• Эхлэл
  • НОЁН УУЛ:Ж.Ганбаатар шүүхийн процессыг л удаашруулж байгаа хэрэг

НОЁН УУЛ:Ж.Ганбаатар шүүхийн процессыг л удаашруулж байгаа хэрэг

2017/03/07

-Түүнээс биш Ноён ууланд хууль зөрчин лиценз олгосныг аль хэдийнэ тогтоосон гэв-

Ноён уулын гэж нэрлэгдсэн шүүхийн шатанд хоёр жил гаруй “өнжиж” маргааны шүүх хурал өнөөдөр буюу 2017.03.07-нд товлогдсон байсан боловч мөн л хойшиллоо. Мөн л гэхийн учир энэ шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан юм.

Эх сурвалжаас авсан мэдээллээр бол орон нутгийн нөөцөд авсан газрын авсан хил хязгаарыг нарийвчлан тодорхой болгох,  албан бичгийг хүсэлтэд хавсаргах гэх мэт хэд хэдэн асуудлыг тодруулах хариуцагч буюу Ашигт малтмалын газрын хүсэлтээр хойшлуулжээ.

Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн, “Ноён уулаа аврая” хөдөлгөөний Улаанбаатр дахь төлөөлөгч Ж.Ганбаатараас тодрууллаа.

-Шүүх хурал хэд хэдэн удаа хойшиллоо. Ингэж олон удаа хойшлоод байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ удаагийн хойшлуулсан шалтаг үнэндээ тун шалихгүй. Үнэндээ бол хойшлуулах хүсэл байна л гэсэн үг. “Сентерра Гоулд”-ын гүйцэтгэх захирал Казаков 2009 онд Урт нэртэй хуулийг хүчингүй болгоно, УИХ-д лобби бүлгээ байгуулна гэж хэлж байсан даа. Тэр ч ёсоор лобби бүлгээ байгуулсан. Харамсалтай нь парламент солигдож, шинэ лобби бүлгээ байгуулах, бэхжүүлэхэд хугацаа хэрэгтэй байгаа биз. Лобби бүлгээ ч байгуулсан, Уул уурхайн яамны дэргэд лобби бүлгээ дэмжих Ажлын хэсэг ч байгуулсан. Ер нь бол Ноён ууланд хууль зөрчин лизенц олгосон нь тогтоогдсон, одоо зөвхөн шүүхийн процессийг л удаашруулахыг хичээж байна.

-Өмнө нь анхан шатны шүүхээс лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан, тийм үү?

-Давж заалдаад хэрэгсэхгүй болгосон шүү дээ.  

-Тэгэхээр одоо лиценз хүчинтэй хэвээр, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Ордын 34 хувийг Засгийн газар эзэмшдэг. Үнэгүй юм гэж үгүй. Засгийн газар энэ “өр” төлөх гэж улайрч, улам л өрийнхөө сүлжээнд баригдаж байна.

А.Ану

Албан мэдээг дор дарж үзнэ үү

“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.

Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо 

ШҮҮХ ХУРАЛ:Ноён уул-цэвдгийн судалгааг хийгээгүй гэв


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна