Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр:
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүний дагуу 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон. Өмнө нь тэтгэврийг ““ХААН”” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байсан. Харин иргэд банкаа өөрсдөө сонгосноор арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм.
-Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг “ХААН” болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болно. Харин одоо 18 хувийн хүүтэй зээл авчихсан иргэд зээлээ төлж дууссаны дараа шинээр зээл авахдаа 15 хувь руу шилжинэ.
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг. Уг мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байсан. Өөрөөр хэлбэл, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн мэдээллийг хүргэлээ.
Харин өөрийнхөө "МАК", УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын "Монполимет" компанид эрх дархаа эдлүүлэн хөнгөлөлт олгоод байгаа гэсэн шуугианы талаар дараахь тайлбарыг өгчээ.
-Би та хэдэд нэг зарчим ярья. Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 41 дүгээр тогтоолтой танилц. Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй жишээ нь нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш “Монполимет” юм уу МАК-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Цаашид нээлттэй. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзлээ, бусад яамдуудаас саналаа аваад шийднэ. Яамдууд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг судалж байгаа.
-Та бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн. Монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн сайд нь өнөөдөр хувийн компанидаа Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой вэ?
-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг. Шал өөр. Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Дээр нь зөвхөн Хятадууд гэж яриад байх юм. Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм.
-Өмнөх Засгийн газрын үед 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 1500 ажилтан байна гэхээр 15 дахин өссөн байна. Ингэж нэмэгдэх болсон шалтгаан юу вэ?
-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Яагаад гэхээр газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.
-МАК компани хөнгөлөлт эдэлж байгаа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хувьд хэр ёс зүйтэй асуудал вэ?
-Та хэд өөрсдөө шүүн тунгаа.
-Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?
-Энэ компани чинь Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авья л даа. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм.
-Та тэгэхээр хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
-Зөв. Бүх компаниуд хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд МАК орно.
-Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа вэ?
-Гүйцэтгэлээрээ тооцдог юм.


Сэтгэгдэл байхгүй байна