Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очирын “Сэтгэлийнхээ” бие даасан үзэсгэлэн Төрийн ордонд өчигдөр нээгдлээ. “Сэтгэлийнхээ” үзэсгэлэн нь зураач М.Ган-Очирын гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгээр монгол үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт сонин содон 30 орчим бүтээлээ танилцуулж байна. Зураач М.Ган-Очир нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн, БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож, олон бүтээл нь гадны үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлч юм. “Алтан-Өд” 2016 он наадмаас шилдгээр шалгарсан МУСГЗ зохиолч, яруу найрагч С.Жамьянгийн “Сарны шувуу” зохиолын зургийг зураач М.Ган-Очир зурсан бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд С.Жамьян гуай ирж уран бүтээлч бүсгүйд амжилт хүссэн юм. Үзэсгэлэнгийн үеэр М.Ган-Очиртой товч ярилцлаа.
-Таны бие даасан үзэсгэлэнгийн гол онцлог... Яагаад “Сэтгэлийнхээ” гэж нэрийдэх болов?
-Абстракт зураг уран бүтээл бол бодит зүйлийн тусгал хэдий ч хийсвэрлэл дээр сэтгэлийн гүнээс гардаг. Сэтгэлийнхээ угаас монгол үндэсний хээг абсракт хийсвэрлэлд оруулж туурвисан миний уран бүтээлийн тайлан юм.
-Үндэсний хээг өвөрмөцөөр харуулсан нь сонирхол татахуйц юм?
-Зураач хүн өөрийн оюун санаанд байгаа зүйлээ илэрхийлдэг. Зураач хүн өөрийн дотоод ертөнцтэй. Хээ бол миний хувьд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Уран бүтээлдээ хээг яаж оруулах тухай олон жил боддог байсан. Монголын үндэсний том соёлыг агуулдаг дүрслэх урлагийн томоохон төрлийн нэг. Залуу хойч үедээ монголын хээ гадны урлагийн төрлөөс ийм өвөрмөц шинжтэй, үүнийгээ сэргээж шинэчилж явах ёстой юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Цаашид улам хөгжүүлнэ гэж бодож байгаа.
-Таны уран бүтээлийн ойрын зорилтыг сонирхоё?
-ХААН банкны үзэсгэлэнгийн галлерейгаас үзэсгэлэн гаргах санал ирсэн. Ирэх тавдугаар сард үзэсгэлэнгээ гаргана гэж төлөвлөж байна. Мөн ХБНГУ-д үзэсгэлэнгээ гаргах бодол бас байна.
-Та хүүхдүүдэд хичээл зааж байгаа юу?
-“Бармаш”-д байдаг урландаа 5-9 дүгээр ангийн хүүхдүүдэд хичээл заадаг. Хүүхдүүдийг зураач болохгүй ч мэдрэмжтэй, урлаг ойлгодог болгохыг хүсдэг. Тоо, математикт сайн хүүхдүүдийн зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Баруун тархины хөгжилтэй хүүхдийн дуу хөгжмийн сонсгол, уран зургийн мэдрэмж илүү хөгжсөн байдаг. Гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд уран зураг асар их ач холбогдолтой.
Б.НАРАН


Сэтгэгдэл байхгүй байна