Хоёр жилийн турш үргэлжилж, хэдэнтээ хойшилж байгаа Ноён уулын орчимд “Сентерра Гоулд” компанид олгосон лицензийг цуцлуулах тухай шүүх хурал өнөөдөр товлогдсон боловч хоёрдугаар сарын 6-ныг хүртэл дахин хойшлуулах шийдвэр гаргажээ.
Шүүх хуралд оролцсон УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хэлснээр бол гуравдагч этгээд буюу “Сентерра Гоулд” ХХК
-Засгийн газраас улсын тусгай хамгаалалтанд авсан газрын хил хязгаарыг тогтоосон тогтоол гараагүй.
-Хүнцлийн агууламжийг судалсан судалгаа хийгдээгүй.
-Усны болон цэвдгийн судалгаа хийгдээгүй байна гэх мэт үндэслэлүүд тавьсан аж. Харин нэхэмжлэгчид эдгээр судалгааг ашиглалтын лиценз авахаасаа өмнө хийсэн байх ёстой бөгөөд энэ нь өөрөө “Сентерра Гоулд” лицензээ хууль бусаар авсан гэдгээ нотолж байна гэж үзэж байгаа аж.
“Ноён уулаа аврая” хөдөлгөөнөөс “Сентерра гоулд” олгосон лицензийг хүчингүй болгуулахаар 2015 онд шүүхэд хандсан бөгөөд 2016 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс лицензийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч хариуцагч давж заалдан дахин анхан шатны шүүхэд буцан, хэд хэдэн удаа хойшлогдоод байсан юм.
Мөн өнөөдрийн шүүх хуралтай зэрэгцээд АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууд болон тэнд байгаа эрдэмтэд нэгдээд Ноён уул түүхийн дурсгал гэсэн сэдвээр шууд онлайн хурал хийсэн байна. Өмнө нь иргэний хөдөлгөөнийхний зүгээс шүүх хуралд Засгийн газрын төлөөлөл оролцуулах хүсэлт гаргаж байсан. Энэ дагуу өнөөдрийн хуралд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Солонго оролцжээ.
Шүүх хурлыг шүүгч н.Сайхантуяа даргалж, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, "Босоо хөх монгол" төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан, Ноён уулаа аваръя төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэрэннадмид нар болон хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмагнай, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Солонго, “Сентерра гоулд”-ийн төлөөлөгчөөр Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцсон байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувь, ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг юм.
А.АНУ
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо
Сэтгэгдэл байхгүй байна