Малынхаа бэлчээр дээр тоглож байсан ах, дүү хоёр бяцхан хүүгийн цогцос “Чинхуа МАК” хэмээх компани ухсан нүхний ёроолоос олджээ. Арав гаруйхан настай ах дүү хоёр амьсгаа хураах эцсийн мөчдөө бие биеэ хамгаалах гэсэн байлтай тэврэлдсэн чигээр амьсгаа хураасан цогцос нь лаг шавран дундаас олдсон гэдэг. Хөвгүүд тэр үед 12, 13 настай байжээ. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гарсан энэ харуусалтай хэргийн талаар тухайн үедээ хэвлэлийн хуудаснаа мэдээлж байсан. Гэвч одоо хүртэл “Чинхуа МАК” компанийнхан эцэг, эхээс нь уучлал гуйх байтугай, үл тоомсорлон тохуурхсаар иржээ.
Тухайн үед “Чинхуа МАК” компанийн үүсгэсэн хиймэл нуурт Гурвантэс сумын жирийн л нэг монгол айлын хоёр хүү амиа алдаж, шүүх цагдаагаар хэрэг нь шалгагдаж байсан ч өнөөдөр ч гэсэн нэгэн мөр шийдвэрт хүрээгүй байгаа юм. Хөвгүүдийг сураггүй болсон даруйд аймгийн Онцгой байдлынхан эрэл хийж, гэрээс нь холгүй , малын бэлчээрт нь байх “Чинхуа МАК”-ын хиймэл нуурт унаж осолдсон байх магадлалтай тул усыг соруулж, хөвгүүдийн цогцсыг гаргаж авсан. Гэвч эцэс сүүлдээ энэ хэрэг хүүхдээ хараа хяналтгүй орхисон, “хүний” компанийн хиймэл цүнхээлд санамсар, болгоомжгүйгээс унаж нас барсан шахуу маягийн тайлбартайгаар дарагдаж хоцорчээ. Сүүлд хиймэл нуурыг шороогоор дарж булсан байсан, хөвгүүд тэнд амиа алдах үндэслэлгүй гэх шахам дүгнэлт ч гарсан сурагтай. Булсан нүхэнд хүүхэд живж амиа алдах уу гэж хэн ч эгдүүцэм яриа өнөөдөр ч Гурвантэсийнхэн ярьдаг.
Харамсалтай нь энэ 2007 онд гарсан хэрэг. Хөвгүүд амьд байсан бол өдийд эрийн цээнд хүрчихсэн байх байж. Тухайн үедээ хоёрын хоёр хүүгээ алдсан ээж аав нь шүүхэд хандалгүй л яах вэ? Хоёрын хоёр иргэний амийг алдсан хэргийг цагдаагийнхан ч шалгалгүй л яах вэ? Гэвч дээр өгүүлсэнчлэн учир битүүлэг байдлаар энэ хэрэг дарагдаж хоцорчээ. Хөдөөний холхи хүмүүс учраа олоогүй ч биз, ямартаа ч шүүхээр хэлэлцсэн боловч “Чинхуа МАК” ямар нэгэн хариуцлага хүлээгүй өнгөрсөн бололтой юм. Гэвч үрсээ алдсан эцэг эхийн шаналал хэзээ ч илаарьшихгүй нь тодорхой. Хоёр хүүгээ алдсан ээж, сэтгэл хямралын өвчтэй болж, хуулийнхны хувьд магадгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар өгөх нь тодорхой ч “Чинхуа МАК” компанийнхан энэ хэргийг дарагдуулж, үрсээ алдсан ээж, аавыг нь тохуурхсаар байвч хэрэг хэзээ нэгэн цагт тодорхой болох буй за гэж нутгийнхан нь ярилцдаг гэнэ.
Тодруулахад: “Чинхуа МАК Нарийн сухайт” хамтарсан компани нь Монгол Улсын “Монголын Алт” (МАК) ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Чинхуа” группийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2002 оны наймдугаар сард байгуулагдаж, 2003 оны 4 дүгээр сард нүүрс экспортын үйл ажиллагаагаа эхэлсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний олборлолтоо өнөөдрийг хүртэл хийж байгаа. 2007, 2008, 2009 онд “МХАҮТ”-аас жил бүр шалгаруулдаг “ ТОР 100 аж ахуйн нэгж”- ээр, 2005 онд “Тэргүүний хөрөнгө оруулагч байгууллага”-аар, 2008,2009 онуудад “Найдвартай татвар төлөгч байгууллага”-аар тус тус шалгарсан. Нийгмийн хариуцлагаа дээдлэгч компани гэж тунхаглагдсан байгуууллага гэдгийг монголчууд мэдэх байх аа. Хоёр хүүгийн амиа алдсан хэргийг тухайн үед шалгаж байгаад хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаагдсан боловч, хөвгүүдийн ар гэрийнхэн дахин шүүхт хандсанаар 2017 оны нэгдүгээр сард шүүх хурал дахин товлогдох мэдээлэл байгаа ч хэзээ шүүх хурал болох нь тодорхойгүй байна.
“Чинхуа МАК” компанийн 50 хувийг эзэмшигч “МАК” буюу “Монголын Алт” ХХК нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Н.Нямтайширын үүсгэн байгуулсан компани гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ.
ЭХ СУРВАЛЖ:Сэрүүлэг сонин. А.Ананд


Сэтгэгдэл байхгүй байна