• Эхлэл
  • Хаалтын менежмент буюу “Эрдэнэт” машин үйлдвэрлэнэ

Хаалтын менежмент буюу “Эрдэнэт” машин үйлдвэрлэнэ

2016/12/20

Чих дүнгэнүүлсэн чимээн дунд Уранчимэг бүсгүй цогтой инээн хүдэр том жолоог нааш цааш зална.

“Ийм чимээ шуугиантай, хүнд нөхцөлд эмэгтэй хүн ажиллахад хэцүү биш үү” гэхэд тэрээр “Миний л сонгосон мэргэжил шүү дээ.

Хар залуугаасаа энэ мэргэжлийг сонгоод л хойно /хуучнаар ЗХУ/ төгсч ирээд 28 жил ажиллаж байна.

Зөвхөн би гэлтгүй үе үеийн эрдэнэтчүүд сонгосон мэргэжилдээ үнэнч. Надаас гадна олон эмэгтэйчүүд бий” гэж ярилаа.

Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цех.  

Тэнд асар том бул эргэн, дээгүүр том төмрүүд сэрийлдэж, харин хөл дээр дайвалзах сараалжин төмөр дундуур ногоон саарал шавартай ус бөмбөлөг үүсгэн урсана.

Өмнө хүүхэд ахуйдаа зурагтаар харахад яагаад ч юм бэ галт бөмбөлөг гэж төсөөлөгддөг байсан энэ сонин өнгөтэй ус бол баяжуулан хөвүүлэх аргаар шороо нунтгаас зэсийн баяжмалыг ялгаж авч байгаа байдал.

Мэдээж үүнээс өмнө хүдрийг газраас олборлох, нунтаглах гэх мэт олон шат дамжлага байгаа, түүнээс цаашаа ч олон шат дамжлага байгаа байх.

Миний зэргийн жирийн хүний ойлголт энэ. 38 жилийн өмнө анх шангаа татан 36 жил олборлолт явуулж буй, тэр цаг мөчөөс хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том төсөв бүрдүүлэгч болж байгаа Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн 6 035 ажилчдын нэг нь Уранчимэг бүсгүй.

Ажилтнуудын дундаж цалин хэд байдаг талаар Олон нийттэй харилцах албаны дарга Д.Мөнхсайханаас тодруулахад 2 100 000 орчим төгрөг гэлээ.

Дундаж нь шүү дээ, мэдээж үүнээс бага цалинтай цөөн бус хүн байлаа гэхэд хэд дахин өндөр цалинтай ч байгаа биз. Гол нь эндхийн хэнтэй ч уулзсан Эрдэнэт хэмээх их айлын нэгэн эд эс, гар бие гэдгээрээ бахархах мэдрэмж мэдрэгдэнэ.

Хуучнаар ЗХУ буюу “орос ах” нарын дэмжлэгээр байгуулагдсан энэ үйлдвэр, цаашилбал үйлдвэр дагасан хот оросуудтай холбоотой байх нь зүй. Анх үйлдвэр байгуулагдахад ажилчин, ажилтных нь 95 хувь нь оросууд байсан бол эсрэгээрээ одоо 5 хувь буюу 390 гадаад ажилтан байгаа. Энд гадаад гэж тодотгож байгааг анхаарна уу, зөвхөн Орос биш.

“Эрдэнэт” үйлдвэр Монголын талд 100 хувь шилжсэнээр ямар өөрчлөлт оров гэсэн асуулт угаасаа байгаа. Энэ талаар зарим нэг хариулт хүргэе.

“Орос мэргэжилтэн”-үүд буцсан уу

Нэг хэсэг Эрдэнэт Монголын талд шилжсэнээр бүх оросуудаа “хөөгөөд” явуулчихсан, орос гэлтгүй монгол ажилчдаа ч цомхотгож байгаа гэсэн шуугиан дэгдсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Эрдэнэт ийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлан ганц ч ажилчин ажлаас нь халж, цомхотгоогүй, хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч цаашид ч ажилчдаа халахгүй байх бодлого баримталж байгаа гэж мэдэгдсэн. Үйлдвэрийнхэн ч мөн ийм тоо баримтыг бидэнд харуулав. Мэдээж Монголын талд 100 хувь шилжсэнийх хоёр улсын хэлэлцээрийн дагуу томилогддог байсан Оросын талын захирал өөрчлөгдсөн. Гэхдээ одоо ажиллаж байгаа Орос мэргэжилтнүүдээ гэрээний дагуу ажиллуулж байгаа бөгөөд гэрээний хугацаа дууссан ч олон жил ажиллаж байгаагийн хувьд өөрсдөө гэрээгээ сунгуулахыг хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулсаар байх болно гэлээ.   

