөрийн үзэл баримтлалыг хүчтэй эсэргүүцдэг байсан юм. Дональд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад түүнийг эсэргүүцэн, АНУ-ын гадаад болон дотоод бодлого алдагдах аюултай гэж мэдэгдэж байсан ч Дональд Трампын саналыг эхний байдлаар хүлээн аваад байна.

Хашир сенатор Ж.Сешнс

АНУ-ын Алабама мужийг 1997 оноос хойш тасралтгүй улааруулан Сенатын танхимд сонгогдож байгаа Жефф Сешнсийг Д.Трамп АНУ-ын Ерөнхий прокурорын албан тушаалд нэрийг нь дэвшүүллээ. Бүгд найрамдах намын бусад гишүүдийг бодвол Дональд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэнээс хойш идэвхтэй дэмжсэн гэдгээрээ бусдаас ялгарна. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг Д.Трампыг хүчтэй шүүмжилнэ гэж харж байсан ч тэр ийм үйлдэл гаргаагүй юм. Ясны хуульч гэгдэх тэрээр 1981-1993 оны хооронд АНУ-ын Прокурорын газрын Алабама мужийг хариуцсан Өмнөд хэсгийн ерөнхий прокурорын суудал хашиж, 1995-1997 онд Алабама мужийн ерөнхий прокурорын албыг хашиж байсан туршлагатай. Алабама нутгийн залуус түүнийг Линирд Скинирд хамтлагын “Алабама сайхан нутаг” /Sweet Home Alabama/ дууг албан ёсны бус бэлгэдлийн дуу болгосноор нь андахгүй. Сенатын танхимд ардчилсан нам болон Барак Обамагийн засаг захиргааг хүчтэй шүүмжилдэг байсан тэрээр цагаачлалын талаар хатуу бодлого баримталдаг, халамжийн системийг өөрчлөн, тэтгэврийн төвшинг бууруулна гэж үздэгээрээ “алдартай”. Түүний хатуу бодлогууд алдартай гэхээсээ илүү үзэн ядагчдын хүрээллийг нэмэгдүүлжээ.

Хэний ч мэдэхгүй Райн Зинке

Дональд Трампын бүрдэх кабинетаас “хэний ч мэдэхгүй” нэг хүн байгаа Райн Зинке. Улстөрийн хүрээлэлд танигдаж чадаагүй тэрээр Дотоод хэргийн сайдаар ажиллах болоод байна. Хэрвээ түүнийг Төлөөлөгчдийн танхим дэмжвэл суудалдаа залрах нь гарцаагүй. Яг одоогоор тэр улстөрийн ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Харин АНУ-ын тусгай хүчинд алба хааж, байлдагчаас командлагч болсон туршлагатай нэгэн. Батлан хамгаалах салбарт туршлагатай тэрээр өнгөрсөн сонгуулиар эхэндээ Д.Трампыг эсэргүүцэж байсан ч сонгуулийн сурталчилгааны явцад, “Д.Трамп тааруухан ч Х.Клинтоноос илүү” гэсэн алдарт үгээ хэлж, сонгуулийн үр дүнг эргүүлсэн гэж тооцогддог. Одоогоор түүний талаар ярих зүйл үүнээс өөр алга.

Тэрбумтан В.Росс

Алдарт “Форбес” сэтгүүл түүнийг АНУ-ын тэрбумтнуудын эгнээнд оруулсан байдаг. Түүний хөрөнгө 3,4 тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулагч, банкир тэрээр технологийн болон харилцаа холбооны старт ап компаниудад хөрөнгө оруулалт хийдгээрээ алдартай. Улстөрийн үзэл баримтлалын хувьд тэрээр 1940-1990-ээд оны хооронд Ардчилсан намыг дагаж, сонгуулийн кампанит ажилд нь хөрөнгө оруулдаг байсан ч 1990-ээд оны сүүлээс эхлэн Бүгд найрамдах намыг илүүд үзэх болжээ. Тэрээр ажлынхаа гарааг Ротшильдийн компаниас эхлэн, хөрөнгө оруулалтаа босгосон бөгөөд үүнээс хойш олон улсын томоохон байгууллагуудын хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа хариуцсан зөвлөх хийж өнгөрөөсөн байна. Түүнийг урлагийн асар өндөр мэдрэмжтэй гэж үздэг. Учир нь түүний цуглуулгад дундад зуунаас авахуулаад орчин үеийн сор болсон бүтээлүүд хадгалагддаг ажээ.

Рестораны эзэн Пюздер

CKE сүлжээ рестораны эзэн гэдгээрээ олонд танигдсан Эндрью Пюздерийг шинэ ерөнхийлөгч Хөдөлмөрийн сайдаараа нэрлэлээ. Вашингтоны их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн ч бизнест нүдтэйгээ харуулж, сүлжээ ресторан эрхлэн ажиллах болсон. Түүний эзэмшдэг CKE ресторанд Хардий компанийнхан хөрөнгө оруулж, өдий зэрэгтэй болгожээ. Хуулийн чиглэлээр Вашингтоны их сургуульд суралцаж байхаасаа улстөрийн үзэл баримтлалаа тодорхойлж, улмаар Бүгд найрамдах намыг дэмжих болжээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампыг эсэргүүцсэн юм уу, дэмжсэн ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Зарим нь түүнийг Трамп-д дургүй гэж үздэг ч, зарим нь дотны анд гэдэг. Аль нь ч бай түүнийг Д.Трамд Хөдөлмөрийн сайд гэж харсан.

Төлөөлөгчдийн танхимийн Т.Прайс

Сенат болон Төлөөлөгчдийн танхимийг Бүгд найрамдах намаас төлөөлөн 19 жил Капитолын ордонд суусан түүнийг Дональд Трамп Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад нэрийг нь дэвшүүлээд байна. 1997-2005 онд Жиоржиа мужаас Сенатын танхимд сонгогдон, 2005 оноос одоог хүртэл Төлөөлөгчдийн танхимд сонгогдон ажиллаж байгаа. Сонгуульт ажил нь Төлөөлөгчдийн танхим дахь Төсвийн байнгын хорооны дарга. Эрүүл мэндийн ухааны магистрын зэрэгтэй тэрээр Мичиган мужийн эрүүл мэндийн системийг шинэчлэх хороонд мэргэжилтнээр ажиллаж байснаасаа хойш эрүүл мэндийн салбарын бодлогын талаар байр сууриа илэрхийлэх болсон. Сайн дурын Росуэль ротари клубын худалдааны танхимийн даргыг одоо хүртэл хашиж байгаа. Одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн талаар шүүмжилсэн эсвэл магтсан ямар нэгэн байр суурь илэрхийлдэггүй. Тэр ч бүү хэл Дональд Трампын талаар барагтай үг цухуйлгадаггүй нэгэн.

Трампыг шүүмжлэгч Бен Карсон

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Дональд Трамптай хүчтэй өрсөлдөж, өөрийн байр суурин дээрээ хатуу зогсон, Трампыг эсэргүүцэж байсан түүнийг шинэ ерөнхийлөгч сайдын суудалд нэрлэлээ. Түүнийг Д.Трамп Хот байгуулалт, хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн юм. Эхэндээ Трампын шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байсан ч эцсийн мөчид түүний саналыг хүлээн авсан. Тэрээр “Би ядахдаа мэддэг салбараа өөрчилж, ингэж ажиллаж чадна шүү гэдгээ Трамп-д харуулъя л даа” гэж тайлбарлажээ. Мичиган болон Йелийн их сургуулийг мэс засалч мэргэжлээр дүүргэсэн тэрээр ажил амьдралынхаа гарааг Жонс Хопкинсийн нэгдсэн эмнэлгээс эхэлсэн байдаг. Ур чадвартай мэс засалч гэдгээрээ олонд танигдсан түүний нэр хүнд салбартаа маш хурдан өссөн юм. 2013 он хүртэл эрүүл мэндийн салбартаа ажиллаж байгаад 2013 оны дундаас эхлэн эрүүл мэндийн чиглэлийн ном бичих, компаниудад зөвлөгөө өгөх ажил эрхлэх болсон.

Ази эмэгтэй Чао

Сав л хийвэл арьс өнгөний үзэл гаргачих гээд байдаг Дональд Трамп энэ удаад Тээврийн сайдад хятад гаралтай Элейн Чаогын нэрийг дэвшүүлсэн нь олны анхаарлыг татлаа. Консерватив, заримдаа социалист байр суурь илэрхийлдэг Трампын бүрдэх танхимын цөөн эмэгтэй гишүүдийн нэг. Холиког коллеж болон Харвардын их сургуулийг дүүргэсэн тэрээр бүр залуугаасаа Бүгд найрамдах намыг дэмжих болжээ. Ажил амьдралынхаа гарааг банкны хэтийн чиг хандлагыг тодорхойлох багаас эхлэж, 1983 онд Рейганы засаг захиргааны үед Тээврийн яаманд хагас цагийн мэргэжилтний ажил эрхэлж эхэлснээс хойш энэ салбартай холбогдсон. Улмаар 1989-1991 оны хооронд “эцэг” Бушийн үед Тээврийн яамны дэд сайд, 2001-2009 оны хооронд найман жил “бага” Бушийн үед Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Олон улсын хүмүүнлэгийн “Пийс Корп”-ыг 1991-1992 онд удирдаж байжээ. Салбартаа шинэ хүн биш түүнийг Трамп ч мөн адил сайдын суудалд томилох шийдвэрийг гаргаад байна.

