• Эхлэл
  • Ерөнхий сайдын эерэг онооны эхлэл

Ерөнхий сайдын эерэг онооны эхлэл

2016/12/22

-Хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн “автор” нь Ж.Эрдэнэбат-

Монголын эдийн засгийн байдал тун эгзэгтэй хүнд үед Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудалд суусан. Түүний тэргүүлсэн Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллах нь анхнаасаа ч тодорхой байлаа. Төсвийн орлого их наядаар тасарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт үлэмж багассан нь энэ байдлыг илтгэнэ. Зарим үзүүлэлт улам дордох шинж тэмдэг ч илэрч эхэллээ.

Цаг хугацаатай уралдах шалтгаан, хямралын эрсдэлээс өрсөх шаардлага Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг угтаж авсан. Алдагдалтай төсөв, өрийн дарамттай эдийн засаг түүнд шилжиж ирсэн.

Ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом суларч, эдийн засаг агших хэрээр бизнесийн орчин хумигдах болов. Улс орны өмнө тулгараад байгаа эдгээр хүндрэл, бэрхшээлээс өөр сонголт түүний танхимд байгаагүй.

Харин сорилттой өдөр бүр нүүр тулж байгаа нь үнэн.

Тэрбээр эдийн засгийг “эмчлэх” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний тэргүүлсэн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралыг давах, улмаар тогтворжуулах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан эдийн засгийн хүндрэл Ж.Эрдэнэбатын залах Засгийн газарт томоохон сорилт болж буй.

 Түүнийг хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа Ерөнхий сайд хэмээн тодорхойлж болно. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт доройтсон ч ачааны хүндийг Ж.Эрдэнэбат үүрнэ. Тэр одоогийн уруудсан нөхцөл байдлыг өөд нь татах хэцүүхэн үүрэг хүлээсэн.

  Ерөнхий сайдын хувиар гаргаж байгаа түүний зарим шийдвэр намаа бодсон ч, засгаа харсан ч өөрийнх нь эсрэг чиглэсэн сөрөг дайралт болж байсан.

Тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан нь нийгмийн талархал хүлээсэн. Харин хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх гэсэн нь тухайн үед эсэргүүцэлтэй тулгарч байв. Үнэндээ тэр хүндрэлийг сөрж яваа Засгийн газрын тэргүүн. Тиймээс хэмнэлт, хэмнэлт, бас дахин хэмнэлтийг тэрбээр алхам тутам авч хэрэгжүүлэхээр зорьж байна.

Угтаа, тэр болгон нь олон нийтэд таалагдах, эсэх нь одоогийн хямралтай нөхцөлд эрэмбээрээ эхний асуудал биш болон хувирч байна. Үүнийг ч нийгмийн зарим хэсэг ойлгон хүлээж авч буй. Олны таашаалд төдийлэн нийцээд байхгүй шаардлагыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт эдийн засаг “хүч”-ээр тулгаж байгаа тал бий. Тиймээс богино зайны улстөржсөн, эдийн засгаа эрсдэлд түлхсэн арга хэмжээг тэр авахгүй л болов уу. Ийм үйлдэл нь эдийн засгаа улам доройтуулах эрсдэлтэйг Сангийн сайдаар ажиллаж байсан тэрбээр мэдэх хүн.

Ж.Эрдэнэбат хүлээлт үүсгээд буй мега төслүүдээ хэрэгжүүлнэ гэдгээ эртнээс мэдэгдсэн. Энэ нь Монголоос үргэсэн хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болон хүрч байна. Мөн бизнесийн орчинд итгэл төрүүлж, “уур амьсгал”-ыг зөөллөх болов. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж, “Тавантолгой”-н хэлэлцээр эхэллээ.

Эдийн засгаа уналтаас өсөлт рүү хөтлөхөд мега төслийн өгөөж их. Үүнээс гадна дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнэ ялимгүй сэргэх хандлагатай байна. Энэ нь манай  улсын экспортын орлогын 80 гаруй хувийг бүрдүүлэх зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнэ сэргэх эерэг дохио.

Хэрэв зах зээлийн үнэ одоо байгаагаас дээшилбэл өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөх боломж Ж.Эрдэнэбатын Засгийн газарт гарна. Энэ бол сайн нөхцөл мөн.

Хамгийн чухал нь, төсвийн орлогоо бүрдүүлж, улмаар ирэх онд төлөх гадаад өрийн дарамтаа сааруулахад голлох хөшүүрэг болох нь дамжиггүй. Төмөр зам болон Тавантолгойн ордыг цогцоор шийдэх нь Ж.Эрдэнэбатын Засгийн газраас шууд хамаарна. Энэ нь Ерөнхий сайдын хамгийн чухал албанд түүнийг томилсон УИХ-д 65 суудалтай МАН-аас бас шалтгаалах нь мэдээж.  

Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрын “хэтэвч” Н.Алтанхуягийн Засгийн газартай харьцуулахад тэнгэр, газар шиг хол зөрүүтэй. Ийм халаас нимгэн төрийг тэр хүлээж авсан гэдгийг дээр дурдсан.

Төсвийн алдагдлын хэмжээ энэ оны эцэст 4.3 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 18, Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 88 хувьд хүрэхээр байгааг Монголбанкны боловсруулсан тайланд дурджээ.

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан “Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр юу ч үлдээгээгүй” гэж бичсэн нь энэ. Тэрбээр бараг хагас жилийн өмнө “Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн хүндрэлтэй тулгарна” гэж анхааруулж байлаа. Энэ хүндрэлтэй Ж.Эрдэнэбатын Засгийн газар золгосон.

Хямралын үеийн Ерөнхий сайд байна гэдэг амаргүй. Түүнийг ажлаа төгөлдөр хийхэд эдийн засгийн “эрх чөлөө”, Ерөнхий сайдаа нам нь мэддэг улс төрийн тогтолцоо ч ний нуугүй хэлэхэд аргамжиж байгааг үгүйсгэхгүй.

Тэр ярихаас илүү хийхийг эрмэлздэг хүний нэг. Ийм дүр төрхийг олон нийтийн дунд Ерөнхий сайд бүрдүүлжээ. Хямралын үеийн хяслантай энэ нөхцөлд ч түүний улс төрийн карьер нь урагшилсаар байгаа. Энэ нь Засгийн газарт ирж буй эерэг онооны эхлэл. Бодит нөхцөл байдлаа нуух бус хэлж, шийдлээ нийгэмд хэлэлцүүлж, олны итгэлийг хоосон хүлээлт болгож царцаахгүйн төлөө ажиллах нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зарчим.

МАН-ын өнгөн дээр Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн санхүүгийн хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан.

Түүний хувьд улс төрийн карьер нь өгсөж яваа. Хямралтай үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат орон нутгийн амьдрал, аж байдлыг сайн мэдэх хүний нэг. Тэр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон.

Улстөрждөггүй, асуудалд тооцоо, судалгаатай ханддаж ирсэн нь түүнийг энэ цагт улам тодотгож байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн “автор” нь Ж.Эрдэнэбат. Хөтөлбөр дөнгөж л хэрэгжих гараан дээрээ ирээд байгаа. Хөтөлбөр ирэх оны турш хэрэгжих учиртай. Эдийн засгийн эмзэг байдлыг өөрчлөх гарцуудыг уг хөтөлбөрт тусгасан. Үүнийг бодитой ажил болгоход Ж.Эрдэнэбат “гол дүр” нь байх юм.

Сэтгүүлч Б.Баяртогтох. Засгийн газрын мэдээ сонин

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • lagos
    ЖААХАН БОЛОЛЦООНЫ ЮМ БИЧЭЭРЭЙ. УТАА БАЙСАН Ч БАЙГААГУЙ Ч МАНАРСАН НЭГ НОХОР ХЯМРАЛААС ГАРГАХ ЮМ ГЭНЭ. УГЭЭ ОЛЖ МООР
    2016 оны 12 сарын 27
  • kkkkk
    Хятадын өмнө өвөг дээс минь ингэж бөхөлзсөн түүх байна уу. Давхар иргэншил гэж юу яриад байна аа. Монгол хятадаас хилээс хаавал хөгжинө. Өөсрдөө үйлдвэрлэж татвараа төлнө.
    2016 оны 12 сарын 26
  • юу блоод бна даа... угаасаа үнэн битгий хэл сонирх
    сонирхол татах зүйл ч энэ монголд төдийгүй дэлхийд үгүй болсон шиг... шинэ гараа ...
    2016 оны 12 сарын 24
Сонин хачин