“Шилэн” Эрдэнэт

Монгол Улсын төрийн өмчит болон төсвийн бүх байгууллагууд шилэн дансанд шилжээд байхад “Эрдэнэт” хаалттай хөшигний цаана байна гэсэн нэгэн “идэвхтэй тэмцэгч”-ийн шүүмжлэлийн санаж байна уу. Үнэхээр ч энэ шүүмжлэл өрнөх үед “Эрдэнэт” санхүүгийн мэдээллээ шилэн болгох боломжгүй байж. Учир нь хоёр улсын хамтарсан үйлдвэрийн газар учраас. Харин Эрдэнэт 100 хувь Монголын талд шилжсэнээр санхүүгийн тайлангаа шилэн болгох боломжтой болжээ. Шилэн дансны мэдээллийг та “Эрдэнэт үйлдвэр ХХК”  https://www.erdenetmc.mn/ -ээс харж болно.

 

Татвар:Эрдэнэт VS Оюутолгой

“Эрдэнэт“ үйлдвэрийг Монголын талд шилжүүлснийг “цогтой” эсэргүүцэгч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

-“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлсөн мөртлөө энэ жил 20 тэрбум төгрөг төлсөн. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой компани эхний 8 сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар мөн дээр өгүүлсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Оюутолгой”, “Эрдэнэт” хэмээх хоёр том компани хоёр өөр нөхцөл байдалтай, түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр өмнө нь татварын урьдчилсан төлөлт хийсэн байсан гэж мэдээлсэн.

Энэ удаад ч мөн сэтгүүлчид дахин энэ асуултыг тавьж хариулт авлаа. Татвар төлөлтийн хувьд ч баяжмалаас гаргаж байгаа алт, зэс бусад металиудын эзлэх хувь нь ч бас ондоо. Эрдэнэт үйлдвэрийн хувьд дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5 000 ам.доллараас дээш гарсан тохиолдолд 11-16 хувийн роялти татвар, үүнээс доош бол мөн өөр татварын шатлал байдаг гэж Д.Мөнхсайхан тайлбарлалаа. Энэ талаар мөн эндээс /“Эрдэнэт үйлдвэр ХХК”  https://www.erdenetmc.mn// дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэн нэгний хэлсэн эргэлзээтэй мэдээллийг албан ёсны мэдээллийн эх сурвалжаас харьцуулах нь илүү зүйд нийцтэй болов уу?

“Эрдэнэт”-ийн шахаа

Ийм нэршил хэдийнэ бий болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. ОХУ-ын 49 хувийг худалдаж авлаа гэхэд улстөрчдийн хамгийн их эгдүүцэж байсны учир нь ч энэ гэдэг. Оросын талаас хувиа худалдаад аваад ирлээ гэхэд “Энэ бол луйвар” гэж эгдүүцэж байсан цөөнгүй хүн, яг энэ хувийг худалдаж авахаар хөөцөлдөж явсан сураг байдаг. Харин ийн Монголын нэгэн компанийн мэдэлд орж ирснээр “Төрийн юм, үнэгүй юм” гэсэн сэтгэлгээг бага ч гэсэн халж, ээдрээ, будилаантай олон “тооцоо”-г цэгцэлж байх шиг байна. Тэр тусмаа компаниа ашигтай ажиллуулахыг хүсэгч хэн ч болов Эрдэнэтийн бүх эрчүүдийн таван жилийн хэрэгцээний бэлгэвч тэргүүтнийг “шахуулах”-ыг хүсэхгүй нь тодорхой. Магад энэхүү 49 хувийн худалдан авалтыг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүсийн “эрх ашиг” ноцтойгоор зөрчигдсөн биз. Түүнээс биш худалдан авалт, хувьчлал хоёрыг ялгадаггүй УИХ-ын гишүүд болон экс гишүүн улстөрч байхгүй л байлгүй.   

Хаалтын менежмент

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Дээр өгүүлснээр албаны эх сурвалжийн мэдээллийг авах нь илүү бодьтой. Гэхдээ яг газар дээр нь очиж сурвалжлахад дандаа л илүү амттай байдгийн нэг жишээг энд өгүүлье.

Эрдэнэт үйлдвэртэй танилцах аяллын хөтөлбөрийн  “Засвар механикийн цех” гэсэн хэсэг анхандаа тийм ч сонирхол татсангүй. Явах зуур туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх нээлтийн ажиллагаа болсон тухай самбарын мэдээлэл шинэхнээрээ байна. Жаахан лавшруулбал:

-Энд “Эрдэнэт”-ийн жилийн хэрэгцээний 4500-5000 өнхрөвчөөс гадна Монгол Улсын жилийн хэрэгцээний 5000 өнхрөвчийг үйлдвэрлэх шинэ цехийг саяхан нээжээ. Товчхон хэлэхэд өмнө нь гадаадаас импортоор авч байсан зүйлээ Эрдэнэтчүүд өөрсдөө хийдэг болжээ гэсэн үг. Бидний “дуртай” мөнгөн илэрхийллээр бол өмнө нь жилдээ өнхрөвч авдаг байсан 350-400 мянган ам.доллараа хэмнэдэг болжээ. Ийн олзуурхууштай мэдээ сонсоод сэтгэл ханаад өнгөрсөнгүй.

-Энэ бол маш чухал цех магадгүй, хэтдээ Монголын анхны машины үйлдвэр болох байх гэж “Эрдэнэт” үйлдвэрийн олон нийттэй харилцах албаны залуу өгүүлэв. Энэ бол хаалтын менежментийн нэг том зорилго.

Хаалтын менежмент ээ гэж та гайхаж байна уу, мэдээж, Эрдэнэт олборлолтоо зогсоох цаг хол. Одоо тогтоосон нөөцөөр бол Эрдэнэт ойрын 30-40 жилдээ олборлолт хийнэ. Бас технологи илүү хөгжөөд ирэхээр илүү нарийвчлалтай “шүүлт” хийх боломжтой гэж нөөцөлсөн овоолго бас бий. Одоо тогтоосноор 25 км урт 10 км өргөн сунаж тогтсон орд газрын “дагуул” ордууд ч бас байж болох магадлалтай, хайгуул судалгааны ажил үргэлжилж байгаа. Гэхдээ ямар ч уурхай нээлтээ хийхтэйгээ зэрэгцэн хаалтын менежментээ төлөвлөдөг жишиг дэлхийн уул уурхайд тогтоод буй. Энэ бол зөвхөн байгалийн нөхөн сэргээлт төдий биш юм. Жишээлбэл АНУ-ын Юта мужийн 100 жилийн түүхтэй Кинокот уурхай гэхэд нэг уурхайгаас, уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай болохгүй тулд IT технологийн чиглэлийг инкубатор байдлаар хөгжүүлсэн бөгөөд уурхайн нөөц дууслаа гэхэд хэдэн үеэрээ үргэлжлүүлэн “идэх” салбараа хэдийнэ хөл дээр нь босгосон байдаг. Үүнийг жинхэнэ уурхайн амжилттай хаалт хэмээдэг билээ.   

Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн менежмент үнэхээр алсын хараатай байгаагийн нэг тод жишээ. Магадгүй өнөөдөр монголчуудыг Эрдэнэтийн зэсийн баяжмал тэжээж байгаа бол ирээдүйд Эрдэнэт нэртэй төмөр хүлэг дэлхийд тоосоо өргөж Монголыг тэжээх нь ээ, хурай хурай.

А.Туяа

  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • tt
    erdenetiig huuli busaar hulgailsan novshnuudiig burhan gesgeeh boltugai
    2016 оны 12 сарын 22
  • Sodoo
    Hurai hurai! Amnii bilegees ashdiin bileg!
    2016 оны 12 сарын 21
Сонин хачин