• Эхлэл
  • Шинэ зорилт дэвшүүллээ

Шинэ зорилт дэвшүүллээ

2016/12/22

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал /2016.12.21/ зохион байгуулагдлаа.

2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах - Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилгыг дэвшүүлэн, хэрхэн ажилласан ажлаа дүгнэж, ирэх онд ямар чиглэлээр ажиллах талаар энэ хурлаар хэлэлцлээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “2016 оны хувьд бидний зүгээс тодорхой олон ажлыг орон нутгийн төр захиргааны байгууллага, дүүрэг, хороо, иргэдтэйгээ хамтран хийгээд байна.

Мөн энэ онд Батлан хамгаалах багц хууль шинээр батлагдсан. Хоёр хууль шинээр батлагдсан, хоёр хууль шинэчлэгдэн боловсруулагдсан.

Энэхүү багц хууль гарснаараа олон давуу талтай. Жишээ татахад, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэр буюу 12 сарын хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах, цэргийн дүйцүүлэх алба, гэрээт цэргийн алба, оюутан цэргийг хуульчилж өгсөн байгаа.

Үүнээс гадна цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах сонголт бий болсон. Өнөөдрийн хуралдаанаар 2017 оныг “Хууль тогтоомжийг сурталчлах жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллахаар боллоо” хэмээн хэллээ.

Тайлант оны үйл ажиллагаагаа дүгнэхэд хурандаа Л.Батаа даргатай Сүхбаатар дүүргийн Тамгын газрын Цэргийн штаб, хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Цэргийн штаб “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ.

Мөн оны “Тэргүүний офицер”-оор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар, “Ажил мэргэжлийн аварга”-аар Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан нар шалгарлаа.

Хуралдааны төгсгөлд нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн цэргийн штабуудад үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр “Ирэх онд Улсын Их хурлаас шинээр баталсан Батлан хамгаалахын багц хуулиуд болон аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дүрмийг иргэдэд сурталчлан, хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулах хэрэгтэй.

Мөн нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд нарын 2017 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг хангаж, Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудалд үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хуулиа дээдэлж, ажлын байрны тохижилт, үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна” хэмээн дөрвөн үндсэн чиглэлээр даалгавар өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин