• Эхлэл
  • Йемений хувьсгал эцсийн цэгтээ хүрлээ

Йемений хувьсгал эцсийн цэгтээ хүрлээ

2016/12/22

Йемений иргэний дайн: Хоуситууд гэж хэн бэ? 2014-2016 он Өмнөд Йемений нийслэл гэгдэх Аденд шийтийн зэвсэгт босогч-хоуситууд нэвтрэх үүд нээгдэж, тус улсын Ерөнхийлөгч улс орноо орхин хилийн чанадад гарахад Йемений хувьсгал өөрийнхөө эцсийн цэгт хүрлээ гэж үзэж байсан.

“Арабын хавар”-аас эхлэлтэй хөдөлгөөн сүүлдээ шийт-суннитуудын шашны мөргөлдөөн болж хувирлаа.

Ерөнхийлөгч Абд Раббу Мансура Хадийн хүсэлтээр хоуситын зэвсэгт босогчдоос Йеменийн хууль ёсны засаг захиргааг хамгаалах зорилгоор Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл агаарын цохилт хийсэн байна.

Иран улс хоуситын зэвсэгт бүлэглэлийг Йеменийн “Хезболлах” гэж нэрлэсэн. Энэ бүлэглэл тус улсыг эзэлвэл Ираны хяналтад орно гэж ажиглагчид үзэж байна. Йемен улсад 25 сая хүн оршин суудаг, иргэдийн гар дээр 70 гаруй сая нэгж буудлагын зэвсэг байдаг, дэлхийн ядуу улсуудын нэг.

Улс дотроо хууль бус зэвсэгт бүлэглэлүүд олонтой. Тэдний зарим нь армийн дайчдаас ч илүү зэвсэглэл, цалин хангамжтай. Йемений баруун хойд муж буюу Саудын Арабын өмнөд хилийн дагуу оршин суудаг шийтийн нэг урсгал болох зейдитууд Йемений Ассиртэй тэрсэлдсэнийхээ шанг амсаж 1920-иод оны үед эзлэгдэж Йеменд нэгдсэн түүхтэй.

“Ансаралла” өөрийн удирдагч Абдул-Малик аль-Хоуси (түүний нэрээс “хоуситууд” гэсэн нэр томъёо гарчээ)-ийн хамт үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалж иржээ. Тэд Йемений суннитын засаг захиргаатай зургаан жилийн турш идэвхтэй бус ч дайтаж, нэг бус удаа Саудын Арабын армитай гар зөрүүлсэн удаатай. Удалгүй АНУ-ын шахалтаар “Йемений хавар” хувьсгал дэгдэж Ерөнхийлөгч Салехыг огцруулснаар армийн хүч суларч хоуситуудад “ногоон гэрэл” асчээ.

Тэд шатахууны үнэ нэмэгдсэн ард түмний бухимдал дээр дөрөөлж Йемений нийслэл Сану хотыг эзлэн авчээ.

“Ансаралла” Йемений газар нутгийг орон нутгийн Аль-Каидагаас “цэвэрлэх” ажиллагаанд оров. Хоуситууд Таизыг эзэлснээр шийтүүдийн цохилтын бүлэг Аденд бодит аюул учруулав. Аденыг хоуситуудын гарт алдахыг Саудын Араб хүсэхгүй нь тодорхой.

Учир нь тус хотын боомтыг эзэлснээр хоуситууд Саудын Араб руу дамждаг бараа материалд хяналт тавих, нефьтийн тээвэрлэлтэд саад учруулах юм. Хоуситууд Йеменийг өөрийн хяналтад оруулбал Саудын Араб 1700 км үргэлжилсэн өмнөд хилээ бүрэн хамгаалахад хүндрэл үүснэ гэж шинжээчид үзэж байна. Учир нь Саудын Арабын хилийн бүс нутагт шийтийн зейдитчууд оршин суудаг. Түүнээс гадна тус улсын нефьтээр баялаг ордууд энд оршдог.

Том хэмжээнд авч үзсэн ч Йемен-Ираны холбоо үүсэх магадлалтай. Энэ бүхнээс үүдэн Ерөнхийлөгч Хадийн хүсэлтээр шалтаглан булангийн орнуудаа оройлон Саудын Араб “агаарын цохилт” өгөхөөр шийдвэрлэжээ.

Агаарын цохилтод 100 орчим онгоц, тэнгисийн цэргийн 150 мянган алба хаагч оролцож байгаа. Цохилтод хоуситуудын бүлэглэлийн гол штабууд өртөж, дээд тушаалын гурван захирагч амь үрэгдсэн тухай “Аль-Арабия” телевиз мэдээлэв.

Тэд Хоусийн садан төрлийн хүн Абдул Халик, хээрийн захирагч Юсеф аль-Мадани, “Ансаралла”-гийн номлогч Юсеф аль-Фиши нар ажээ. Цохилтын үеэр энгийн иргэд ч олноор амь үрэгдэж, шархадсан мэдээ байна.

/Одоогоор 6,000 энгийн иргэн амь үрэгдээд байна/ Йеменд өгч буй агаарын цохилтыг Иран улс “АНУ-ын дэмжлэгтэй түрэмгийлэл” гэсэн бол ОХУ “Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, асуудлыг ард түмний өргөн яриа зөвшилцлийн замаар шийдвэрлэх”-ийг уриалж байна.

Одоогоор Йемений дотоодод болон түүний эргэн тойронд болж буй үйл явдлын цаашдын өрнөлийг тодорхойлоход эрт байна. Нэг талаас Саудын Араб агаарын цохилтыг цэргийн хязгаарлагдмал ажиллагаа гэж нэрлэн Мансур Хадийг засгийн эрхэнд эргүүлэн гаргаснаар зогсооно хэмээн тайлбарлаж байна.

Нөгөө талаас Саудын Араб, Иран улсуудын ил, далд сөргөлдөөн хэрхэн шийдэгдэхээс Йемений хямрал бага бус хэмжээгээр хамаарна гэж ажиглагчид үзэж байгаа. Хэрэв Саудын Араб агаарын цохилтоо газрын ажиллагаа болгож өрнүүлбэл Израиль Ливантай дайтсан шиг урт удаан үргэлжилсэн дайн байлдаанд хүргэж мэднэ.

Эх сурвалж: Шагдар Ганзориг


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин