МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх хугацаа өчигдөр 18:00 цагт дууслаа. Энэ нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын дагуу явагддаг юм. Энэ дагуу есөн хүн МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж, материалаа Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлжээ.
Нэр дэвшигч нь, дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Ял шийтгэлгүй.
Улс төрийн аль нэг намын гишүүн бус. Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай. НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр онолын мэдлэг, дадлага туршлагатай. ОНРТ-ийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх зэрэг шалгуурыг хангасан байх учиртай ажээ.
Тэгвэл уг шалгуурыг хангасан гэж үзэж нэрээ дэвшүүлсэн есөн нэр дэвшигчийн талаарх мэдээлэл цахим орчинд тарж эхэлсэн байна. Цахимаар цацагдаж байгаа мэдээллээс үзвэл, арав орчим хүн энэ суудлын төлөө өрсөлдөж байгаа аж.
Тухайлбал,
Т.Батзориг. МҮОНР-ийн ерөнхий продюсер.
Н.Болормаа. “Плей-Бой Монгол” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч. Тэрээр Хан-Уул дүүрэгт БНН-аас сум, дүүргийн сонгуульд нэр дэвшиж байсан билээ.
М.Наранбаатар. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сэтгүүлч. Өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байгаад АН-ын генсек Ц.Оюундарьд ажлаа өгсөн М.Наранбаатар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан билээ.
Л.Нинжжамц. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, сэтгүүлч. МАН-ын гишүүн асан.
Д.Цондовдорж. ММ агентлагт ажиллаж байсан, сэтгүүлч.
Н.Намхай. АИСТ телевизийн захирал асан. Цахимаар гарч байгаа мэдээллээс үзвэл, нэр дэвшигч Намхайн гэр бүлийн хүн нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан аж.
Б.Ундраа. МҮОНТВ-ийн санхүүгийн албаны дарга асан нарын нэр дуулдаж байна. Түүнчлэн Дэмбэрэл гэдэг хүн энэ суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ цахимаар зарлаад байсан. Мөн Б.Оюун-Эрдэнэ гэдэг сэтгүүлчийг мөн энэ өрсөлдөөнд оролцож байгаа гэдэг мэдээлэл байна.
Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Үүний дараа Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсгийн гишүүд холбогдох чиглэлээр ярилцлага хийж, улмаар хоёроос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулах юм байна. Ингээд Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх журамтай ажээ.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг анхных гэдгээрээ онцлог аж. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас МҮОНРТ-ийн захирал болж ирж байсан өмнөх захирал Ц.Оюундарь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN
Сэтгэгдэл байхгүй байна