Техасын дарга Р.Перри

Техас мужийн захиргаанд сүүлийн 30 жилийн туршид ажиллаж байгаа Рик Перриг шинэ ерөнхийлөгч Трамп Эрчим хүчний сайдад нэрийг нь дэвшүүллээ. Техасын их сургуулийг дүүргэж, улмаар сайн дураараа цэргийн алба хаасан тэрээр үүнээсээ хойш Техас мужийн захиргаанд мэргэжилтнээс, амбан захирагч болтлоо ажиллаж байгаа нэгэн. Улстөрийн үзэл баримтлалын тухай 1990 оныг хүртэл тэрээр Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд 1984 онд Техас мужийн Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намаас сонгогдож байсан удаатай. Техас мужийн Төлөөлөгчдийн танхимийн хуралдаанд эсрэг намынхан гэхээсээ илүү өөрийн намынхантай хүчтэй сөргөлдөх болж улмаар 1990 оны дунд үед Бүгд найрамдах намд гишүүнээр элсчээ. Тэрээр 1985-1991 онд Техас мужийн Төлөөлөгчдийн танимд төлөөлөгч, 1991-1999 онд Техас мужийн Хөдөө аж ахуйн хорооны дарга, 1999-2000 онд Техас мужийн дэд захирагч, 2000-2015 онд Техас мужийн 47 дахь амбан захирагчаар ажиллаж байсан юм. Техас мужийн түүхэнд түүн шиг 15 жил амбан захирагчаар суусан хүн өөр үгүй. Барак Обамагийн засаг захиргааг алгуур хөдлөлөө, хэтэрхий улстөржлөө гэж шүүмжилдэг байсан ч улстөрчийнх нь хувиар Б.Обамаг хэзээ ч шүүмжилж байгаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ямар нэгэн мэдэгдэл гаргалгүй дуугай өнгөрсөн нь одоо ч олны анхаарлыг татдаг.

Баян ДеВос

Трампын шинээр байгуулагдах засаг захиргаанд цөөхөн байгаа эмэгтэй гишүүний нэгээр Беци ДеВосыг нэрлэж болно. Трамп Боловсролын сайдын албан тушаалд түүний нэрийг дэвшүүлээд байна. Христийн шашны гүнзгийн дагагч тэрээр Мичиган мужийн их сургуулийг улстөрийн шинжлэх ухааны магистрийн зэрэгтэй төгссөн. Үүнээсээ хойш дунд сургуулиудын сургалтын системд Христийн ухаанаас заах ёстой гэсэн байр суурь илэрхийлэн, боловсролын системийг өөрчлөх талаар нийгмийн хөдөлгөөн өрнүүлж байсан удаатай. АНУ-ын алдар “Эмвей” компанийг үндэслэгч Дик ДеВостой сууснаар төсөөлж ч байсан их хэмжээний хөрөнгөнд эзэн суусан. Бүгд найрамдах намыг багаасаа дэмжиж ирсэн тэрээр 1996-2000, 2003-2005 онд хоёр ч удаа Мичиган мужийн Бүгд найрамдах намын даргаар ажиллаж байжээ.

***

        Одоогоор олон нийтэд доторхой болоод байгаа нэрс гэвэл энэ. Хөгшдийн асуудал хариуцсан яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Хөдөө аж ахуйн сайд нарын нэрс хараахан тодорхой болсонгүй. Сайдын төвшний зарим суудал тухайлбал Цагаан ордны Тамгын газрын даргад Бүгд найрамдах намын ҮЗХ-ны дарга Ринс Прибус, НҮБ дахь АНУ-ын элчинд Никки Хейли, Хүрээлэн буй орчны зохицуулах хорооны даргад Скотт Прутт, Жижиг, дунд бизнесийн хорооны даргад Линда МакМехон нарын нэрийг дэвшүүлээд байна. АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч Дуайт Айзенхауэрийн үеэс хойш хамгийн олон генерал сайдын суудалд суусан нь энэ боллоо. Одоогоор түүний шинэ кабинетад гурван генерал бий. Шинэ ерөнхийлөгчийн шинэ нэрс эхнээсээ ийнхүү тодорч эхэллээ.

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин