• Эхлэл
  • Хотын дарга хэн болох вэ?

Хотын дарга хэн болох вэ?

2019/02/26

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох  НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Өмнө нь НИТХ-ын хуралдааны санал хураалтаар С.Мөнхчулуун ялалт байгуулсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаар татгалзсан.

Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд мөн л С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар өрсөлдөж буй. С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун бие даан өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.

Ээлжит бус VII хурал 11.30 цагт эхэлсэн боловч НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийн завсарлага авлаа.

Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хурал 12.30 цагт үргэлжлэхээр болов.

12.30 цаг.

НИТХ-ын хурлын танхимын гадаа Монголын худалдаачдын холбооны төлөөллүүд С.Амарсайхныг эсэргүүцэж жагслаа. Тэд эсэргүүцлийн лоозон барин түүнтэй уулзахыг хүсч байгаагаа илэрхийлж байв.

Тэдний зүгээс ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй гэжээ. "НИТХ-ын дарга байхдаа хэлсэн амандаа хүрээгүй С.Амарсайхан өнөөдөр хотын дарга болоод ард түмний төлөө ажил хийхгүй” хэмээн тэд эсэргүүцсэн аж.

13.20 цаг

НИТХ дэх АН-ын бүлэг 1 цагийн завсарлага авсны эцэст хуралдаан дахин үргэлжилсэн боловч МАН-ын бүлэг 10 минутын завсарлага авлаа. 

Хуралдаан эхлэхэд НИТХ дахь Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шалтгаанаа ирж тайлбарлах ёстой гэсэн горимын санал гаргасан. Үүн дээр санал хураалт явуулахад олонхийг дэмжлэг авч чадсангүй. Хуралдаанд оролцогчдын 18 төлөөлөгч дэмжсэн бол 25 төлөөлөгч дэмжээгүй.

НИТХ-ын хуралдааны төлөөлөгч Б.Батнасан “Ерөнхий сайд хуулийн хүрээнд саналаа хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд оролцох боломжгүй" гэсэн хариултыг өгсөн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нэр дэвшиж байгаа учраас хуралдаан даргалахаас татгалзаж, хуралдааныг НИТХ-ын хуралдааны төлөөлөгч Б.Батнасан даргалж байна.

13.26 цаг

Тооллогын комисс батлахаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч төлөөлөгчдийн зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч дахин Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа. 

Өмнөх хурлын тооллогын комиссын таван гишүүний бүрэлдэхүүнд Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нар байсан юм.

15.26 цаг

Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага авсны дараа хурал үргэлжилж байна.

Энэ үеэр төлөөлөгч Э.Бат-үүл “Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх асуудал НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. Ялангуяа Ардын нам завсарлагаа авах хэмжээгээ алдсан. Манай намаас хоёр дахь удаагаа л завсарлага авлаа. Ардын нам шиг мессежээр завсарлага авдаггүй. Хурлын даргалагч хоёр намыг хэт ялгаварлаж байна. Өнөөдрийн хурал Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэллээ. Б.Батнасан хурлыг удирдаж чадна гэж С.Амарсайхан сонгосон байх. Гэтэл Б.Батнасан юу ч ойлгохгүй байна. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн оруулсан асуудал нь хууль зөрчсөн бол заавал горимын санал оруулж санал хураадаг. Бид орон нутгийн агентлаг биш. Хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчилье. Бүлгийн дарга улс төрийн зорилгоор санал хураах гэж байгааг бид дэмжих юм уу. Бүр ичгүүргүй мэдээлэл хийдэг боллоо” гэв. Тэрбээр хурал даргалагчийг өөрчлөх горимын санал орууллаа. Хурлыг даргалагч Б.Батнасан “Дэгийн дагуу хурлыг явуулах гэж хичээлээ. Би санал хэлэх нэрс аваагүй байхад та нар дайраад байгаа. Би дэгийн дагуу удирдаад явж байна гэж бодож байна гэсэн тайлбарыг өглөө. 

Ингээд МАН-ын бүлгийн зүгээс дахин нэг цагийн завсарлага авлаа. 

Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ АН хоёр, МАН нэг удаа, нийтдээ гурван удаагийн нэг цагийн завсарлага аваад байна. 

19.30. цаг.

Санал хураалтын дүнг танилцуулав. Санал хураалтанд 45 төлөөлөгч оролцож, С.Амарсайханы төлөө 25 төлөөлөгч буюу 56,8 хувь, С.Мөнхчулууны төлөө 19 гишүүн буюу 43 хувь саналаа өгч, хүчингүй нэг саналын хуудас гарчээ.  

Нэмэлт мэдээллийг дор дарж уншина уу. 

С.Амарсайхан олонхийн санал авлаа

 


Сэтгэгдэл байхгүй байна